С.Амарсайхан: Налайхын замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ


2 сар

Налайхын замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэхүү бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч "Синохайдро Корпорэйшн Лимитэд" компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захиралтай төслийн арилжааны гэрээг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ үеэр "Баянзүрх дүүргийн Налайхын зам бол нийслэлийн хөгжил дэвшил, иргэд, оршин суугчдын аюулгүй зорчихтой холбоотой чухал дэд бүтцийн нэг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг зүүн бүс, зүүн аймгууд, Замын-Үүд, Чойртой холбосон ачаа болон хүн тээвэр, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой бараа эргэлтийг нэмэгдүүлэх гээд асар өндөр ач холбогдолтой зам. Нийслэлчүүд өвөл, зунгүй Горхи, Тэрэлж, Цонжинболдогийн аялал жуулчлалын газруудаар явдаг. Монгол Улсад жилдээ ирдэг 600,000-700,000 гадаад дотоодын зочид бүгд энэ замаар зорчдог. Аюулгүй байдал асар хүнд нөхцөлд байна. Иймээс Налайхын замыг яаралтай шинэчлэх ажлыг зохион байгуулах ажил анхаарлын төвд байсаар ирсэн.

Засгийн газар нийслэлээс шаардлагатай арга хэмжээг авч, замын ажлын гүйцэтгэгч "Синохайдро Корпорэйшн Лимитэд" компанитай зам засварын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлж, 2019 ондоо багтааж бүрэн ашиглалтад оруулах гэрээг өнөөдөр үзэглэж байна. Замын ажилд орон нутгийн иргэд, ажилчид туслан гүйцэтгэгчээр оролцох боломжтой. Ингэснээр иргэдийг орлоготой, ажилтай болгох юм. Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байна. Зурагт нь өөрчлөлт оруулж явган хүний болон дугуйн зам хийхээр шинэчилж бэлэн болсон учир бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх боломж бүрдлээ. Энэ жилийн сүүл гэхэд Налайхын зам ашиглалтад орсноор хотын ирээдүйн хөгжлийн суурь тавигдаж байгаа гэж ойлгож болно" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү