Ш.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэхийг байнгын хороо дэмжлээ


6 жил

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 52.6 хувийн ирцтэй хуралдаж хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэсний нэг нь Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудал байв.

УИХ-ын дарга М.Энхболд хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг.

  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Монгол Улсын гавьяат хуульч Шилагарьдын Солонгын нэрийг дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд санал оруулж буйгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд дурдаад нэр дэвшигч Ш.Солонго нь дээрх хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа, хуульч мэргэжилтэй, гавьяат хуульч цолтой, төрийн албанд 34 жил ажилласан, төрийн ажлын арвин баялаг туршлагатай ажилтан гэдгийг танилцуулгадаа онцлов.

    Нэр дэвшигч Ш.Солонго нь 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 1998 онд Нидерландын Вант Улсад иргэний болон худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ.

Тэрбээр 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын хэлтэст дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 20008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж.

     Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд үг хэлж, нэр дэвшигч Ш.Солонго нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хуулиар тавигддаг шаардлага, шалгуурыг бүрэн хангасан, төрийн ажлын ихээхэн туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, гавьяат хуульч цолтой, олон нийтэд танигдсан, нэр хүндтэй төрийн албан хаагч гэдгийг хэлээд нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлээд Байнгын хороо нэр дэвшигчийг дэмжвэл Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, Хууль зүйн байнгын хороонд энэ талаарх саналаа хүргүүлэх юм гэдгийг хэллээ.

   Ингээд санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр нэр дэвшигч Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм.

    Мөн нэр дэвшигч Ш.Солонго нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажилладаг. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэхийг хуулиар хориглосон байдаг тул тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу түүнийг тус хорооны гишүүнээс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж өгөх талаар Сонгуулийн ерөнхий дарга Улсын Их Хуралд ханджээ.

    Иймээс энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Хэрэв нэр дэвшигч Ш.Солонго нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү