МУГТ П.Орхон барилдах эрхээ 4 жилээр хасууллаа


5 жил

Өнгөрсөн 2018 оны намар Индонезийн Жакарта, Палембанг хотуудад болсон Ази тивийн зуны спортын XVIII наадмын үеэр МУГТ П.Орхон допингийн шинжилгээнд бүдэрсэн. Уг нь тэрээр тус наадмын чөлөөт бөхийн 62 кг жинд түрүүлж, аваргын алтан медалийг энгэртээ зүүсэн ч ердөө 2 өдрийн дараа шинжилгээний хариу эерэг гарч тодорхойгүй хугацаагаар барилдах боломжгүй болоод байсан юм.

Улмаар түүний Б сорьцын шинжилгээний хариу мөн эерэг гарсан бөгөөд Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо(UWW)-с саяхан түүнд шийтгэл өгч 4 жилээр барилдах эрхийг нь хасжээ. Тамирчны замналынхаа оргил үеийг нэгэнт эхлүүлээд байсан П.Орхоны хувьд “Допингийн төрлийн бодис хэрэглээгүй, хэн нэгний арга мэхэнд унасан” гэж байсан ч харамсалтай нь түүний 4 жилээр барилдах эрхийг хасжээ. Ингэснээр П.Орхон 2022 оны 9-р сарын 19 хүртэл барилдах боломжгүй болж байна.

Энэ жил 26 настай П. Орхон 2017 оны ДАШТ-нд түрүүлж, Ази тивийн АШТ-ээс алт мөнгөн медаль, Иван Яригины нэрэмжит алтан гранпри тэмцээнээс гурван алтан медаль хүртсэн зэрэг олон өндөр амжилтыг сүүлийн 4 жилийн хугацаанд үзүүлээд байгаа юм.

Хэдийгээр түүнд холбогдох допингийн хэрэгт  Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо шийтгэл оноосон ч урт хугацааны шийтгэлийг эсэргүүцэх, шийтгэлийн хугацааг багасгах боломж байгаа. Өөрөөр хэлбэл П.Орхонд Олон улсын спорт арбитрын шүүх(CAS)-д давж заалдах эрх нээлттэй байгаа билээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү