У.Хүрэлсүх: Сангийн сайд та уурлаад байх шаардлагагүй


4 жил

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2021 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын бүх гишүүд оролцож байгаа юм. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  “Шинэ их хурал байгуулагдсанаас хойш нийт 353 сая ам.долларын зээл авах шийдвэр гаргачихлаа. Дотроо байгаа мөнгөө хямгадаж чадахгүй байж гаднаас аваад баймааргүй байна. Одоо 2.1 их наядын алдагдалтай төсвийг хэлэлцээд сууж байна. Дахиад өр. Би долоон обьектын төсвөөс хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар цохож асуумаар байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны барилга, Тагнуулын ерөнхий газрын барилга, Монголбанкны барилга, Яармагт барьж байгаа хотын захиргааны барилга, Налайхын зам, Сургуулийн автобусыг хэдэн төгрөгөөр авсан бэ гэдгийг тодруулж өгөөч. Яармагт барьж байсан шүүхийн байрыг барих юм уу. Ч.Хүрэлбаатар сайд та төсвийн тухай хуулиа өмнө нь өгч баймаар байна. Цагийг нь тулгаж байна. Танилцах хугацаа алга” гэж бухимдав. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнд "2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хуулийн хугацаандаа буюу аравдугаар сарын 1-нээс өмнө өргөн мэдүүлсэн. Мэдүүлмэгц УИХ-ын вэб сайтад байршуулсан. Өнөөдөр аравдугаар сарын 16. Өнгөрсөн 16 хоногийн дотор ил болгосон асуудлыг уншиж танилцах нь таны үүрэг. Эдийн засаг дэлхий нийтээр агшиж байгаа үед дотоод эдийн засгаа дагаж агшааж болдоггүй юм. Тэгвэл борц болно. У.Хүрэлсүхийн Засгийн газар хөрөнгө оруулалтуудад концессын гэрээ нэг ширхэг ч байгуулаагүй. Өмнө нь байгуулагдсан гэрээнүүд ам.доллараар хийгдсэн. Долларын ханш өөрчлөгдөхөөр дагаж өөрчлөгдөөд байгаа. Монголбанкны барилгыг улсын төсвөөс санхүүжүүлээгүй учраас хариулах боломжгүй.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын барилгыг орон нутгийн төсвөөс барьсан. НИТХ-аас асуувал тодорхой хариулт өгөх байх. Сургуулийн автобусыг ч орон нутгийн төсвөөс авсан. Нийслэлийн төсвөөс гаргасан.  Таны асуусан зүйлээс зөвхөн ХЗДХЯ-ны барилгад зориулж төсвөөс мөнгө гаргасан. 4.2 тэрбум төгрөг" гэсэн хариулт өгөв.

Нэмж, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Налайхын замыг 36.5 сая ам.долларын зээлээр барьсан. 20 км, дөрвөн урсгалтай зам. Ажлын гүйцэтгэл 77 хувьтай байгаа. Ирэх жил дуусгана. Хучилтын ажлыг өнгөрсөн долоо хоногт дуусгасан" гэсэн мэдээлэл өгсөн юм.

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүдийн тавьж байгаа асуултад сайд нар тодорхой хариул. Сангийн сайд уурлаад эмзэглээд байх шаардлага байхгүй. Н.Алтанхуяг гишүүний асуултад хариул. УИХ гишүүн асуусан бол тодорхой хариулт өгч байх ёстой" гэж Сангийн сайдад анхааруулга өгөв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү