Авто замын өргөтгөл шинэчлэлд 51,4 тэрбум төгрөг зарцуулна


6 жил

2018 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвөөр 412.4 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөснөөс 51.4 тэрбум төгрөгийг авто замын салбарт зарцуулна гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газар мэдээлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн дүүргүүдэд 34 төсөл арга хэмжээ хэрэгжихээр болжээ.

Үүнд ээлжит зам засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, гол болон туслах замуудын шинэчлэлийн ажил багтсан гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газар мэдээлж байна. Үүнээс хотын түгжрэлийн гол цэг болсон Бага болон Их тойруугийн төвлөрлийг сааруулах зорилгоор III тойруугийн төслийн ажлыг эхлүүлэх болсон нь хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдохоор байгаа юм.

Энэ нь Хайлаастын уулзвараас зүүн тийш Дарь эх хүртэл Сэлбэ гол дагуу 6.3 тэрбум төгрөгийн өртөгтэй замын ажил ажээ. Энэхүү чиглэл цааш Шархад хүрч, тэндээс Богд уулын арын замтай нийлнэ гэж төлөвлөсөн байна. Мөн Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшнийх болгоно гэж тусгасны дагуу давхар гүүрэн гарцын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлууд давхар хийгдэнэ гэж мэдээллээ.

Үүнээс гадна дугуйн замын дэд хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн зүүн талд байрлах нохойтой хөшөөний уулзвараас X хорооллын “Гермес” төвийн уулзвар хүртэл Нарны зам дагуу дугуйн замын ажил хийгдэхээр болжээ. Эдгээр ажлыг газар гэсэх үеэр буюу дөрөвдүгээр сарын нэгнээс эхлүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү