Улсын нөөцийн Объект № 03 салбар үүсч байгуулагдсаны түүхт 30 жилийн ой тохиож байна


7 жил

ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн “Объект №03” салбар үүсч байгуулагдсаны түүхт 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус нөөцийн салбар нь улс оронд эдийн засгийн хүндрэл бэрхшээл, гамшиг, осол, ган зуд тохиолдсон үед  зарцуулах, үнэт зүйлсийг  Монгол Улсын Засгийн газраас тогтоосон нэр, төрөл, тоо хэмжээнд чанар стандартыг алдагдуулахгүй хадгалж, хамгаалах, сэлгэн шинэчлэх, нөхөн бүрдүүлэх үүрэгтэй Онцгой байдлын албаны ууган салбаруудын нэг юм.



БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1987 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор Улсын нөөцийн материалын үнэт зүйлийг бүрдүүлэх, хадгалах, сэлгэн шинэчлэх үүрэг бүхий байгууллагыг Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяанд байгуулахаар шийдвэрлэж, Материал техникийн хангамжийн улсын хорооны даргын 1987 оны А/164 дүгээр тушаалаар “Обьект №03” нь 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан.



Улсын нөөцийн “Объект №03” салбар улс, эх оронд үүссэн гамшиг, осол, ган зуд, гал түймэр, үер ус, хүн малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд гамшгийн хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Онцгой комиссын  шийдвэрээр шаардлагатай бараа материалыг ард иргэдэд богино хугацаанд хүргүүлэх үүргийг гүйцэтгэж ирсэн.  

Улсын нөөцийн Объект №03 салбарын хамт олон байгуулагдсан цагаасаа хойш гэнэтийн аюул, байгалын гамшиг, эдийн засгийн эрсдэл тохиолдсон үеүүдэд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 34.1 тэрбум төгрөгийн эрчим хүчний тоног төхөөрөмж, автомашин, техник хэрэгсэл, иж бүрэн гэр, ажлын дулаан хувцас, эсгий гутал, ажлын гутал, өвс, тэжээл зэргийг гамшгийн болон хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд зориулан гаргасан байна.



Мөн 2000 онд БНХАУ-ын Сычуанд болсон газар хөдлөлт, 2011 онд Япон улсад болсон цунами, 2015 онд Балбын вант улсад болсон газар хөдлөлт, 2016 онд БНАСАУ-д болсон цунамид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд оролцжээ.

Улсын нөөцийн “Объект №03” салбар үүсч байгуулагдсаны түүхт 30 жилийн ойгоо угтаж бүтээлч ажлуудыг өрнүүлэн байгууллагын конторын барилгад иж бүрэн засвар хийж, бэлтгэл бэлэн байдлын өрөө, сургалтын танхим, номын сан, нөөцийн барааны танилцуулгын өрөө, ажилчдын цайны газар, өндөр хүчдэлийн шийт засварлаж тохижуулснаас гадна жагсаалын талбай, хүндэтгэлийн тугны  суурь, туг далбаа, харуул хамгаалалтын 4 ширхэг пүүтэг, явган хүний 100 метр зам, авто машины 0,7 км бетонон хучилттай зам, 4 машины дулаан граж, галын аюулгүй байдлын самбар, сараа зэргийг шинээр хийж, өндөр настан, ахмадуудын оролцоотойгоор 30 ширхэг чацарганы мод суулган, 486 м3 хүлэмж ашиглаж өргөст хэмх, чинжүү, 0.5 га-д төмс, хүнсний ногоо  тарьж ажилчдын хэрэгцээг хангаж төсвийн бус аж ахуйн аргаар 30 сая төгрөгний хөрөнгө оруулалт, их засвар хийж ойдоо бэлэг бариад байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү