Чингис хотод нарны цахилгаан станц барина


6 жил

Хэнтий аймгийн төв Чингис хотод нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан станц барихаар судалгааны ажил хийж эхэлжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр Японы талын хөрөнгө оруулагчид болон тоног төхөөрөмж нийлүүлэгч Дани улсын төлөөллүүд, Монголын талын гүйцэтгэгч ICO компанийн удирдлагууд өнөөдөр Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай уулзаж ажлаа танилцуулсан байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр түлшээр дулаан үйлдвэрлэхийг зогсоож, нарны энергийг ашигласнаар айл өрх, албан байгууллагууд найдвартай дулааны эх үүсвэрээр хангагдах бөгөөд агаарын бохирдлоос хамгаалах давхар ач холбогдолтой юм.

Уг ажлын хэсгийн анхны тооцоо судалгаагаар нийт ашиглаж байгаа дулааны 10-80 хувийг нарны эрчим хүчээр солиход 15-80 сая доллорын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Энэхүү хөрөнгийг Японы талаас удаан хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалт хийх боломжтой юм байна.

Монгол, Япон, Данийн хамтарсан ажлын хэсэг Чингис хотод хоёр хоног ажиллаж Эрчим хүчний зохицуулах зөвлөл, “Хэнтий ус” ХХК, Статистикийн хэлтэс, “Оч манлай” уурын зуух зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзаж холбогдох мэдээллээ авахаар төлөвлөжээ. Тэд ТЭЗҮ-ээ нарийн хийсний дараа аймгийн удирдлагуудад дахин танилцуулж, эдийн засгийн хувьд үр ашигтай, технологийн хувьд тохиромжтой байвал нарны цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэхээр болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү