Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө


4 жил

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна.  Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:  Гадаадын орнууд Төв банкны Ерөнхийлөгчөө тогтвортой ажиллуулдаг юм билээ. Манайх л тэднээс өөрөөр, зөрж ажиллаад байх юм. Толгой нь уруугаа харчихсан.  Үнэхээр солих шаардлага байсан юм уу, УИХ-ын дарга аа. Бас эдийн засгийн байнгын хорооныхноос асууя.  Цаашид мөнгөний ханшны хэлбэлбэл үүсэхгүй байх, эдийн засгийг тогтвортой авч явахын тулд ямар ажил хийх юм гэдгийг ч бас асууж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр таны тавьсан асуулттай адилхан асуултыг тавьсан. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг өгсөнтэй холбоотойгоор гишүүд хариуцлага тооцох механизм байх ёстой хэлсэн. Зөвхөн "Саарал жагсаалт"-тай холбоотой юм биш. Банкны дампуурал, иргэдийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулснаас авахуулаад олон асуудал бий. Тиймээс хариуцлагын асуудлыг ярьж байгаа юм. Уг нь хуулийн дагуу хариуцлага тооцохоор ярьж байсан. Гэвч өөрөө өргөдлөө өгч байгаа юм байна.  

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д орохоос сэргийлсэн ажлаа сайн хийгээгүй гэдэг үндэслэлээр чөлөөлөх гэж байх шиг байна. Би үүнд үнэхээр харамсаж байгаагаа хэлье.  Монгол Улс ФАТФ-ын жагсаалтад 2004 онд орж байсан. Нэлээд хориг арга хэмжээ авахуулсан. Дахиад  орлоо.  Бидэнд өгсөн 40 зөвлөмжийг өгсөн. Түүнээс  нь дөрвийг нь хэрэгжүүлж чадаагүй.  Тэр дөрвөн зөвлөмж нь юутай холбоотой вэ гэхээр, нэгдүгээрт,  Хойд Солонгосын иргэдийг ажиллуулаад байгаа асуудал. Хоёрдугаарт, хэрэг шийдвэрлэлт маш сул. Хууль, эрх зүйн систем нь байгаа. Гэхдээ ахиц байхгүй. 

Гуравдугаарт, СЗХ-оос ББСБ-уудад хангалттай хяналт тавьж чадахгүй байна. Мөн тусгай хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа сул байна гэсэн асуудал тавьсан. Үүнд Монголбанктай холбоотой ямар ч буруутай үйл ажиллагаа байхгүй.  Нэг асуудал гарахаар, хэн нэгэнд хариуцлага тооцоод, уснаас хуурай гарна гэж бодож байвал үнэхээр харамсалтай. Бид богино ой санамжтай болчихож. 2016 онд Монгол Улс дампуурлын ирмэгт оччихсон байсан. Н.Баяртсайхан Ерөнхийлөгч сайн ажиллаж, энэ аюулаас гаргахад чухал нөлөөлж ажилласан. Гэтэл одоо ажлаас нь халах гээд байж байна.  Шахсаар байгаад өргөдлийг нь өгүүллээ та нар. Энэ хүнийг явуулчихаад хэнээс "Саарал жагсаалт"-аас гарахад ямар ажил хийх талаар асуух юм. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:  Эдийн засгийн өсөлт, валютын нөөц нэмэгдэх, эерэг өөрчлөлтүүдийг ганцхан Монголбанкны Ерөнхийлөгч хийгээгүй. Засгийн газар ч ажилласан. Гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал ч байна. Их олон асуудлаас шалтгаалж байгаа.  

УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Н.Баяртсайхан Ерөнхийлөгчийн мэдээллийг сонссон. Эдийн засаг өссөн, төсвийн алдагдал буурсан гэх мэт олон эерэг өөрчлөлт бий. Гэвч энэ бүхнийг үл харгалзан "Саарал жагсаалт"-д орсон.  Банк санхүүгийн байгуулллагатай холбоотой олон болохгүй, бүтэхгүй асуудал гарсан.   Тиймээс бид өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг ярилцаж байна.  

Гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураалтыг хийлээ. Санал хураалтад 42 гишүүн оролцож, 24 гишүүн зөвшөөрч, 57.1 хувийн саналаар түүнийг ажлаас нь чөлөөллөө.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү