1.2 сая төгрөгийн цалинтай УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан тасалсан өдрийн тоогоор цалингаа хасуулна


5 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар гурав дахь долоо хоногтоо буюу зургаа дахь удаагаа хойшлоод буй. Өнгөрөгч Баасан гарагт чуулганы хуралдааныг даргалж байсан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ирцээ бүртгүүлэхгүй байгаа гишүүдийн цалинг хасах санал гаргасан билээ. 

 

Тэгвэл ажлаа таслаад байгаа УИХ-ын гишүүдийн цалинг үнэхээр хасах боломжтой юу?  

УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулганаар Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ингэснээр уг хуулийн 35.11-д Гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй хэмээн хуульчилжээ. 

УИХ-ын гишүүн өвчтэй, чөлөөтэй, гадаад улсад томилолттой мөн өвчний улмаас гэр бүлийн гишүүнээ асрах тохиолдолд хүндэтгэн үзэн шалтгаантай хэмээн тооцдог. Дээрх дөрвөн шалтгаангүйгээр чуулганы нэгдсэн хуралдааныг тасалсан бол тухайн өдрийн цалинг олгохгүй байх боломжтой юм байна. Ингэхдээ УИХ-ын Тамгын газраас захирамж гарган тухайн гишүүний тасалсан өдрийн тоогоор цалингаас нь хасах ажээ. 

УИХ-ын гишүүний үндсэн цалин 1,260,000 төгрөг болохыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү баталсан. Хэрэв УИХ-ын Тамгын газраас захирамж гаргавал энэ сард чуулганы нэгдсэн хуралдаан тасалсан гишүүд зургаан өдрийн цалингаа хасуулах болж байна.  

Гэхдээ элдэв сан, төсөл, хөтөлбөрийн дагуу төрөөс тэрбум, тэрбумаар нь зээлчихдэг бизнес эрхлэгч гишүүдийн хувьд зургаан өдрийн цалинд хотойхгүй нь ойлгомжтой. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү