Н.Төмөсүх: Миеэгомбын Энхболд аймагтаа шинэ сум битгий хэл шинэ жорлон ч барьж өгсөнгүй


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын Төв аймагт хийсэн уулзалтын үеэр иргэд, сонгогчдын хэлсэн үгнээс онцоллоо.

Б.Цэдэнбал: Энхболд шиг, худал хуурмагт гаршсан хүн яаж төр, түмнийг толгойлох вэ

Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн

Юуны өмнө нэр дэвшигч Баттулга таны сонгуулийн ажилд амжилт хүсье, ялалт байгуулаарай. Олон таван юм нуршилгүй хоёрхон зүйл хэлэх гэсэн юм. Таны өрсөлдөгч Энхболд гэж хүн УИХ-д олон жил гарсан, хотын дарга, Ерөнхий сайдын алба тушаалыг ч хашиж байсан хүн. Гэтэл төрөлх Баян сумаа үнэхээр хөсөр хаясан хүн. 2016 онд би адууны эрэлд явж байгаад Баян сумаар ороод гарсан юм. Ёстой үнэхээр эмгэнэл гэдэг тэнд л байна. Төрж өссөн нутаг нь тэнд ямар ч хөгжил дэвшилгүй хөсөр хаягдчихаад байхад энд Ерөнхийлөгчид нэр дэвшиж явахаасаа ичихгүй юм. Итгэхгүй бол өөрсдөө очоод хараарай. Түүнээс гадна, өнгөрсөн жилийн долдугаар сарын 30-нд Хэнтий аймагт болсон нэг наадамд Энхболдын Анарын морь айрагдсан юм. Ямар ч тэнэг хүн харсан цэвэр цусны араб адуу уралдуулчихаад яг цоллуулах болоход монгол адуу цоллуулчихаж байгаа юм. Ийм худал хуурмагт гаршсан хүн яаж төр, түмнийг толгойлох юм бэ. Энэ бол жирийн нэг иргэн миний олж таньсан Энхболд. Гэтэл энэ хүн төрийн албыг тэр чигт нь наймаалж суугааг хэвлэлүүдээр ярьж байна. Юу гэсэн үг вэ. Монголчууд аа, өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө зөв сонголт хийгээрэй.

Н.Төмөсүх: Энхболд гэх хүн аймагтаа шинэ сум битгий хэл шинэ жорлон ч барьж өгсөнгүй

-Хэн нь хийж бүтээдэг, хэн нь хий хоосон ярьдагийг цаг хугацаа харуулсан-

Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн

Төрж өссөн Эрдэнэ сумын маань нутагт Чингис хааны морьт хөшөө, 13 дугаар зуун аялал жуулчлалын цогцолбор, Түмэн хишигтэн цогцолбор гээд их бүтээн байгуулалж өрнүүлж өгсөн танд талархаж байна. Өнөөдөр тантай өрсөлдөж буй, Төв аймгаас үеийн үед сонгогдсон Миеэгомбын Энхболд гэх хүн бидэнд, Төв аймагчуудад шинэ сум битгий хэл шинэ жорлон ч барьж өгсөнгүй ээ. Залуу хүний хувьд танаар бахархаж, хүндэлж явдаг. Монгол эрчүүд, монгол аавууд, монгол залуучууд тань шиг байгаасай гэж хүсдэг. Тэгэж чадвал улс орон минь богино хугацаанд өндөр хөгжилтэй, үйлдвэрлэгч орон болж чадна. Хэн нь хийж бүтээдэг, хэн нь хий хоосон ярьдагийг цаг хугацаа харуулсан, цаашдаа ч харуулна байх.

Ц.Гомбо: Энхболд дарга аа, газрын бичгэнд гарын үсэг зурахад булчин хэрэггүй

Төв аймгийн Лүн сумын харьяат, боловсролын тэргүүний ажилтан

Миний бие боловсролын салбарт 31 жил ажилласны хувьд эрх баригч МАН, МАН-ын удирдлагуудын тухай ганц нэгхэн үг хэлье ээ. Нэгдүгээрт, МАН-ынхан хүүхдэд хайргүй болж. Хүүхдийн эрхийг хамгаалахын оронд золбин нохойн гөлгөнд илүүтэй анхаарал хандуулах болж. Хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартайгаар олгож, оюутны 70 мянгыг булааж, Монголын балчир үрсэд хайргүй гэдгээ илэрхийллээ. Багш хүний хувьд үүнд их эмзэглэж явдаг. МАН гарч ирсээр ахмадын хамтарсан тэтгэврийг хүчингүй болгосон. Энэ үйлдэлдээ Ерөнхий сайд монгол хүний амнаас гарамгүй муухай тайлбар хэлсэн. Ерөнхий сайдынхаар бол насаараа ханилсан өвгөн эмгэн хоёр хэн нь түрүүлж өнхрөөд өгөх нь үү гээд хоёр бие рүүгээ хялам хийж суух бололтой юм.

МАН-ынхан сонгуульд ялж гарч ирэхдээ хэлж байсан сайхан амлалтуудаасаа 180 градус эргэсэн. Өөрсдийнхөө тансаглалыг 400 тэрбум төгрөгөөр нэмсэн хэр нь ард түмнээ бүсээ чангал гэж байна. Зүй нь, өөрсдөө тусгай хангамжаасаа татгалзсаныхаа дараа ард түмнийхээ бүсийг чангалах тухай ам нээвэл хүлээж авахсан. Энэ бүхний хийж буй улс төрийн хүчнийг Миеэгомбын Энхболд гэх хүн удирдаж байгаа. Энэ хүн ээлжит үлгэр туульсаа яриад, нэр дэвшээд явж байна. Энэ хүн Ерөнхийлөгч болж гэмээнэ одоо хэлж ярьж буйгаасаа няцаж, 180 градус эргээд л явна.

Төв аймагчуудын хувьд Баттулга гэх хүнд талархаад баршгүй ээ. Эрдэнэ сумын Цонжин болдог дахь Чингисийн морьт хөшөө, 13 дугаар зуун цогцолбор, Хөшгийн хөндийн нисэх буудлаас аваад бүтээн байгуулалтын шинжтэй ихэнх ажил нь манай аймагт бий. Түүнчлэн, энэ хүн Төв аймгийн Жүдо бөхийн холбоонд асар их хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл энэ нутагт төрж өссөн Энхболд гэх хүн юу хийв ээ. Энэ хүн саяхан нутагтаа ирж уулзалт хийлээ. Уулзалтынхаа үеэр үг хэлэхдээ “Монголчуудад хүчирхэг Ерөнхийлөгч хэрэгтэй болохоос булчин шөрмөстэй хүн хэрэггүй” гэх утга санаатай үг хэлсэн. Энэ үгэнд нь би хариу хэлье ээ. Энхболд дарга аа, бүтээлч, хөдөлмөрч хүний булчин шөрмөс зангирч, чангарч явдаг юм. Харин, газрын бичгэнд гарын үсэг зурахад булчин шөрмөс хэрэггүй ээ. Мөн, энд нэг зүйлийн онцлон хэлэхэд хүмүүс Баттулга гэх хүнийг бөх хүн, боловсролгүй гэхчлэн янз бүрээр ярьж хэлж байна. Ганцхан жишээ хэлэхэд, АНУ жүжигчин, бүжигчин гээд зүсэн зүйлийн Ерөнхийлөгчтэй байсан. Тэгвэл бид яагаад бөх, зураач Ерөнхийлөгчтэй байж болохгүй гэж.

А.Энхцэцэг: Төрж өссөн сумаа ч өөд татаагүй хүнд санал өгөхгүй

Төв аймгийн Аргалант сумын иргэн, МУИС-ийн оюутан

Залуу хүний хувьд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, хэлэх үгтэй, хийж бүтээсэн зүйлтэй, амжилт бүтээлээрээ бусдыг манлайлж яваа нэр бүхий хүмүүсийн намтар түүхийг судалж, хэрхэн тэр амжилтад хүрсэн тухай сонирхдог. Энэ хүмүүсийн нэг нь яах аргагүй нэр дэвшигч Х.Баттулга билээ. Аав, ах нараас минь аваад олон хүн энэ хүний тухай, хийж бүтээснийх нь тухай ярьж байхыг сонсдог. Миний бие ирээдүйд улстөрч болох мөрөөдөл өвөрлөж явдаг. Гэхдээ өөрийнхөө тухай өөрөө ярьж явдаг биш хийж бүтээснийг нь түмэн олон ярьж байдаг тийм л хүн болохыг хүсдэг. Тиймдээ ч Баттулга ахаас үлгэр жишээ авч явдаг.

Мөн энд нэг зүйлийг хэлэхэд МАН-ын намаас нэр дэвшигч Энхболд бол Төв аймгийн Баян сумаас гаралтай хүн. Энэ хүн улс төрд ороод 20 гаруй жилийг үджээ. Миний бие өнөөдөр 21 настай, идэр залуусын төлөөлөл билээ. Одоо хараад гайхдаг л даа. Бүхэл бүтэн бие хүн, хувь хүний амьдралтай дүйх урт хугацаанд аймаг, орон нутагтаа юу хийсэн юм бэ. Аймгаа байг гэхэд сумандаа юу хийсэн хүн бэ. Би өөрөө сумын хүүхэд. Тиймдээ ч сумын аж амьдрал ямар байдгийг сайн мэднэ. Бага байхад Баян сум гэж шавар нь нурсан хэдхэн байшин л байсан, одоо ч хэвээрээ. Улс орон, аймаг орон нутгаа биш юм гэхэд ядахнаа төрж өссөн сумаа өөд татаагүй хүнд санал өгөхгүй ээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү