Гэрлийн долгионыг АНХ УДАА дууны долгион болгожээ


7 жил

Сиднейн их сургуулийн эрдэмтэд гэрлийн долгионоор дамжин ирсэн дижитал мэдээллийг микрочип дотор дууны долгион болгон хөрвүүлжээ. Ийм төрлийн туршилт анх удаа амжилттай болж буй нь энэ юм.

Технологийн хувьд ийм дэвшилд хүрсэн нь мэдээлэл хадгалахдаа электрон бус гэрэл ашигладаг компьютерыг бүтээх үндэс болно. Хэрвээ амжилттай болбол бид цахилгаан соронзон орны нөлөөнд ордоггүй, хэт их халж, хэт их эрчим хүч зарцуулдаггүй компьютертой болох юм.

Гайхалтай сонсогдож байгаа ч, нэг асуудал бий. Учир нь гэрэл их хурдтай болохоор холбооны хэрэгсэл болгоход тохиромжтой. Гэвч компьютер боловсруулж амжхааргүй хурдан. Тиймээс Сиднейн Их сургуулийн эрдэмтэд гэрлийн долгионыг дууны долгион болгон хувиргаж, хурдыг нь удаашруулжээ.

Төслийн багийн зохицуулагч доктор Биржит Стиллер “Бидний бүтээсэн чип гэрлийн долгионыг энгийнээс нь тав дахин удаан дамжуулна. Ер нь бол аянга, цахилгаан шиг ялгаатай” гэсэн юм.

Харилцаа холбооны салбарт гэрлийг ашиглаж байгаа хэдий ч долгионд агуулагдаж буй мэдээллийг электрон руу хөрвүүлдэг. Тиймээс компаниуд цэвэр фотон микрочип бүтээх сонирхол ихтэй.

Олон ч туршилт хийж байсан боловч өнөөдрийг хүртэл тохиромжтой бүтэц бүхий, чипийг бүтээж чадаагүй. Харин Австралийн эрдэмтдийн бүтээсэн загвар фотон компьютерыг бүтээхэд нэг алхам ойртуулжээ.

Хамгийн сонирхолтой нь энэ технологи одоогийн компьютерын систем болон ирээдүйн квант компьютер хоорондын зайг нөхөх гүүр болно гэж тэд үзэж байгаа аж.

Эх сурвалж: IFLScience 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү