АН 2020 оны сонгуульд бэлдэж хамгийн сайн ажиллаж байгаа 2 сайдыг сугалахыг оролдож байна


6 жил

Ардчилсан нам 2020 оны сонгуульд ялалт байгуулах улстөрийн зорилтынхоо хүрээнд Засгийн газрын ажлыг нураахыг хүсэв. Тиймдээ ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн сайн ажиллаж байгаа хоёр сайдыг сугалахыг хичээж байна. АН-ын зүгээс асуудлыг тал бүрээр тавьж одоо Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарыг сайдын албан тушаалаас буулгах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсноо мэдэгдлээ.

Ч.Хүрэлбаатарын хувьд Сангийн сайдаар маш сайн ажиллаж байгаа бөгөөд түүн шиг энэ албанд тохирох хүн байхгүй. Зарим хүмүүсийн зүгээс Ч.Хүрэлбаатар шиг Сангийн сайдын албан тушаалд тохирох хүн ойрын 10 жилд төрөхгүй гэж үзэж байгаа бол Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хувьд Д.Лүндээжанцангийн хамтаар УИХ-д тасралтгүй 8 удаа сонгогдсон ясны улстөрч, хуульч хүн билээ. Түүн шиг Хууль зүйн яамыг сайн толгойлоод явах хүн туршлагатай хүн байхгүй гэхэд буруудахгүй.

Энэ хоёр сайдын хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайн ажиллаж, нийгэмд тулгамдаад буй хууль эрх зүйн, эдийн засгийн олон чухал асуудлыг цэгцэлж байгаа. Энэ янзаараа 2020 онд томоохон үр дүн гарах нь ч тодорхой. Мэдээж ингэж үр дүн гарсан тохиолдолд МАН дахиад ялалт байгуулах учир АН УИХ-д олонх болохын тулд Засгийн газрын ажлыг нураахыг хүсч байна. Аль болох улстөрийн нөхцөл байдлыг хурцатгаж ажлыг нь хийлгэхгүй байх нь тэдэнд ашигтай бөгөөд албан тушаал авч л байвал улс орон, ард түмэн яах нь хамаагүй бололтой.

Ингээд АН-ын зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан шаардлагын хариуг хүргэе. Дашрамд дурдахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах үндэслэлгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.

УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газарт хандаж ирүүлсэн “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцав 

  1. Албан бичигт дурдсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрийн ах болон туслах, зөвлөхийн оролцоотойгоор “Хотгор шанага”-ын уурхайг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдэд худалдсан, уг асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх асуудал нь эцэслэн шалгагдаж, гэм буруутай нь тогтоогдоогүй байна. Мөн татвараас чөлөөлсөн, хөнгөлөлт үзүүлсэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж төсвийн орлого бууруулсан, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох зорилгоор төсвийн зарлага нэмэгдүүлэх зэргээр Төсвийн хуулийн 6.2.5 дахь заалтыг зөрчсөн гэх асуудал нь Улсын Их Хурлаас баталсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу хийгдсэн ажил болно. Түүнчлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох арга хэмжээ нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээг бөгөөд энэхүү арга хэмжээг төсөвлөгдсөн орлогоор санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1-д зааснаар Засгийн газар үйл ажиллагааныхаа талаар хамтын хариуцлага хүлээдэг тул дээр дурдсан асуудлаар Сангийн сайдыг Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. 
  1. Мөн албан бичигт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэх, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгох зэргээр хууль бус үйлдэл удаа дараа гаргасан гэх асуудлууд нь хууль, хяналтын байгууллагаар шалгагдаагүй, Эрдэнэт үйлдвэр “Жаст” ХХК-д баталгаа гаргасан асуудалд сайд Ц.Нямдорж ямар ч оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэж заасан тул гэм буруутай нь шүүхээр эцэслэн нотлогдоогүй асуудалд холбогдуулан Засгийн газрын нэр бүхий гишүүдийг албан тушаалаас нь огцруулах хууль зүйн үндэслэлгүй гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү