Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулахад анхаарах 10 зүйл


1 сар

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулж болно гэж заасан байдаг. Иймээс “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ыг Сонгуулийн ерөнхий хорооноос энэ сарын 6-нд шинэчлэн батлаад байна. Шинээр батлагдсан найман зүйл, 44 хэсэг, 27 заалттай журмын анхаарах 10 зүйлийг хүргэе.

  1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахгүй.
  2. Цахим хуудас нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48.3-т заасан сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийн хийсэн сонгуулийн сурталчилгааг нийтэлнэ.
  3. Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлнэ.
“Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас” гэдэгт цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хаяг /пэйж хуудас, профайл/-ийг ойлгоно.
  1. Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн сонгуулийн сурталчилгаа, сонгуультай холбоотой мэдээлэл бүхий зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгт “Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн” гэх таних тэмдгийг харагдахуйц байдлаар байрлуулах бөгөөд таних тэмдгийг байрлуулаагүй тохиолдолд уг контентыг энэхүү журмын 6.6-д заасны дагуу хязгаарлах арга хэмжээ авна.
  2. Нам, эвсэл, нэр дэвшигч нь өөрийн тус бүр нэг цахим хуудас болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд хуульд заасан хугацаанд багтаан аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэл хариуцсан ажилтанд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягтын дагуу бүртгүүлнэ.
  3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.3-т заасан бусад цахим хуудас нь сонгуулийн сурталчилгаа нийтлэх тохиолдолд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягтын дагуу бүртгүүлнэ.
“Бусад цахим хуудас” гэж цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн удирддаг, эсхүл эзэмшдэг вэб сайтыг ойлгоно.
  1. Сонгуулийн сурталчилгаа хийсэн тохиолдолд сонгуулийн сурталчилгааг захиалсан этгээд болон сонгуулийн сурталчилгааны төлбөрийн талаарх мэдээлэл агуулсан тайланг сонгуулийн санал хураах өдрийн дараа өдрөөс хойш 30 хоногийн дотор бэлтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
  2. Домэйн нэр ашиглан мэдээ мэдээллийг хэрэглэгчид хүргэж буй бүх төрлийн вэб сайт нь сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.
  3. Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаанд ашигласан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогчдод харагдахгүй болгох технологийн арга хэмжээ авах.
  4. Цахим орчин ашиглан явуулсан сонгуулийн сурталчилгаа нь хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журам, харьяаллын дагуу цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид тус тус гаргана.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү