Төмөр зам дагуух гармыг шинэ технологийн дагуу шинэчлэх ажил ид өрнөж байна


7 жил

УБТЗ-ын техникийн шинэчлэлтийн хүрээнд төмөр зам дагуух гармыг шинэ технологийн дагуу шинэчлэх ажил ид өрнөж байна. Мааньтийн салбар замын ШТ нэгдлийн гарамын R43 зам төмрийг R50 болгон хүчитгүүлж, хавтангийн шинэ технологиор сольж буй нь энэ аж. Хуучин хавтанг 15см-ын зузаантай, монголдоо үйлдвэрлэсэн R50 хавтангаар сольсноор төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал, ашиглалт нэмэгдэх юм байна.

Салбарын сайд энэхүү албан томилолтынхоо хүрээнд төмөр замын өртөө, зөрлөг, зам ангиуд болон автотээврийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлын талаар санал хүсэлтийг нь сонсож, салбарын хамт олны халуун дотно яриаг өрнүүлсэн юм. Мааньт өртөөнд ажиллаж амьдарч байгаа 300 гаруй иргэдтэй уулзаж зам, тээврийн салбарт хийж, хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Төмөр замын өртөө, зөрлөг ойролцоогоор 20-30 км тутамд нэг байрлах бөгөөд тэнд ажиллаж, амьдарч байгаа 20-иодхон хүний аж амьдрал, нийгмийн асуудал орхигдсон байдаг. Тэгвэл салбарын сайд өртөө зөрлөгийн үйл ажиллагаа, замчдын ахуй амьдралтай танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсож байгаа нь анхны тохиолдол хэмээн талархалтайгаар хүлээн авсан юм. Мөн энгийн ард иргэд, ажилтан албан хаагчдын амьдрах орчин нөхцөл, ажил байдалтай танилцаж байгаа нь Мэргэжлийн Засгийн газрын бодлого хөрсөн дээр бодитоор хэрэгжих тод жишээ боллоо гэдгийг хэлж байлаа.

Өртөөний дарга М.Цогт “Тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа өнөө цагт төмөр замын орлого нэмэгдэж байгаа сайхан мэдээ байна. Өнгөрсөн жил нефт бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэж, 40 орчим тэрбум төгрөгийг хэмнэж чадсанаар төмөр замчид бидний цалин хангамж нэмэгдэх боломжийг бүрдүүлж өгсөнд бид талархаж байна” гэлээ. Тэрбээр төмөр замын дагуу мод тарьж, ногоон төгөл бий болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төмөр замын залуучуудын байгууллага анхаарч ажиллаж байгааг салбарын сайдад дуулгалаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү