Шатрын дэлхийн аварга Д.Батсүрэн "9-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН" боллоо


7 жил

    Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчийн нэр тодорлоо. Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан Шатрын Өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчин боллоо.

ФИДЕ мастер Д.Батсүрэн нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын түүхэн дэх анхны эрэгтэй шатарчин болсон юм. 1974 оноос эхтэй энэхүү тэмцээнд домогт шатарчид болох Г.Каспаров, В.Крамник, Ю.Полгар нар түрүүлж, агуу карьерынхаа эхлэлийг тавьж байсан түүхтэй. Сонирхуулахад, Монголын эмэгтэй шатарчдаас уг тэмцээнд Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар 10 болон 8 насны ангилалд тус бүр түрүүлж байсан ажээ.

Шалгаруулалтын 2-р байрт 3x3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аваргаар тодорсон баг орсон бол 3-р байрт өнгөрсөн сарын шилдэг тамирчин, чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга болсон П.Орхон нэрлэгджээ.

"Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарсан нь энэ юм.

Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Сарын Шилдэг Тамирчин" шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү