ОХУ манай эрх баригчдад дипломат сануулга өглөө


6 жил

Оросын тал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээж авалгүй, түүний ОХУ-д хийх айлчлалыг хойшлууллаа. Энэ нь манайд өгч буй дипломат сануулга бөгөөд чухам ямар шалтгааны улмаас ингэх болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч ОХУ-ын ашиг сонирхолд Монгол Улс харшилсан нь ойлгомжтой байна. Гадаад харилцааны сайд Т.Цогтбаатар өнгөрөгч долоо хоногт ОХУ-д айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах үеэрээ Ерөнхий сайдын айлчлалын товыг тогтоосон юм. Хоёр тал харилцан тохиролцож Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалд бэлтгэж байсан ч гэнэт Оросын тал одоогоор хүлээж авах боломжгүй байна хэмээн мэдэгдэв.   

Ерөнхий сайдын хувьд энэ сарын 23-26-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж, энэ үеэрээ Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцох төлөвлөгөөтэй байсан билээ. Гэвч Оросын тал Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авахад бэлэн биш байна гэдгээ дөнгөж сая мэдэгдлээ.

У.Хүрэлсүхийн хувьд 2017 оны 10 дугаар  Ерөнхий сайдын албан тушаалд очсоныхоо дараа Өмнөд Солонгос болон Хятад Улсуудад айлчлаад байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал түүний ОХУ-д хийх анхны айлчлал байв.

Эх сурвалжийн үзэж буйгаар бол, ОХУ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг УИХ дахь МАН-ын бүлэгт Тавантолгойн ордыг хөдөлгөх төслийг танилцуулсантай холбоотойгоор түүний айлчлалыг хойшлуулсан гэнэ. ОХУ Тавантолгой төсөлд оролцож, төмөр зам барих асуудлыг сонирхож байгаа бөгөөд У.Хүрэлсүхийн дээрх төслийн хөтөлбөрт ОХУ багтаагүй бололтой. Нөгөө талаас У.Хүрэлсүх Хятадтай илүү ойртож нөхөрлөж байгаа нь ОХУ-д таалагдаагүй гэлтэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү