Ц.Чулуунзагд: Манай хамаатны хүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй хамтран IT компани байгуулжээ


4 сар

Нүүрсний сонсгол таван өдөр үргэлжилж дууссан. Сонсголын сүүлийн өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн явц, тендерт шалгарсан компаниудын эцсийн өмчлөгчдийн улстөрийн хамаарлыг шинжээч танилцуулсан.

Тус тендерт “Админерал” ХХК шалгарсан. Компанийн гүйцэтгэх захирал нь Ц.Лхамжав бөгөөд тэрбээр МАН-ын Хэвлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах болохыг шинжээч мэдээлсэн юм.  Гэвч сонсголын үеэр Ц.Чулуунзагд энэ компанитай огт хамааралгүй гэдгээ хэлсэн.

Мөн шинжээч "Бууч" ХХК-ийг Ц.Чулуунзагд үүсгэн байгуулсан. Тус компанийн одоогийн гүйцэтгэх удирдлагаар Эрдэнэтогтохын Амаржаргал ажиллаж байна. Харин Э.Амаржаргал нь Нарангийн Өнөрцэцэгтэй хамтран “Нэтикс майнминг про" ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар Нарангийн Өнөрцэцэг ажиллаж байна” гэж танилцуулсан.

Үүнд  МАН-ын Хэвлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр “Хамаатны хүүхэд “Зариг”-ийн Н.Өнөрцэцэгтэй “IT”-ийн чиглэлээр стартап компани байгуулж байсан ч одоо үйл ажиллагаа явуулдаггүй юм байна. Хамаатны хүүхдийн ажиллахаа больсон компанийг гаргаж ирээд улстөржүүлж, намайг Н.Өнөрцэцэгтэй нэгдмэл сонирхолтой мэт хуурамч мэдээ түгээж байгаад харамсаж байна. Хамаатан саднууд бодит амьдрал дээр хэнтэй хамтарч компани байгуулахаа нэг нэгнээсээ асуудаггүй.  

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй би бизнесийн ямар ч хамааралгүйг намайг таньдаг сэтгүүл зүйн салбарынхан, сэтгүүлч найзууд, дүү нар минь сайн мэднэ. Хэн нэгэнтэй хүчлэн нааж, хань хамаарал зохиож, хагалан талцуулах улс төрийн өшөө авах худал хуурмаг санаархалд автахгүй байхыг хүсье” хэмээсэн байна. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү