С.Баярын пацаан зугтаж, Х.Баттулгын пацаанууд гэтсээр...


6 жил

Оюутолгойн гэрээнд гарын үсэг Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт хэмээх нөхөр өдгөө хилийн чанадад гавьяаныхаа амралтыг эдэлж яваа билээ. Тэрээр “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны эзэн Ц.Түмэнгэрэлийн гарт харамсалтайгаар нас барсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга агсан Д.Бадраагийн төрсөн ах бөгөөд тухайн үед бүгдээрээ өрөвдөж хайрлаж явсан Д.Зоригт нь С.Баярын фракцийн үнэнч цэрэг юм.

Үнэнч цэрэг гэхийн учир түүнийг С.Баяр Оюутолгойн гэрээнд өөрийн талын хүнээр ашиглахаар 2009 оны Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн нөхөн сонгуулиар УИХ-д оруулж ирсэн. Улмаар Эрдэс баялаг эрчим хүчний сайд болгож суга дэвшүүлсэн.  

Ингээд С.Баярын тушаалаар С.Баярцогттой нягт хамтарч Оюутолгойн гэрээг бэлтгэсэн. Учир нь, Сангийн сайдаар ажиллаж байсан АН-ын С.Баярцогттой МАН-аас нэн тэнцэхүйц санхүүгийн боловсролтой, басхүү С.Баярын үгийг үг дуугүй дагадаг хүн нь Д.Зоригт байсан юм.

Улмаар С.Баярцогт, Д.Зоригт нар хамтран Оюутолгойн гэрээг боловсруулж С.Баярын хамтаар гарын үсэг зурснаар дэлхийд данстай Оюутолгой хэмээх том орд Монгол Улсад ашиг муутай үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Оюутолгойн гэрээнд Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт болон Нүүрс хөтөлбөрөөр торны ард нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн Байгаль орчны сайд Л.Гансүх нар гарын үсэг зурсан агаад эдгээрээс одоо Д.Зоригт л ганцаараа хилийн чанадад нэг ч удаа Оюутолгойн гэрээний асуудлаар байцаагдаж шалгагдахгүйгээр явж байна.

2012 оноос хойш 4 жил хил чимээгүй байсан Д.Зоригт өнгөрөгч 2016 оны сонгуулиар өмнө нь өөрийг нь сонгож байсан Чингэлтэй дүүргээс дахин сонгогдохоор хилийн чанадаас ирж тус дүүргийн иргэдийг их хэмжээний мөнгөөр “тансаглуулсан” ч амжилтыг эс олсон. Ингэхдээ өөрийн фракцийн “сайн ах” Сү.Батболдын бизнесийг дэмжиж, чингэлтэйчүүдийг “Чингис” зочид буудалд 300 сая төгрөгөөр баярлуулсан бөгөөд дахин сонгогдож чадаагүй учраас дахиад хилийн чанадыг зорьсон. Гэхдээ энэ удаад тэр хэсэгтээ ирэхгүй биз. Ичээнээсээ гарч 2020 оны сонгуулиар үзэгдэхгүй нь ойлгомжтой. Учир нь Оюутолгойн гэрээний асуудал ид яригдаж, үүнийг хийсэн хүмүүст хуулийн хариуцлага тооцож байна. Тиймээс мань хүн 4 жилийн давтамжтай ирдгээ бүр болих шинжтэй. Нэг ёсондоо С.Баярын “пацаан” ингэж “зугтаж” байна. Харин Төмөр замын хэрэгт Ерөнхийлөгч Х.Баттулгын хамтаар нэр холбогдсон “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат,  “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нар хилийн чанад руу зугтаж, Интерполийн хар жагсаалтад орсон ч энэ жагсаалтаас хасагджээ. Хасагдсан хугацаа нь Х.Баттулга Ерөнхийлөгч болохтой давхацсан. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед үндэсний дайснаар шахуу нэрлэгдэж байсан хүмүүс тун удахгүй хил даван орж ирж нэрээ цэвэрлэж авна. Ингэж л эрх мэдэл, албан тушаалын сургаар зарим нэг нь зугтаж байхад зарим хоёр нь гэтдэг нь Монголын улстөрийн өнөөгийн дүр төрх гэлтэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү