“2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль эдийн засгийн эрх чөлөөний төлөөх сонгууль байх болно”


7 жил

    Монгол Улсын тав дахь Ерөниийлөгчийг сонгох сонгууль энэ сарын 26-нд болох билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, Монгол орноо нар зөв тойрон иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа билээ. Тэрбээр өчигдөр долоо дахь аймгийнхаа буюу дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн сонгогч, дэмжигч, иргэдтэйгээ уулзаж, мөрийн хөлөлбөрөө танилцууллаа. Энэ удаагийн уулзалтад АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Дундговь аймгийн АН-ын дарга Ц.Мөнхбат, аймгийн Ардчилсан холбооны тэргүүн С.Пүрэвсүрэн нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Дундговь аймгийн АН-ын дарга Ц.Мөнхбат үг хэлсэн. Тэрбээр “Бид төрийн тэргүүнээ сонгох түүхэн сонголтын өмнө ирээд байна. Энэ удаагийн сонгуульд бид ялагдах эрхгүй. Учир нь нэг нам хэт олонх болж, түүндээ бардаж, халж сольсон, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ажилласан ийм үед бид чухал сонголт хийх гэж байна. Манай намд алдаа, оноо байсан. Түүнийгээ засч залруулахын төлөө намын шинэчлэлийг хийж, гишүүдийнхээ шийдвэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан. Бид том эрх мэдэл, асар их мөнгөний эсрэг өрсөлдөж байгаа гэдгээ алхам тутамд мэдэрч байна. Тиймээс Монголоо гэсэн сэтгэлтэй монгол хүн бүрийн сэтгэл зүтгэл, сонголт хэрэгтэй. Тэр дундаа АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг сонгохыг уриалж байна. Тэрбээр эв эеийг эрхэмлэсэн, иргэдээ дэмжсэн Ерөнхийлөгч байж чадна. Монгол ялна аа” хэмээн хэлсэн юм.

Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлж, энэ намаас нэр дэвшсэн Х.Баттулгыг дэмжихийг уриаллаа. Мөн Дунговь аймгийн Ардчилсан холбооны тэргүүн С.Пүрэвсүрэн, ахмад гишүүн А.Хатантөмөр нар үгээ хэлж, амжилт хүсч, дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Улмаар нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдод хандаж үг хэлж, улс орон ямар байгаа талаар хэлж, юу өөрчлөх цаг болсныг сануулсан. Тэр дундаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль эдийн засгийн эрх чөлөөний төлөөх сонгууль байх болно гэдгийг онцолсон юм. Мөн эдийн засгийн хараат байдал руу орчихсон. Хятадаас 96 хувь хараат болсон. Энэ бүхнийг өөрчлөх цаг болсныг ч сануулж, өөрчлөхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.

Түүнийг үг хэлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж дууссаны дараа Дундговь аймгийн иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл үг хэлж, амжилт хүсч, Ерөнхийлөгч болж, их зүйлийн өөрчлөхийг захисан юм.

А.Цолмонтуяа: Х.Баттулга нэр дэвшигчийн ам, ажил хоёр зөрдөггүй

Дундговь аймгийн иргэн, эдийн засагч

-Би эдийн засагч, судлаач хүн. Цөөнгүй жил судалгаа хийж, эдийн засгийн нөхцөл байдлыг харж, анзаарч байдаг хүний нэг. Х.Баттулга нэр дэвшигч хэлсэн үгэндээ онцоллоо. Судлаачид, эрдэмтэд, эдийн засагчид үгээ хэлээч ээ, үнэнийг ард түмэнд ойлгуулаач гэж. Бид хэрэндээ л ойлгуулах гээд л зүтгээд байгаа. Гэвч тийм ч хангалттай биш байгаа нь үнэн. Дээрээс нь эдийн засгийн нөхцөл байдал хүнд, нэг улсаас хэт хараат болсон. Байгалийн баялгийг гадагш нь түүхийгээр нь зөөж, үрэн таран хийж байгаа нь ч үнэн. Би Х.Баттулга нэр дэвшигчийн хийж байгаа үйлдэл, санаачилж буй ажил, хэрэгжүүлсэн төслүүдийг харж, сонсч, судалж яваа хүн. Тиймдээ ч түүний ам, ажил хоёр зөрдөггүй гэдгийг нь мэднэ. Монголд хүсэл тэмүүлэл, эх орноо гэсэн чин сэтгэл хэрэгтэй байна.

Н.Соёмбо: Монголд хэрэгтэй бодлогуудыг гаргаж чадах хүн учраас би дэмжинэ

Дундговь аймгийн иргэн

-“Монгол ялна” гэсэн уриатай болохоор хүмүүс ёжолж байгаа харагдсан. Гэтэл өнөөдрийг хүртэл бид өнөөдрийг хүртэл юун дээр ялав. Эдийн засаг, аж үйлдвэрийн салбарт ялагдсан. Энэ салбарт бодлого урагшаа явахгүй байгаа. Х.Баттулга нэр дэвшигч арьс, шир боловсруулах үйлдвэрийн төслийг сайд байхдаа санаачилж, ажил хэрэг болгох гэж зүтгэж байсан. Монгол Улсад том арьс, шир боловсруулах үйлдвэр ашиглалтад орох нь дээ гэж баярлаж байлаа. Гэвч энэ төслийг эрх мэдэлтнүүд хүчээр зогсоосон. Өнөөдөр арьс, шир ямар үнэтэй байгаа билээ. Хэдхэн мянган төгрөгний л үнэтэй байна. Гэх мэт олон зүйл дээр бид ялагдсан. Ялсан салбар байна уу. Огт байхгүй гэж хэлж болж болохгүй. Архелогийн хайгуул гэж бий. Гадныхан ирж манай улсад судалгаа хийгээд, тэд эрдмийн цолыг нь авч, өөрсдийгөө сурталчилдаг байлаа. Тэгвэл Х.Баттулга нэр дэвшигч өөрийнхөө хөрөнгөөр “Ганц мод-1, 2”-ын судалгааг санхүүжүүлсэн. Ингэж монголчууд өөрсдөө анх удаа архелогийн том судалгаа хийж, дэлхийд олон бүтээл гаргасан. Төрд хамаагүй ажил хийхээр л урагшаа яваад байгаа юм. Тийм болохоор салбар бүр дээр Монголыг ялуулахын төлөө энэ хүнийг дэмжээрэй гэж хэлье. Энэ хэцүү цаг үед Монголд хэрэгтэй тэр бодлогуудыг энэ хүн л гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. Тийм болохоор бид дэмжинэ ээ.

Н.Гантулга: Хоосон ярьдаг хүмүүсийг биш хийсэн ажилтай, хэлэх үгтэйг нь сонгох хэрэгтэй байна  

Дундговь аймгий иргэн

-АН-ынхан  хүч тэнцвэргүй тулаанд хамгийн хүчтэй нэр дэвшигчээ өрсөлдүүлж байгаа гэж харж байна. Та бүхэн байдлыг харж байгаа байх. Хэвлэл мэдээлэл, цахим ертөнцийг МАН-ынхан тэр чигээр нь худалдаад авчихаж. Тэр дундаа Улаанбаатарт байгаа самбаруудыг тэр чигээр нь эзэгнэж байна. Асар их эрх мэдэлтэй, мөнгөтэй нэр дэвшигчийн өөдөөс өрсөлдөж байгаа гэдэг нь зах зухаасаа ингэж харагдаад байна. Гэхдээ АН хүчтэй хүнээ өрсөлдүүлж байгаа. Х.Баттулга нэр дэвшигч хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй хүн. Өрсөлдөж буй хоёр нэр дэвшигчтэй харьцуулшгүй. Тэр Монголын “гавьяат” худалчуудтай өрсөлдөж байна гэж би ойлгосон. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд  төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашсан. Ерөнхийлөгчөөс бусад. Гэтэл одоо Ерөнхийлөгчөөр би сонгогдвол Монгол Улс сайхан болох гээд байна гэж яриад байна. МАХН-аас өрсөлдөж байгаа С.Ганбаатарыг хамгийн худалч хүн гэдгийг та бүхэн мэднэ. Сургууль төгссөн гэж худлаа ярьж байгаа хүн Монгол Улсыг яаж хөгжүүлэх билээ. Тэгвэл Х.Баттулга нэр дэвшигчид хийсэн, бүтээсэн маш олон ажил байна. Хэрэгжүүлсэн, санаачилсан олон төсөл бий. Ийм л ялгаатай гурван хүн өрсөлдөж байгаа. Тийм учраас ажил хийсэн, хийж чаддаг хүнийг сонгохыг та бүхэндээ уриалж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү