Б.Саранхүү: Дэлхийн аваргад явахын тулд ажлаасаа гарч бэлтгэлээ хийсэн
Бид ярилцлагынхаа хүмүүс буландаа 1990-ээс хойш төрсөн амжилттай яваа бүхий л салбарын залуустай тэдний үзэл бодол, хүсэл мөрөөдлийн тухай ярилцаж байхаар боллоо. Иймээс өнгөрөгч аравдугаар сарын 24-29-ний хооронд WRPF холбооны RAW пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай оролцсон Хэнтий аймгийн залуу тамирчин Б.Саранхүүг энэ удаагийн ярилцлагын зочин болгож байна. Тэрээр залуучуудын -75кг жинд өрсөлдөн гурван төрлийн нийлбэр дүнгээр мөнгөн медаль, хэвтээ шахалтын төрөлд алтан медаль, залуучуудын бүх жингийн абсолютаар гуравдугаар байрт орж “Абсолют” цомын эзэн болсон юм.
Б.Саранхүү 1995 оны 8-р сарын 18 нд Хэнтий аймагт төрсөн. Хэнтий аймгийн 1-р арван жилийн сургуулийг 2012 онд төгсөн. 2012 оны 9-р сард МУБИС-ийн Урлаг Биеийн Тамирын Сургуульд элсэн 2016 оны хавар амжилттай төгссөн нэгэн.
-Өдрийн мэнд. Өмнө нь өөр чиглэлийн тамирчин байсан, тэгвэл чухам хэзээнээс пауэрлифтингээр хичээллэх болсон бэ?
-Жүдогоор хичээллэдэг байлаа. Тухайн үедээ бярдуулаад хүч дутдаг байсан болохоор хүчний төрлийн бэлтгэл хийхийн тулд штанк өргөх болсон. Нэг өдөр жүдогийн бэлтгэл, дараагийн өдөр нь штанк гээд л ээлжилдэг байв. Гэвч бэртэл авч гараа хугалснаас хойш барилдахад гар маань нэг л болохгүй бэртэл авах гээд байсан учир хэсэг бөхөөсөө завсарлахаар шийдсэн. Ингээд л түр завсарлах хугацаандаа биеэ хөгжүүлэх зорилгоор штанк өргөж бэлтгэл хийх болсон. Анхандаа пауэрлифтингээр туушдаа хичээллэнэ гэж боддоггүй байсан ч н.Баасандамба багшийнхаа тэмцээнийг очиж үзсэнээр “Би ч гэсэн эдгээр тамирчидтай адилхан өргөж болохоор юм байна, цаашлаад хичээллэж өөрийгөө сорьж үзье” гэж шийдсэн юм.
-Хичээллээд хэдэн жил болж байна. Энэ хугацаанд хэр амжилт гаргав.
-2015 оноос хичээллэж эхэлсэн. Анхны тэмцээн буюу 2016 оны хэвтээ шахалтын УАШТ-нд хүрэл медаль авсан, хоёр дохь тэмцээнээсээ мөнгөн медаль авлаа, ингээд л урамшиж эхэлсэн дээ. Түүний дараа сургуулиа төгсөөд долоо дугаар сард болсон сард болсон УАШТ-нд түрүүлэн дэлхийн аваргад оролцох эрхээ авч бэлтгэлээ хийж өнгөрсөн сард тэмцээндээ амжилттай яваад ирлээ.
-Тамирчин бүрд тулгардаг асуудал бол бэлтгэлийн бааз, дэмжих санхүү дэмжлэг байдаг. Тэгвэл дэлхийн аваргад явахаасаа өмнө хаана хэрхэн бэлтгэл хийдэг байв. Ажил төрөл, бэлтгэл, замын зардал зэргийг хэрхэн зохицуулж ирсэн бэ?
-Санхүү мөнгийг өөрсдөө л гаргана даа. Тухайн үедээ ажлаа хийнгээ бэлтгэл хийх нь ядралт их олигтой хүч нэмэгдэж өгдөггүй. Ажил хийхгүй бол санхүү мөнгө хоол ундны хувьд зохицуулахад хүндрэлтэй байдаг. Гэсэн ч би зориглоод ажлаасаа гарч Дэлхийн аваргын бэлтгэлдээ гарч байлаа. Харин бэлтгэл хийх тал дээр би сургуулийнхаа зааланд хийх цаанаа нэг өөр, сэтгэл санаа тайван байдаг. Аль болох эндээ хийхийг хүсдэг.
-Тэмцээний үеэр сэтгэгдлээсээ хуваалцаач.
-Айдас их байлаа. Монголчууд бид тэнд байсан европын орны тамирчдаас хамаагүй жижигхэн биетэй мөр хавьцаагаар л татаж байсан. Тэд ч биднийг бараг эд нар өргөж чадах уу гэсэн янзтай дооглонгүй байлаа. Тэмцээний өмнөх шөнө их сандарч байсан ч тэмцээн эхлэхэд бид маш өргөж тэднээс ч илүү байж чадсан. Биднийг тавцанд гарч ирэх тоолонд хүмүүс маш сайн дэмжиж Монголиа хэмээн орилцгоож байсан шүү. Мөн манай багш Ш. Алтанбаганa, холбооны ерөнхийлөгч Ш.Ариунбаатар, Ш.Бямбатогтох нар өөрсдийн жин тус бүрд түрүүлсэн. Тэд маань төрсөн ах дүүс.
-Гурван төрөлд шагнал авсан шүү дээ.Тэр тусмаа абсолютаар цом авлаа гэсэн. Үүнийг нэг тайлбарлаач.
- Пауэрлифтинг хэрэглэлтэй ба хэрэглэлгүй гэсэн хоёр янз байдаг. Миний явсан ДАШТ бол хэрэглэлгүй төрөл нь. Хэвтээ шахалтынхаа -75кг жинд түрүүлж бүх жингийн абсолют төрөлд оролцох эрхээ авсан. Абсолютад өрөлсөлдөж байгаа тамирчид өөрийн чадах хамгийн хүнд жингээ өргөж, биеийн жин өргөсөн кг-ийг харьцуулан дүнгээ гаргаж бүх жингийн аваргаа тодруулдаг. Харин миний хувьд энэ төрөлд залуучуудаас амжилттай оролцож анх удаа цом аваад байгаа юм.
-Цаашид юуг төлөвлөж, зорьж байна?
- Пауэрлифтингийн тамирчдад улсаас ямар нэгэн дэмжлэг, санхүү мөнгө туслалцаа байдаг уу?
- Топ спортуудын төрөлд багтаагүй өөрсдөө санхүү мөнгөө зохицуулна.Байнгын шигшээ баг гэж байхгүй. Улсын аваргад оролцож хэн сайн байсан тэр хүн л явах болно. Ер нь пауэрлифтингийн спорт нь маш их хэрэглээ шаарддаг. Өдөрт 4-5 удаа хоол иднэ, уураг витамин хэрэгтэй. Байнгын бэлтгэлтэй байж пормоо алдахгүй байх. Миний хувьд тэмцээнд явж ирээд маргааш нь бэлтгэлдээ орсон. Тэмцээний бэлтгэл гээд ажлаасаа гарсан болохоор одоохондоо ажилгүй байна даа.
- Чамайг ихэд хөдөлгөөнтэй, тал бүрийн авъяастай нэгэн гэхэд хэлсдэхгүй. Найзууд чинь мөн адил тэгж дүгнэдэг юм байна лээ. Тэгвэл кизомбо бүжгийн талаар ярилцах уу?.
- /Инээв/ Тиймээ би Кизомбо бүжгээр бүжиглэдэг. Сургуулиа төгсөөд энд ажиллах амьдрах болсон. Зун чөлөөт цагаа өнгөрөөж байхдаа кизомбо бүжгийн анхан шатны хичээлийг заалгасан даа. Кизомбо бүжиг их гоё чөлөөтэй. Хүмүүс нь их нээлттэй сайхан байсан.
- Бэлтгэлээ хийж байхад чинь анзаарлаа. Гар дээрх шивээс нь их содон харагдаад. Ямар нэг утга бий юу?
-Тэгэлгүй яахав. Аав минь бас өөрийн нэрний утгатай билэгдэлтэй холбоотой шивээстэй. Би гурван хүүтэй айлын бага хүү учраас аавынхаа залгамжийг авч хүсэл мөрөөдлөө билэгдсэн шивээс хийлгэсэн. Шивээсийг минь харвал аварга хэмээх бичигтэй саран дээр суусан эрүүл чийрэг гэзэгтэй хүн бий. Манай аав гэзэгтэй хүн байдаг болохоор аавыгаа дүрсэлж гэзэгтэй болгосон, үүнээс гадна сар дээр сууж байгаа нь миний нэрний утга, бие нь эрүүл чийрэг байгаа нь ирээдүйд би ийм биетэй болно, мөн аварга болно гэж “Champion” гэж бичүүлсэн юм лдаа.