Хүүхэдтэйгээ муудалцахгүйгээр даалгавар хийлгэх 16 ШИЛДЭГ АРГА


4 жил

Шинэ хичээлийн жил эхэлж бяцхан үрс минь амьдралдаа анх удаа сургуулийн босго алхаж, анги дэвшин суралцаж, мэдлэгийн их далайд завиа залуурдахаар, инээх нь инээж, уйлах нь уйлсаар эрдмийн их өргөөнд заларцгаалаа. Энэ л үед эцэг эхчүүд үр хүүхдээ хэчнээн том болсныг анзаарч мөн хэчнээн том хариуцлага үүнийг даган ирж байгааг ухамсарладаг билээ.

 “Том А, жижиг а”, “Тоогоо бод л доо”, “Хоёр хоёрын дөрөв”, “Биччих л дээ”, “Буруу бодсон байна шүү дээ” гээд л үглэнэ, аргадна, үнэндээ аргаа барна . Аан бүр болохгүй бол ааг омгоор үзэлцэх тохиолдол ч гарна. Хүүхдүүддээ заагаад ч ойлгохгүй тохиолдолд эцэг эхчүүд өөрсдөө гэрийн даалгаврыг нь хийгээд явуулах үе бас байна. Тэгвэл “эдгээр өдрүүдэд” танд туслах аргуудыг хүргэе.

  • Хүүхдэд гэрийн даалгавраа хийх тухтай орчинг үүсгэ. Хайч, цавуу, өнгийн цааснаас эхлээд хэрэгцээтэй зүйлсийг бэлтгэ.
  • Гэрийн даалгавар хийдэг тогтмол цагтай болгох хэрэгтэй. Учир нь зарим хүүхэд үдээс хойш, зарим нь оройн хоолны дараа гэх мэт өөр өөр цагт өөрсдийгөө төвлөрүүлж, хичээл хийх эрмэлзэл нь төрдөг байж болно.
  • Телевиз, гар утас, чанга дуу хөгжим зэрэгт хүүхэд сатаардаг тул төвлөрч гэрийн даалгавар хийж буй үед нь эдгээр зүйлсийг аль болох хол байлга. “Ухаалаг утасгүй” цаг болгож ч болох юм. Эс бөгөөс хүүхдийг тань даалгавраа хийж байхад утас нь дуугарах, найз нь мсж бичих зэрэг зүйлс тохиолдоно шүү дээ. Харин шаардлагатай тохиолдолд утас, нөтбүүк хэрэглэхийг зөвшөөрөх. Мөн хичээлээ хийх гээд сууж байгаа хүүхдийн хажуугаар битгий холхилдоорой. Жаахан дүүг нь бас тэр хугацаанд хол байлгахгүй бол юмыг нь сандааж ном дэвтрийг нь урж орхино шүү дээ.

                                                                                                                   

  • Энэ даалгавар бол зөвхөн хүүхдэд тань зориулсан гэдгийг санаарай. Та хийж чадах ч энэ таны хийх ёстой зүйл биш. Үүний оронд хүүхдээ зааж чиглүүлж, дэмжлэг өгөх хэрэгтэй. Багаас нь хариуцлагатай байдалд суралцуул.
  • Урам зориг өгөн, ухаарал хайрлаж, хүссэн асуултад нь эелдгээр хүлээцтэй хариулж  хүүхдэдээ тус болоорой.
  • Та өөрөө амьд үлгэр жишээ гэдгийг бүү март. Хүүхдээ даалгавар хийж байхад нь ном уншаад эсвэл тэмдэглэл хөтлөөд хажууд нь суу. Тэр танаас суралцах болно.
  • Хийж гүйцэтгэсэн даалгавар бүрийг нь урмын үгээр мялаах. Алдаа гаргасан ч ахиад давтахгүй, илүү сайн хийж чадна шүү дээ гэж урамшуулаарай.

                                                                              

  •  “Даалгавраа хийчихвэл гоё юм авч өгнө” гэх мэтээр аргална гэж бодолтгүй шүү. Та хүүхдээ хамгийн буруу зүйлд багаас нь сургаж байна гэсэн үг. Энэ явдал даамжирвал ямар нэг юм хийх бүрдээ танаар юм авахуулахыг хүснэ. Ирээдүйд дандаа гар хардаг нэгэн болж хувирна.
  • Мартаж болохгүй чухал бие даалт зэргээ наадаг цаасан дээр бичиж өөрт ойр газраа эсвэл хөргөгч дээрээ нааж болохыг зөвлөх.
  • Хүүхдийнхээ багш нартай холбоотой байж юун дээр илүү анхаарвал зохих ёстойг зөвлөлдөх.
  • Ямар ямар хичээлийн даалгавар хийх ёстойг жагсаан бичиж алинаас нь эхлэхээ хамтдаа шийдэн төлөвлөгөө гаргах.                                                                                                                               
  • “Яг одоо дуусгах ёстой” гэж хүүхдийг бүү шах. 10-20 минутын амралт аваад ахин үргэлжлүүлэн хийхийг зөвлө.

                                                                                     

  • Анхнаасаа гэрийн даалгаварт дуртай хүүхэд гэж байдаггүй тул хөгжилтэй байдлаар хийлгэх гэж оролд.
  • “Гэрийн даалгавар” гэх үг хүүхдэд их ачаалал дагуулахуйц хүнд сонсогдож магадгүй. Тэгэхээр хүүхэдтэйгээ ярилцаж байгаад үүнд шинэ нэр өг. “Тархиа баярлуулах цаг”, “Бүтээл урлах цаг”, “Бие даан суралцах цаг” гэх мэт хүссэн нэршлээ өгч болно.
  • Байнга ард нь зогсож хянаад байлгүй хүүхдэдээ чөлөөтэй ганцаараа сууж даалгавраа хийх боломж олгоорой.
  • Хүүхдэдээ сурч боловсрох, эрдэм мэдлэгтэй болохын ач тусыг зөвөөр тайлбарлаж тэдний хүсэл сонирхлыг нь тат. Жишээ нь хүүхэд тань ирээдүйд жүжигчин болмоор байна гэвэл жүжигчин хүн бүх зохиол, текстээ цээжлэх шаардлагатай болдог тухай хэлж өг. Мөн сайн боловсрол эзэмшсэн өөртөө таалагдахуйц амьдралыг илүү хялбар бүтээж чадах ба бусад олон хүмүүст тусалж чадах тухай ойлгуулаарай.

Танд амжилт хүсье.  

Эх сурвалж: wikihow.com, kidshealth.org

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү