Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн


4 жил

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч сулрах боловч 16-17-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 14-ний 20 цагаа­с 11 дүгээр сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө ялимгүй, өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Эг-үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хэнтийн, уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон голын хөндийгөөр шөнөдөө   14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч  хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү