МАН-ын бүлэг прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжлээ


1 долоо хоног

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа гурван асуудал хэлэлцлээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Мөн Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж шийдвэрлэв. 

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгчөөс Улсын прокурорын тухай хуулийн дагуу УИХ-тай зөвшилцөхөөр М.Чинбат, С.Алиманцэцэг нарын нэрийг оруулж ирсэн. Бүлгийн хурлаар хэлэлцээд олонх нь дэмжлээ. Хоёрдугаарт, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцсэн. Өмнө нь хуулийн агуулга нэлээд өргөн байсан. Тухайлбал, уул уурхай, ахуйн болон үйлдвэрлэлийн салбарууд ус бохирдуулсан тохиолдолд нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Энэ хуулийг УИХ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн байгаа. Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг хуулийн концевцийг жаахан өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараас ус бохирдуулсны төлбөр авахгүй байхаар хэлэлцэж дэмжсэн. Нөгөө талдаа уул уурхайн салбарын нөхөн төлбөрийг нэмэгдүүлж оруулж ирсэн. Дараагийн хэлэлцсэн асуудал бол УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл юм. Ажлын хэсэг өөрчлөлт оруулах саналаа илтгэсэн. Уг саналыг УИХ-д өргөн барихаас өмнө бүлгийн гишүүд хэлэлцэж, зарчмын хувьд гишүүдийн саналыг тусгаад дэмжсэн. 

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ус бохирсдуулсны төлбөрийн тухай хуульд уул уурхайн салбарын нөхөн төлбөрийг 60 хувь болгож бууруулж байгаа гэж байна. Энэ талаар тодруулна уу? 
-Өнөөдрийн бүлгийн хурал дээр олон гишүүн “мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдээс ус бохирдуулсны төлбөр авах гэж байна” гэж шүүмжлэлтэй хандсан. Мал аж ахуй, газар тариалангийн салбар нийт усны хэрэглээний 51 хувийг эзэлж байгаа нь үнэн. Гэхдээ татвар нэмэгдүүлэхгүй гэдэг үүднээс энэ заалтыг хассан. Харин уул уурхайн салбар усыг хэрхэн бохирдуулж байгаа тэр хэмжээгээр төлбөрийг нэмэгдүүлэхээр тусгасан. 
-УИХ-ын дэгийн тухай хуульд энэ удаад ямар өөрчлөлт оруулахаар тусгаж байна вэ. Гишүүдийн сахилга хариуцлагыг сайжруулах талд ямар заалт тусгаж байгаа бол?
-Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар илүү тодорхой мэдээлэл өгөх байх. Дэгийн тухай хуульд нэлээд олон өөрчлөлт оруулахаар байгаа. Нэгдүгээрт, УИХ дэгийн хороотой байх заалтыг оруулж байна. Мөн УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах талд нэлээд заалт бий. Тухайбал, зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үг хэлж, асуулт асууна. Анхдугаар чуулганы үйл ажиллагааг хуульчилж өгч байгаа. Сонгуулийн дараа зарим гишүүн тангараг өргөхгүй гэх асуудал гардаг байсныг хуульд тусгасан зэрэг заалтууд бий. 
-АН бүлэггүй болж, сөрөг хүчингүй байхад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж чадахгүй гэх асуудал яригдаж байна. Үүнд тайлбар хэлнэ үү?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүлэг хийхгүй. Зөвхөн УИХ-ын 57 гишүүн дэмжиж байж өөрчлөлт оруулах ёстой. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн асуудлыг бүлгээр нэг удаа хэлэлцсэн. Цаашид нэг биш нэлээд хэдэн удаа хэлэлцэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү