"ТИЙН УНЖЛАГАТ" хэмээх шороон нохой жилийн мөр гаргах зурхай


6 жил

   XVII жарны 32 он буюу есөн улаан мэнгэтэй “Тийн унжлагат” хэмээх шар нохой жил нялх хөгшдөд ширүүндүү, залууст амгалан сайхан байна гэж зурхайн зурлагад тэмдэглэжээ.


Тоолол: 17-р жаран 32 он
Төвд тоолол: 2145 он
Билгийн хоногийн тоо: 354 бөгөөд илүү саргүй ердийн жил
Жилийн өнгө: Шар Нохой
Эхлэх өдөр: Хаврын эхэн сарын шинийн нэгэн буюу 2018.02.16
Дүүрэх өдөр: Өвлийн адаг сарын битүүн буюу 2019.02.04
Ёгт нэр: Төвдөөр “Тийн унжлагат”, Нангиадаар “Вү Сүй”, Самгардиар “Виламва”
Мэнгэ: 9 улаан
Суудал: Шороо

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн өнгө

Энэ жил саад тотгор багатай, үр тариа, өвс ургамал дэлгэрнэ. Зарим үед хур саатаж хомсдох тал бий. Хавартаа бол хатуу, салхи ихтэй, мал аж ахуй бага зэргийн хүндрэлтэй. Нялх хөгшдөд ширүүндүү, залууст амгалан байна. Түшмэдүүд хууль дүрмийг эмх цэгцтэй сахиулна.

Жил солигдсоноор засал хийлгэхийн тухайд

17-р жаранд нэгээс 100 хүртэл хүмүүс насалж байна. Энэ насны хугацаанд 19, 25, 37, 40, 50, 60, 70, 80, 90 гэх мэтчилэн туулдаг. Орчлон хорвоод төрөх, өвдөх, өтлөх, үхэхийг хүн гэдэг амьтан заавал эдэлдэг далай юм.

Хүн өөрөө хэзээ юу ирэхийг мэддэггүй. Хэл аманд орж, ажил үйлс бүтэмжгүйдэж, цус харваж, өвдөж л байдаг. Тийм учраас хүмүүс аюулаас сэргийлж, надад нэг ийм юм байж магадгүй учир үүнийгээ засаад сэтгэл санаа, оюун билэг, бие махбодоо ариусгаж, сайн сайхан бодол сэтгэлтэй байя гэж засал хийлгэнэ.

Орчлонд 404 өвчин, 360 ад дон, 81 тотгор, цаг усны 18 үхэл, 8 аюул болон 6 сав 32 лагшин байдаг. Жилийн эргэлт өвөл хавар, салхи шуурга гэх мэтчилэн олон хүчин зүйлсээс шалтгаалж мэнгэ голлох, суудал өнцөгдөх, жил орох, хийморь унах гэхчлэн асуудал бий болдог. Тухай бүрт нь хүмүүс засал хийлгэдэг.

Тэрнээс биш хийд хүнийг хүрээд ир, заслаа хийлгэ гэдэггүй. Энэ нь шашин шүтлэг, сүсэг бишрэлтэй ихээхэн холбоотой. Ирэхгүй байсан ч хийд, лам нар хуралдаж л байна.

Зурхайн зурлагын тухай

Энэ нь цаг хугацааг минут, секундээр зааж гаргадаг цаг тооны бичиг юм. Өөрөөр хэлбэл дэлхийн амьсгал хаана явж байна, аль урьтад явж байна гэдгийг тоогоор тооцоолон гаргахыг л зурхайн зурлага гэдэг. Үүнээс үүдэж ирээдүйг урьдчилан таамаглах боломж бүрддэг. Нэг жаран яваад, нэг жаран эхэлдэг. Дэлхийн эргэлтэд, тухайн жилд хүмүүст ямар үйл явдалтай жил байх бол гэдгийг их мэргэд тооцоолж гаргадаг. Энэ бүхэн зурхайн зурлагатай холбоо хамааралтай.

Мөр заавал гаргана гэсэн ёс байхгүй

Сайн, муу дөрвөн зүг байдаг учраас цагаан сарын шинийн нэгнээр хийморийн зүг гарч, буян үйлддэг Монголчуудын уламжлалт зан үйл юм. Мөр гаргах нь хувь хүний сэтгэлийн асуудал учир заавал мөр гаргах ёстой биш. Өөрөө өөрийгөө ариусгаад, энерги авлаа гэж бодох хүмүүс мөрөө гаргах нь зөв.

Нар ургахаас өмнө мөр гаргах газраа очсон байвал зохино

Нохой жилийн шинийн нэгэн баасан гарагийн шаргачин туулай өдөр тохиож байгаа бөгөөд нар 8 цаг 25 минутанд мандана. Нар ургахаас өмнө мөр гаргах газраа очсон байвал зохилтой. Мөр гаргахдаа малгай, бүсээ биедээ авч аль болох шинэ хувцсаа өмсөж товчоо заавал товчлоорой. Таны суусан хөлөлөөс шалтгаалан доорх зүгт мөрөө гаргаж, дурдсан тарнийг уншуулбал зохино.

 Суудал Хүйс Төрсөн он Гарах зүг, унших тарни, дом
Гал Эр 1906,1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Зүүн урд буюу цог хийморийн зүгт гарч “Ум базар пад дагийни хум мама бизъяа суухай” тарнийг7-21 удаа уншаад зүүн хойд зүгт гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяад урд зүгээс ирнэ. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Намсрайн хишиг даллага авхуулж, Гонгор тахиулаарай.

Эм 1902, 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014
Шороо Эр 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Баруун зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум бадма дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгт чулуу, шороо, модны үртэс цацаад баруун урд зүгээс ирнэ. Сундуй, Санжид зэрэг ном уншуулж, Намсрайн хишиг даллага авхуулж Гонгор тахиулаарай.

Эм 1903, 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015
Төмөр Эр 1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Баруун урд зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум раднаа дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гаргаж хаяад баруун зүгээс ирнэ. Гомбо, Догсом, Цагаан шүхэрт зэрэг ном айлтгуулж, Далх тахиулаарай.

Эм 1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016
Огторгуй Эр 1903, 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

Зүүн хойш цаг хийморийн зүгт гарч “Ум пагма дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүг буюу буян хишгийнхээ зүгээс ирнэ. Банзрагч, Санжид зэрэг ном уншууж, Намсрайн хишиг даллага авхуулж Гонгор тахиулаарай.

Эм 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
Ус Эр 1902, 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Зүүн урд буюу амин зүгтээ гараад “Ум гарма дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд буюу буян хишгийнхээ зүгээс ирнэ. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуулаарай.

Эм 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Уул Эр 1909, 1957, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1941, 1989, 1997, 2005, 2013 Баруун зүгт буй эмийн зүгтээ гараад “Ум будда дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад урд зүгийн ууланд үртэс, шороо, чулуу хаяад зүүн хойд буюу буян хишгийнхээ зүгээс ирнэ. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуулаарай.
Эм 1907, 1955, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011
Мод Эр 1908, 1956, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1940, 1988, 1996, 2004, 2012

Хойд цаг хийморийн зүгтээ гараад “Ум базар дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгт мод, шүдэнз хугалж хаяад зүүн зүгээс ирнэ. Сундуй, Цанжид, Гомбо, Чойжоо, Лхам тахиулаарай.

Эм 1908, 1956, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1940, 1988, 1996, 2004, 2012
Хий Эр 1907, 1955, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

Урд цаг хийморийн зүгтээ гараад “Ум базар пад дагийни хум мама бизъяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд зүгт цаас урж салхинд хийсгээд зүүн урд буян хишгийнхээ зүгээс ирнэ. Лхам, Ширнэн зэрэг ном уншуулаарай.

Эм 1909, 1957, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1941, 1989, 1997, 2005, 2013

Арван хоёр жилтний суудал, тэдгээрийн засал

                       

  Хулгана жилтнүүд мөнгө нилээд олох ч болгоомж сэрэмжтэй бай

Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн их ажиллахын зэрэгцээ сайхан амарч сур. Мэдээж сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд заавал цаг гарга. Гэрлэсэн хосууд хүүхэдтэй болохоор төлөвлөж болно. Харин ганц бие хулганууд хайр дурлал бүтэмжтэй, гэхдээ зарим нь шунал тачаалыг жинхэнэ хайртай андуурч болзошгүй. Ажлын байран дээр амжилт амар ирэхгүй, их хүч бас нилээд цаг зарцуулах төлөвтэй. Бэртэж гэмтэхээс болгоомжил. Мөн хутга, хагархай шил зэрэг хурц үзүүртэй юмнаас сэрэмжлэх хэрэгтэй.

Засал

Хулганууд төмөр, модонд суужээ. Жил бүрийн хулганы мэнгэ өөр өөр байгаа ч хийлгэх засал, уншуулах ном  ерөнхийдөө ойролцоо байна. Сундуй, Санжид, Гомбо, Чойжоо, Лхам, Цагаан шүхэрт тахиулж айлтгуул. Мод огтлох, хутга мэсээр тоглох, хэрүүл маргаанаас зайлсхий. Уушиг зүрх ходоодны өвчнөөс сэргийл. Нойр муудах нигууртай. Мал өсч гарзгүй байна

                     Үхэр жилтнүүд амжилтанд хүрье гэвэл урагшил, шаргуу ажилла

Шинийг эрэлхийлж мэдлэгийн хүрээгээ тэл. Шийдмэг алхам үйлдэл хийсний дараа та амьдралын сайн сайхныг жинхэнэ ёсоор үнэлж сурна. Санхүүгийн байдал тогтвортой, гэхдээ том ашиг орж ирнэ гэж хүлээлтгүй. Ганц бие үхрүүд хайртайгаа учиръя гэвэл гэрээсээ гар, танилын хүрээгээ зузаатга. Гэнэтийн сэтгэл хөдлөлөөр юм худалдан авхаас зайлсхий. Зарим нь ажил мэргэжлээ өөрчлөх талаар бодно, нөхцөл байдал таатай эргэх боломж олдо байх. Хэт дураараа аашилж өөрийнхөөрөө зүтгэвээс гэр бүлийн уур амьсгалд нөлөөлж ойр дотны хүмүүстэйгээ муудалцсан ч удахгүй эвлэрнэ. Цагаан курсум, сармис, тунхуу зэрэг амтлагчийг ахиу хэрэглэвэл таны бие организм бэхжих төдийгүй зарим өвчнөөс хамгаална.

Засал

Үхрүүд шороо, уул, хий, огторгуйд суужээ. Жил бүрийн үхрийн мэнгэ өөр өөр байгаа ч хийлгэх засал, уншуулах ном  ерөнхийдөө ойролцоо байна. Гомбо, Банзрагч, Ширнэн, Санжид зэрэг ном уншуулж Намсрайн хишиг даллага авхуулж, Гонгор тахиулвал зохилтой. Бие эрхтэн амгалантай. Эд малын гарзгүй сайн оршино. Явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ.

 

                                          Бар жилтнүүд мөрөөдөж байсан бүхнээ авна

Бусадтай хамтран ажиллавал амжилтад хүрэх учир багийн ажиллагааг эрхэмлэ. Бар бол оны эзэн нохойн холбоотон тул том аз тохиох магадлалтай, ялангуяа шударга ёс, оюуны ба ёс суртахууны үнэт зүйлсийн төлөө тэмцдэг хүмүүст нөлөөтэй. Амраг хайртаас илүү албан тушаал, мөнгө санхүүдээ их санаа тавих байх. Шаргуу шударга ажиллаж их цаг, эрч хүчээ зарж олсон мөнгөө бага гэлтгүй үнэл. Даруухан байхыг хичээ танд ашигтай. Бие галбиртаа санаа тавь. Уйтгарлаж гуниглахын оронд цаг заваа эерэг таатай өнгөрөө.

Засал

Барууд гал, мод, шороо, төмөр, усанд суужээ. Жил бүрийн барын мэнгэ өөр өөр байгаа ч хийлгэх засал, уншуулах ном  ерөнхийдөө ойролцоо байна.  Лхам бурхан тахиулж, Алтангэрэл, Сундуй Санжид уншуул. Улаан өнгийн эд бүү ав, улаан идээ гаргах хэрэггүй. Хэрүүл тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар, Үер ус, галнаас болгоомжил. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна.

                       

Туулай жилтнүүд жилийн туршид аз хийморь дагана

Ургацаа хураах цаг ирлээ, өмнө хийсэн ажлынхаа үр шимийг бүрэн хүртэх цаг. Дуртай юмаа хий, чөлөөт цаг минут бүрийг өөрийн сонирхол, хоббиг хөгжүүлэхэд зарцуул. Туулай гэр оронд дэгдсэн хэрүүл маргааныг хурдан дарж, бүгдийг өөрийн үзэл бодолд амархан итгүүлнэ. Бяцхан заль ашиглаж, эр зоригтой байж мөнгөний асуудлаа саруул ухаанаар шийдэх ёстойг бүү март. Эрсдэлтэй алхам, ажлын ачаалал, ядаргаанаас болж бие тавгүйрхэж болзошгүй. Өөх тостой хоол болон амттанаас татгалзаж тэжээллэг, энийг хоол сонго. Шар нохойн энерги танд нөлөөлж хүч чадал нэмэн олон ажил амжуулна.

Засал

Туулайнууд мод, гал, шороо, төмрөнд суужээ. Жил бүрийн туулайн мэнгэ өөр өөр байгаа ч хийлгэх засал, уншуулах ном  ерөнхийдөө ойролцоо байна.  Банзрагч, Санжид, Гомбо, Ширнэн зэрэг ном уншуул. Бие эрхтэн амгалантай, эл малын гарзгүй. Хийморийн цог заль бадарна. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй. Энэ жилдээ шар өнгөнөөс хол байж, хэрүүл маргаанаас зайгаа барь.

                                       Луу жилтнүүд эерэг үр дүнтэй дуусгана

Ноён нуруутай бай, яагаад гэвэл нилээд амаргүй жил байх төлөвтэй. Сэтгэлийн хүч, хатуу зангаа дайчил, төлөвлөгөөний ядаж хагасыг хэрэгжүүлэхийн тулд бүх боломжоо дайчил. Сэжигтэй ажиллагаанаас зайлсхийж, эрсдэлгүй ажлыг барьж ав. Хэл яриа, алхам үйлдэл бүрээ хяна. Олон асуудал тулгарч, заримдаа ялагдал хүлээж стрессдэх шинжтэй. Луу өөрийн цоо шинэ авьяас чадварыг илрүүлж хөгжүүлнэ, үүний тулд эрэлхэг зориг, сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил хэрэгтэй. Арга эвээ олбол нэмэлт орлого олж 2018 оныг үр дүнтэй дуусгана

Засал

Луунууд гал, төмөр, ус, модонд суужээ. Жил бүрийн лууны мэнгэ өөр өөр байгаа ч хийлгэх засал, уншуулах ном ерөнхийдөө ойролцоо байна. Сундуй, Цанжид, Гомбо, Цойжоо, Лхам, Далд тахиул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжтой яв. Тэнгэр бурхан ивээж биед өвчингүй, сэтгэл гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалан оршино. Хөх өнгийн эдээс хол бай.

                                            Могой жилтнүүд хэлцэл гэрээ хийхэд таатай

Маш амжилттай, амьдралын хамгийн шилдэг үе байх болно. Амжилтад хүсэхийг хүрвэл одоо хийх цаг. Та уулыг ч эргүүлж чадах тул эрсдэлтэй алхам хий, сонирхолтой боломж ч олдоно. Гэр бүлийг холбосон нандин сэжим, их хүч, таныг хүнд нөхцөлд ороход тусална гэдэгт итгэлтэй байж болно. Могой жилтнүүдийн эрч хүч нэмэгдэж, ажлын онгодыг дуудах шиг болно. Хувийн бизнес нээх бол энэ онд амжуул. Даргатайгаа шинэ санаагаа хуваалцаж, дээш ахих замаа нээ. Биеэ гаргууд гаргах шинжтэй. Эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй бол амархан ядарч, стрессд өртөж өвчин тусах цондонтой.

Засал

Могойнууд гал, төмөр, ус, модонд суужээ. Жил бүрийн могойн мэнгэ өөр өөр байгаа ч хийлгэх засал, уншуулах ном ерөнхийдөө ойролцоо байна. Жадамба, Банзрагч, Сундуй, Санжид, Намхайнимбу зэрэг ном уншуул. Зэс төмөр, хуримын эд авах, өндөр газар явахыг цээрлэ. Нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авч өмсөхгүй байвал зохилтой. Бие эрхтэн амгалантай. Нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүйтэхээс сэргийл.

                      Морь жилтнүүд маш шаргуу ажилласны үр дүнд албан тушаал ахина

Ямар ч ажлаас цааргалдаггүй Морин жилтнүүд амжилт бүтээл дүүрэн аз жаргал цэнгэлтэй өнгөрөөнө.  Шар нохой жил таныг ивээлдээ авч хайрлана, гэхдээ зарим зорилгоо хэрэгжүүлэхэд бага зэрэг саад учирч болзошгүй. Амраг ханьтайгаа анх учирсан шигшээ дүрсгүйтэж жаахан романтик адал явдал, солиотой авирлахыг хүснэ. Зарим морь гэр бүлийн дотоод асуудлаас болж шүүхдэж магадгүй. Шаргуу ажилласны үр дүнд албан тушаал ахина. Та нилээд ядрах ч олон сайхан санаагаа хэрэгжүүлж чадна. Өөрт тохирох спортоор хичээллэ, бие бялдараа хөгжүүлэхэд тогтмол санаа тавьж байвал огт өвдөхгүй.

Засал

Морь жилтэнгүүд шороо, төмөр, ус, мод, галанд суужээ. Жил бүрийн морины мэнгэ өөр өөр байгаа ч хийлгэх засал, уншуулах ном ерөнхийдөө ойролцоо байна. Лхам бурхан тахиулж, Сундуй, Алтангэрэл ном уншуул. Улаан өнгийн эд цээрлэнэ. Энэ жилдээ ан гөрөө хийх, Үер уснаас болгоомжил. Хэрүүл тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн.

                             

  Хонь жилтнүүд өрөө дарж хуримтлалаа арвижуулна

Том өөрчлөлтөд бэлд. Таны хувьд гэр бүл маш чухал, уран бүтээлийн онгод бэлэглэхээс гадна төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тустай. Хонь жилтнүүд энэ онд азтай байж, өнгөрсөн жилээс илүү их мөнгө олно. Илүү мөнгөөрөө өрөө дарж, хуримтлалаа арвижуул. Албан ажил дажгүй, зарим хүмүүсийн цалин нэмэгдэж, тушаал ахиж амжилтад хүрэх боломжтой. Биеийн байдал маш сайн байна. Энэ нь эрч хүчтэй, санаачилгатай ажиллахад маш дөхөмтэй. Одоо үүн дээр зөв хооллолт, биеийн дасгал зэргийг нэмбэл бүр сайн.

Засал

Хонь шороо, төмөр, ус, мод, галанд суужээ. Жил бүрийн хонины мэнгэ өөр өөр байгаа ч хийлгэх засал, уншуулах ном ерөнхийдөө ойролцоо байна. Жадамба, Банзрагч, Нямхайнимбу, Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Хийморийн цог заль бадарна. Алт, мөнгө, зэс төмөр авахаас зайлсхий. Чих дүлийрэх, зүрхний хий хөдөлж магадгүй. Түүхий мах идэхээс цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв.

                    Мич жилтнүүд үйл явдал арвин байна

Итгэмээргүй эрч хүчтэй, үйл явдлаар арвин жил болно. Гэхдээ бүх төлөвлөгөө хэрэгжиж амжихгүй. Ганц бие мич иргэн тойрны хүмүүсээ сайн ажигла, тэдний дундаас амрагаа олж магадгүй. Зарим хүмүүс өөр хэлтэст ажиллах бол нөгөө нь бүр салбараа солино. Амбиц их байх тусам төлөвлөгөө хэрэгжих зөрчил, үл ойлголцол гарна. Сэтгэл хөдлөлөө сайн хяна, бусдыг гомдоох доромжлох хандлагаас болоод хүмүүс танд дургүйцэх хандлагатай. Мөн тогтмол амарч биеэ чийрэгжүүлбэл өвийн тусах эрсдэл буурна.

Засал

Мичнүүд төмөр, ус, мод, гал шороонд суужээ. Жил бүрийн мичний мэнгэ өөр өөр байгаа ч хийлгэх засал, уншуулах ном ерөнхийдөө ойролцоо байна. Гомбо, Догсом, Цагаан шүхэрт, Чойжоо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Аливаа ажил бүтэх боломжтой, хэрэг заргад хариугаа хялбар авна. Мод огтолж, хутга мэснээс хол бай. Хөх өнгийн зүйлсээс татгалз. Уушиг, зүрх ходоодны өвчнөөс сэргийл.

                 Тахиа жилтнүүд авьяасаа ашиглаж чадвал амархан амжилт олно

Төрөлх авьяасаа ашиглаж чадвал амжилтад амархан хүрнэ. Сонголт хийхэд хэцүү байна. Тахиа нь өөрөө шар нохойн хамгаалалтад байх болно. Мөрөөдөл тань  гар сунгах төдийд хүрэхээр байгаа ба ихэнхи төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадах шинжтэй. Зарим тахиа амрагийн харилцаагаа тасална, хагацах хэцүү ч эцсийн бүлэгтээ аль аль талдаа ашигтай байх нь. Санхүүгийн талбарт ялалт, ялагдал аль алийг нь амсана. Их мөнгө алдахаас сэрэмжил. Тахианы биеийн байдал сайн байгаа ч болгоомж илүүдэхгүй. Алдсан хүчээ нөхөхөд анхаар, бие ядарвал ялихгүй гэж үл тоомсорлож болохгүй. Эцэст нь эмнэлэгт хэвтэх магадлалтай.

Засал

Тахиа шороо, ууланд суужээ. Жил бүрийн тахианы мэнгэ өөр өөр байгаа ч хийлгэх засал, уншуулах ном ерөнхийөө ойролцоо байна. Сундуй, Санжид, Молом, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар явахыг цээрлэ. Толгой, үе мөчний өвчнөөс сэргийл. Хүссэн эд адгуус арвижна. Бие эрхтэн амгалантай. Өндөр газар явхаас зайлсхий.

                    Нохой жилтнүүд эргэлзээ айдсаа дарж хүсэл мөрөөдлөө биелүүл

Өнгөрсөн жилтэй харьцуулахад сайхан жил ирлээ. Нэн таатай, гэхдээ үргэлж аз жаргалд умбаж амжилттай явна гэсэн үг биш. Сөрөг үйл явдлыг ч аз жаргалд хүрэх замын хэсэг гэж хүлээж ав. Болгоомжтой бай, бусдад сэтгэгдэл төрүүлэх гэж ухаангүй авирлах хэрэггүй. Ганц бие нохой хайр сэтгэлийн тал дээр өрсөлдөгчдөө ялагдах магадлалтай. Их ажилд дарагдах шинжтэй. Оны эхээр эрч хүч дүүрэн, санаачилгатай байх боловч хэт их ажиллаж ядаргаанд орж болзошгүй. Иймээс ажил амралтаа зөв зохицуулж сур. Ажил ба зугаа цэнгэлд зарцуулах цаг ядаж тэнцүү байвал зохино

Засал

Нохой ус, мод, гал, шороо, төмрөнд суужээ. Жил бүрийн нохойны мэнгэ өөр өөр байгаа ч хийлгэх засал, уншуулах ном ерөнхийдөө ойролцоо байна. Лхам бурхан тахиул. Сундуй, Алтангэрэл зэрэг ном уншуул. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, шар, хар бараан өнгөнөөс зайлсхий. Бөөр сав анхаар. Тэнгэр сахиусанд сан тавь. Улаан идээ бүү гарга. Хийморийн цог заль бадарна. Үер уснаас болгоомжил.

                                                 Гахай жилтнүүд боломжийг бүү алд    
Азтай, ашигтай байдал олон болно. Шар нохой жил танд нэн таатай байх тул өөртэй итгэлтэй байж олон талын ажлыг амжуул. Эргэн тойрны хүмүүсээ сайн ажигла, таныг хуурах оролдлого гарч болзошгүй. Хайртай хүнтэйгээ улам дотносохыг хичээ. Ганц бие гахай романтик боломжийг бүү алд. Их мөнгө олох боломжтой бөгөөд хуримтлал үүсгэ. Мөн хулгайд өртөх магадлалтай. Том наймаа хийх, том хөрөнгө оруулалт хийх тал дээр болгоомжил. Ар гэрийн асуудалд санаа тавих цаг гарна. Эрүүл амьдралын хэв маягийг баримтал, үүнийг зуршил болговол бүх зүйл хэвийн.

Засал

Гахай төмөр, ус, мод, гал, шороонд суужээ. Жил бүрийн гахайны мэнгэ өөр өөр байгаа ч хийлгэх засал, уншуулах ном ерөнхийдөө ойролцоо байна. Лхам, Ширнэн, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижна. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Явах суух эрхэлж сэдсэн ажил сэтгэлчлэн бүтнэ. Оршуулгын газар бүү зүглэ.

Та бүхэн ирж буй “Тийн унжлагат” хэмээх шороон шар нохой жилдээ сайхан шинэлээрэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү