Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлаа хүлээж авлаа
НИТХ ээлжит бус долдугаар хуралдаанаа хийж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн томилгоог хэлэлцсэн. Улмаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг төлөөлөгчдийн олонх нь дэмжсэн юм. Улмаар НИТХ энэхүү шийдвэрээ батламжлуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн. Ерөнхий сайд НИТХ-ын шийдвэрийг батламжилсан бөгөөд С.Амарсайхан сая ажлаа хүлээж авлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжийг танилцууллаа. Улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалан С.Амарсайханд тамгыг нь гардуулж өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажил хүлээлцэх үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл бол Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь амьдардаг том хот. Түгжрэл, утаанаас эхлээд олон асуудал байгаа. Мэдээж энэ бол нэг жилийн хугацаанд шийдэгдэх асуудал биш. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот утааны асуудлаа шийдэх ТЭЗҮ, хийх ажлын төлөвлөгөө нь төслийн танилцуулгын хэмжээнд байна.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотыг нэг жил эсвэл дөрвөн жилээр төлөвлөх биш 20-25 жилээр харах хэрэгтэй. Хөшигийн хөндий рүүгээ төвлөрөх юм уу, эсвэл Багануур руу төвлөрөх юм уу. Төлөвлөлтгүй газар олголтоос болж өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэл, утааны асуудал үүссэн. Тиймээс УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр, Үндэсний хөгжлийн газартайгаа туйлын ойрхон хамтарч ажиллах ёстой. Засгийн газар дэмжиж ажиллах үүрэгтэй. Богино хугацаанд илүү хурдтай залуу хүний эрч хүчээр ажиллана гэдэгт итгэж байна. Мөн хууль журмаа сахиулж ажиллах хэрэгтэй. Нийслэлийн төв талбайгаа хүртэл алдчихсан байгаа. Ийм байдлаас гарч илүү төлөвлөлттэй, цэгцтэй, хүчтэй шинэ үеийн Улаанбаатарыг бүрдүүлэхийн төлөө мэргэжлийн багтай хамтарч ажиллаарай гэж Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хүсье” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн С.Амарсайхан тамгаа гардаж авсныхаа дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах байдлаар хариуллаа.
-Та шинэ ажлаа хүлээж авлаа. Эхний ээлжид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Хийх ажил, шийдэх асуудлыг холоос хайхгүй. Замын түгжрэлийг багасгах, цаашлаад иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийг зөв явуулах зэрэг олон асуудал бий. Энэ бүхнээс ажлаа эхлүүлж, үргэлжлүүлэн хийгээд явна. Нийслэлийн иргэдийнхээ амьдрал ахуй, хүндрэл, бэрхшээлийг мэддэг хүнийхээ хувьд цаг алдах асуудал байхгүй. Бидэнд хийх ажил их байгаа учраас хамгийн түрүүнд шийдэж болох, үр дүн гарах ажлууд дээр анхаарлаа хандуулж ажиллана. Хариуцлагын асуудал их чухал. Хариуцлага аль аль шатанд сул, ёс зүй дорой байгаа. Хэрэв төрийн албан хаагч бүх шатандаа хариуцлагатай байж бүтээлч ажиллаж чадвал нийслэлчүүд бидэнд шийдэж болохгүй асуудал гэж байхгүй. Тиймээс хариуцлагыг чангатгахаас ажлаа эхлүүлнэ. Гэхдээ хариуцлагыг чангатгаж байна гээд хэт туйлшрахгүй.
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд өөрчлөлт оруулах уу?
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг илүү үр дүнтэй явуулах, шийдэх ёстой асуудлуудыг цаг алдалгүй шийдэх үүднээс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлт хийнэ. Гэхдээ өөрчилж байгаа нь энэ гээд хэн нэгэн албан тушаалтан бүлэглэл, сүлжээнд зориулсан бус асуудлыг шууд шийдвэрлэх бүтэц зохион байгуулалт хийнэ. Мөн нийслэлийн олон жилийн турш явж ирсэн арга барил, бодлого, шийдлийн тогтолцоог өөрчилнө. Ажлаа цаг үе, нийгмийн шаардлагатайгаа нийцүүлэх ёстой.
-Та унаган хотын хүүхэд үү. Хотын соёлыг түгээх чиглэлд хэрхэн анхаарах вэ?
-Унаган хотынх ч бай, хөдөө орон нутгийнх ч бай бид Монгол Улсын л иргэд. Би бол Налайх дүүрэгт төрж, өссөн хүн. Миний аав, ээж бол уурхайчин. Налайхын нүүрсний уурхай гэж Монгол Улсын аж үйлдвэрийн ууган голомт ажил хөдөлмөрөө цэцэглүүлж байхад нүүрс хүрздэж бүтээн босголцсон олон мянган уурхайчны төлөөлөл. Долоо, найман настай байхаасаа аав, ээжийгээ дагаж хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч өссөн. Тиймээс нийслэлд шийдэх ёстой ажлуудыг шийднэ гэсэн хүсэл зорилгодоо хөтлөгдөөд явж байна. Хотын асуудлыг шийдэхэд хаана төрж, өссөн нь чухал бус хэзээ юу хийх вэ гэдэг нь чухал.