"Евро-Азийн орон зай дахь эрчим хүчний тогтолцооны интеграцчилал" олон улсын бага хурал болов


7 жил

Дэлхийн эрчим хүчний холбооны хөгжил, хамтын ажиллагааны байгууллага (GEIDCO), ОХУ-ын “Россети” НХН-ээс хамтран зохион байгуулсан “Евро-азийн орон зай дахь эрчим хүчний тогтолцооны интеграцчилал: Дэлхийн эрчим хүчний холбоог хөгжүүлэх, Торгоны замын Эдийн засгийн бүс байгуулах хэтийн төлөв” сэдэвт олон улсын бага хурал 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Москва хотноо болов.

ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд А.Б.Яновский, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын Эрчим хүчний хорооны нэгдүгээр орлогч дарга С.Я.Есяков, ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд А.С.Галушки, “Россети” НХН-ийн Ерөнхий захирал О.М.Бударгин, Дэлхийн эрчим хүчний холбооны хөгжил, хамтын ажиллагааны байгууллага (GEIDCO)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чэн Чжицян, БНХАУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан Элчин зөвлөх Чжан Ди, Москвагийн эрчим хүчний их сургуулийн ректор Н.Д.Рогалев зэрэг төр засаг, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид бага хуралд оролцов. Монгол Улсын Эрчим хүчний сайд П.Ганхүүг төлөөлөн Элчин сайд Б.Дэлгэрмаа хүндэт зочноор уригдан бага хурлыг нээж үг хэлэв. Тэрээр аюулгүй, найдвартай, байгальд ээлтэй, цэвэр эрчим хүчний бат бөх тогтолцоог бий болгоход чиглэсэн Монгол Улсын эрчим хүчний бодлого, сэргээгдэх эрчим хүчний нөөц боломж, тус салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв. Бага хуралд тус ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Ц.Баттөр мөн оролцов.



Төлөөлөгчид дэлхийн, ялангуяа Европ, Ази тивийн улс орнуудын эрчим хүчний харилцан уялдааг хөгжүүлэх, улс орнуудын харилцан давуу талыг бүрэн ашиглан байгальд ээлтэй нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх, сурталчлах, цахилгаан дамжуулах инновацийн тоног төрөөхөмжийг бүтээх, боловсон хүчнийг мэргэшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.



Бага хурлын төгсгөлд Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын “Россия 24” сувагт ярилцлага өгч, Монгол-Оросын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилго, тулгамдаж буй сорилт, түүнийг даван туулах арга зам, тухайлбал, усан цахилгаан станцын асуудал, эрчим хүчний гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү