С.Баяр эцсээ хүртэл Оюутолгойн гэрээг сайн болсон гэдэг байр сууриа хамгаалахаар шийдсэн бололтой


6 жил

С.Баяр тэртээ 2009 онд дэлхийд эхний 5-д багтах, Монголын хамгийн том орд газрыг ашиглах  Оюутолгойн гэрээг байгуулсныхаа дараахан гэв гэнэт Ерөнхий сайд болон МАН-ын даргын албан тушаалаа өгч АНУ-ыг зорьсон. Монголын улстөрийн ноён оргилд гарчихсан байсан хүн яагаад ийм шийдвэр гарган улстөрөөс хөндийрсөн нь сэжигтэй ч өвчний улмаас гэдэг. Уг нь С.Баяр шиг амбицтай хүнд Ерөнхийлөгч болох бодол байсан байх. Түүнтэй өрсөлдөх хүн ч байгаагүй. Гэвч Оюутолгойн гэрээнээс хангалттай авснаас болсон уу, аль эсвэл улстөрөөс залхсан уу гэнэт л бүгдийг хаяад явсан. Мэдээж олон жил улстөрд байсных Ерөнхий сайд болон МАН-ын даргын албан тушаалаа Сү.Батболдод чамгүй үнээр зарчихаад явсан гэх явган яриа байдаг.    

С.Баяр хахаж цацсан их мөнгөтэй болсноо харуулж АНУ-д маш үнэтэй 7 хаус худалдан авч мөнгөө угааж бас эргэлдүүлсэн байдаг. 2013 оны эхээр С.Баярцогтын оффшор илрэнгүүт, оффшор найдвар муутай юм байна, хожим асуудал болно гэдгийг С.Баяр тооцоолоод мөнгөө хаус болгосон нь энэ.

С.Баярыг улстөрөөс явахад нөлөөлсөн бас ар талыг нь сайн дааж байсан түүний АН-д холбоотон, МАНАН-гийн нөгөө толгойлогч Ц.Элбэгдорж буухтай зэрэгцэн С.Баярыг барьж хорилоо. Өдгөө 43 хоног хоригдсоныхоо дараа сайд нарын II дугаар эмнэлэгт хэвтлээ. Уг нь мань хүн 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж л байсан.

Өмгөөлөгчөөрөө дамжуулан биеийн байдал эрс муудсан, тулай өвчин, багтраа нь сэдэрсэн, алхаж чадахаа больсон ч батлан даалтад гарах хүсэлгүй байгаа гэх мэтээр төлбөртэй болон төлбөргүй мэдээ бичүүлж өрөвдүүлэх тактикдаа орсон. Монголчууд бид уужуу хүмүүс, ямар ч буруу зүйл хийсэн бай нулимс дуслуулаад л уучилдаг ард түмэн гэдгийг хашир бурхи С.Баяр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тийм ч болохоор энэ тохирсон тактикт шилжив.

Гэхдээ мань хүн эцсээ хүртэл Оюутолгойн гэрээн дээр өөрийн байр сууриа хамгаалж, сайн болсон гэж зүтгэсээр байна. Угаасаа Оюутолгойн гэрээг муу болсон, би буруутай гэвэл хаашаа ч хөдлөх аргагүйгээр гэмтэн больж, үлдсэн насаа шоронд өнгөрөөх тул ингэж өөрийн байр сууриа хамгаалахаас өөр яахав. Ингэхдээ өөрийн эрүүл мэндээрээ дэнчин тавьж байгаад Оюутолгойн гэрээн дээрх байр сууриа хамгаалж байна. Олон нийтийн зүгээс түүнийг хулгайлсан эд хөрөнгөө буцаагаад өгчихвөл уучилж болох юм гэх санаачлагыг гаргаж байгаа ч С.Баяр хэзээ ч тэгэх хүн биш. Бас ингэхийг зөвшөөрвөл өөрийгөө гэм буруутан гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Нөгөө талаас төрд өдий олон жил зүтгэчихээд энэ хэмжээний юм авах ёстой, бусад нь аваад болоод байхад би яагаад болдоггүй юм гэх бодол түүнд бий бололтой. Ямартай ч, С.Баяр хүчтэйгээ харуулж шоронгоос эмнэлэгт очлоо, одоо дараа дараагийн алхмууд хэрэгжиж, өшөө авалтууд хийгдэх нь тодорхой. Үүнийх нь үр дүнд Монголын улстөрийн нөхцөл байдал хурцдаж, ард түмэн л зовох байх даа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү