Засгийн газар өнөөдөр хариу өгөхгүй бол суулт цаашид үргэлжилж ажил хаяна


6 жил

Сүхбаатарын талбайд ажил хаялтын өмнөх суулт хийж буй эмч, эрүүл мэндийн ажилтнууд Засгийн газраас Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардаж байгаа бөгөөд уг шаардлагад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо тэргүүтэй олон үйлдвэрчний эвлэлийн холбоо нэгдэж төр засагт хандаж үгээ хэлсэн юм.

Тухайлбал, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "МҮЭ-үүдийн тэмцэл зургаан хоногийн өмнө бус 4 жилийн өмнө эхэлсэн. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр цалин хөлс нэмэгдүүлэх саналыг гурвалсан гэрээний хүрээнд гарган тавьсан. Дөрвөн жил дэндүү урт хугацаа. Үе үеийн Засгийн газрын туйлын хариуцлагагүй ажилласны горыг өнөөдөр бид харж байна гээд эв нэгдэлтэй, хуулийн дагуу тэмцэхийг уриалсан юм".

Суултад оролцогчдын зүгээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төсвийн болон НББСШУ-ны байнгын хороод, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд нарт хандсан шаардлага дахин гаргасныг ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар танилцуулаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргад өгсөн.

Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх асуудлыг төсвийн тодотгол хийх замаар шийдвэрлэхийг тус шаардлагад онцолсон байна.

Шаардлагын хариуг өнөөдөр ирүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийн дагуу Хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлж, ажил хаялт зохион байгуулах болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Ямартай ч, дараачийн тэмцэлд орох эсэх нь өнөөдөр Засгийн газраас шалтгаалах юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү