Иргэн та төрийн байгууллагаас ямар мэдээлэл хүсэх эрхтэй вэ


7 жил

Иргэн бүр мэдэх эрхтэй. Мэдээлэлгүй иргэд төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, оролцож чадахгүй. Үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж гэмээнэ иргэдийн хяналт, оролцоо үр дүнтэй, идэвхтэй хэрэгжүүлж чадна. Тэгвэл иргэд төрийн байгууллагаас ямар мэдээлэл хүсэх эрхтэй вэ?

Европын Хүний эрхийн шүүх “олон нийтийн сонирхлын бүх салбарт мэдээлэл түгээх нь хэвлэл мэдээллийн үүрэг” хэмээн заасан байдаг. Олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн мэдээлэл, нийтлэл гэдэг нь:

•           Төр, бизнесийн болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа

•           Албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр

•           Нийтийн үйлчилгээ, бараа таваар

•           Хууль хэрэгжүүлэх, сахиулахтай холбоотой мэдээллүүд

•           Олон түмний эрүүл мэнд, аюулгүй байдал

•           Бусад олон түмний зүй ёсны эрх ашгийг хөндсөн асуудлууд зэрэг юм.

Манай улсын хувьд УИХ 2011 онд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг баталсан нь иргэдийнхээ мэдэх, мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан томоохон алхам болсон юм.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд иргэдэд ил тод, нээлттэйгээр хүргэх үүрэгтэй мэдээллийн жагсаалтыг тоймлон толилуулъя.

Ил тод, нээлттэй байлгаж, цахим хуудас болон самбартаа байршуулж, тогтмол шинэчлэн иргэдэд хүргэх мэдээлэл:

Үйл ажиллагаа:

• Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, зохион байгуулалтын бүтэц;

• Үйлчилгээ, захидал харилцаа хариуцсан албан хаагчийн эцэг /эх/- ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь;

• Үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалт;

• Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар; • Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног ойлгомжтой байдлаар байршуулж, саналыг авах;

• Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл;

• Тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох;

• Салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээлэл;

Хүний нөөц:

• Сул орон тооны зарыг цахим хуудас болон самбарт байршуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулах;

• Албан хаагчийн ёс зүйн дүрэм

• Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянах, үнэлэх журам

• Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

• Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ойлгомжтой байдлаар цахим хуудастаа байршуулах

Төсөв, санхүү:

• Тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, ирэх жилийн төсвийн төсөл/ жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн жилийн төсөв, 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өмнөх оны төсвийн гүйцэтгэл, 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор дараа жилийн төсвийн төслийг тухайн байгууллага цахим хуудастаа байршуулсан байх ёстой./;

• Жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулах;

• Тухайн жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 14 өдрийн дотор энэ тухай мэдээлэх;

• Зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч, түүний хэмжээг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх. Харин хуульд заасан онцгой нөхцөл буюу үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт хохирол учруулах зэрэг үндэслэл бүхий мэдээлэл, оюуны өмч, хувь хүн, байгууллагын нууцыг хамгаалахтай холбоотой мэдээллийг танд өгөх боломжгүй юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү