Гурван дүүрэгт ерөнхий болон гэмтлийн мэс заслын тусламж, үйлчилгээг хүргэж эхэллээ


7 жил

Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвөөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдсэн билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан тус тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлээд байна. Тус дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг тодорхой үе шаттайгаар хүргэх юм.

Тухайлбал нэгдүгээр үе шатанд үзүүлэх төлөвлөгөөт мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээнд холецистит, ивэрхий, шамбарам, батга, шөрмөсний гэмтэл, өөхөн эдийн хоргүй хавдар, хоол боловсруулах эрхтний мэс ажилбар, бусад хэлбэрийн аппендицит, ясны идээт үрэвсэл, хөхний үрэвсэлт өвчин, хуйхнагийн венийн бүдүүрэл, шуу, богтос ясны хугарал, тойгны хугарал, бугуй ба сарвууны хугарал, шагайнаас бусад тавхайн яс хугарах, ахиллын шандас гэмтэх, шилбэний түвшинд арын бүлэг булчин ба шөрмөс гэмтэх зэрэг эмчилгээ багтаж байгаа юм.

Хоёрдугаар үе шатанд нэмж үзүүлэх яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээнд мухар олгойн хурц үрэвсэл, цөсны чулуу, хэвлийн ивэрхий, арьсны буглаа, мундас, хошного ба шулуун гэдэс орчмын буглаа, целлюлит /хумс шигдэх/ зэрэг эмчилгээ багтжээ.

Гуравдугаар үе шатанд нэмж үзүүлэх яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээнд тодорхойгүй шалтгаант гэдэсний түгжрэл, мэс заслын дараах гэдэсний түгжрэл, ходоодны цочмог цус алдалт, шаант чөмөгний гандан хэсгийн дээд, дунд битүү хугарал, нойр булчирхайн үхжилт үрэвсэл зэрэг эмчилгээ багтсан байна.

Яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэс засал, гэмтлийн  багаж, тоног төхөөрөмжийг нэр төрлийг нэмэгдүүлэн, мэс засал хийх бэлтгэл ажлыг бүрэн хангасан бөгөөд хоёрдугаар үе шатыг ирэх оны дөрөвдүгээр  сараас эхлүүлэхээр болжээ. Харин тусгай багаж, тоног төхөөрөмж ашиглан хийгдэх  ерөнхий болон гэмтлийн мэс заслыг 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хүргэх юм байна.

Өдгөө гурван дүүрэгт нээгдээд байгаа ерөнхий болон мэс засал, гэмтлийн тасгийг  цаашид бусад дүүрэгт ч мөн шат дараатай нээж ажиллуулахаар төлөвлөжээ.Иргэд тухайн оршин сууж буй дүүргийнхээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авахаас гадна улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг зорих ачаалал ч тэр хэрээр багасах чухал ач холбогдолтой юм. Мөн дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ өргөжин, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл олшрох юм байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ

 

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ

 

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ

 

 НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү