Малайзад хагас зуун жил ноёрхсон Нажибын засаглал бүрмөсөн нурж, Ш.Алтантуяагийн хэрэг шийдэгдэх боломжтой боллоо


6 жил
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайзад хэрцгийгээр алагдаад 10 гаруй жил өнгөрч байна. Энэ хэрэгт Малайзын төр засаг болон Монгол Улсын төр засгийн зарим албан тушаалтан хайхрамжгүй хандсаны улмаас одоог хүртэл шийдэгдээгүй ирсэн юм. Тухайлбал, Ш.Алтантуяагийн хэрэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд асан Л.Болд нар муу ажилласан байдаг бол Малайзын талаас Ерөнхий сайд Нажиб Разак, Батлан хамгаалахын сайд Абдул Разак Багинда нар гэм буруутай гэж яригддаг.
Ш.Алтантуяагийн хувьд Абдул Разак Багиндатай дотно харилцаатай байсан гэдэг бөгөөд түүний Францаас шумбагч хөлөг онгоц худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээрт орчуулагчаар ажилласан байдаг юм. Багинда, Нажиб нарын хүмүүс Батлан хамгаалах яамны энэ гэрээнээс ихээхэн хэмжээний мөнгө унагаж, хувьдаа завшсан агаад хууль бус үйлдлээ нуун дарагдуулахын тулд Монгол Улсын иргэнийг тун хэрцгийгээр хөнөөсөн.
Тэгвэл бүтэн 60 гаруй жил тогтсон Нажибын засаглал нуран унаж Малайзад шинэ Ерөнхий сайд гаран ирлээ. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар дахин сонгогдсонд баяр хүргэхийн ялдамд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэгт анхаарлаа хандуулахыг хүслээ.
Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын Малайзын шинэ Ерөнхий сайд Махатир Бин Мохамадад илгээсэн захидлыг хүргэе.
 
Захидалд:
 
Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,
Саяхан болсон Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд Таны тэргүүлсэн эвсэл ялалт байгуулж, Эрхэмсэг ноён Та Ерөнхий сайдаар дахин томилогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэж мэндчилье.
Эрхэмсэг ноён Та өмнө нь Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдаар 22 жил ажиллах хугацаандаа улс орноо эрчимтэй хөгжүүлэх үйл хэргийг манлайлан хошуучилж, Малайз Улсын нэр хүнд, байр суурийг бүс нутагтаа төдийгүй дэлхий даяар ихээхэн бэхжүүлсэн билээ.
Эрхэмсэг ноён Та 1997 онд Малайз Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсныг дурсан санахад таатай байна. Монгол, Малайзын уламжлалт найрсаг харилцааг сэргээн идэвхжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх үйлсэд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та санаачлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны 10 дугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна.
Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
            ХАЛТМААГИЙН БАТТУЛГА” гэжээ.
 
zahidal
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү