Т.Дэлгэрмөрөн: Би удахгүй шоу менежер, сэтгүүлчийн ажлыг дуулиан шуугиантайгаар эхлүүлнэ

Т.Дэлгэрмөрөн: Би удахгүй шоу менежер, сэтгүүлчийн ажлыг дуулиан шуугиантайгаар эхлүүлнэ

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил 3580

     Энэ сарын 17-нд буюу төрсөн өдрөөрөө тоглолтоо хийх гэж буй дуучин Т.Дэлгэрмөрөн өнөөдөр хэвлэлийн бага хурлаа тун сонирхолтойгоор хийлээ. Баянгол зочид буудлын ерөнхийлөгчийн өрөөнд сэтгүүлч тус бүртэй нүүр тулан уулзаж, хүссэн асуулт бүрд нээлттэй хариулсан юм. Ингээд та бүхэнддээ дуучин Т.Дэлгэрмөрөнтэй ярилцсан хэсэгхэн яриагаа хүргье.

-Өдрийн мэнд. Яагаад ийм хэвлэлийн бага хурал болов?

- Зохион байгуулагчдын зүгээс гаргаж байгаа шинэ санаа. Энэ ч надад таалагдсан. Сэтгүүлчид нэг том зааланд цуглаад асуултаа асуух нэгэн байна. Гэвч энэ нүүр тулсан ярилцлагаар илүү ойр ярилцах боломжийг олгож байна. Бас энэ сайхан хүндэтгэлийн өрөөнд ярилцаж сэтгүүлч та бүгдийг хүндэтгэж байна.  Тоглолт маань мөн шинэлэг, гэнэтийн бэлгээр дүүрэн байх болно.

- Магадгүй таны тоглолтыг үзэж амжаагүй хүмүүс дахин тоглоосой үзэх юмсан гэж бодох л байх. Тэгвэл та дахин тоглох уу? Таны тоглолт яг л монгол гэрт байгаа мэт сэтгэгдэлийг өгнө, олон олон гэнэтийн бэлэг бэлдсэн гэж та ярьсан байсан.

- Анхны тоглолтоо хийснээс хойш арав гаран жил болж байна. Энэ хугацаанд маш олон хүмүүс миний тоглолтыг хүлээсэн. Гэхдээ өөрийн төрсөн өдрөө ар түмэнтэйгээ хамтдаа нэг л өдөр дахин давтагдашгүйгээр өнгөрөөхийг хүсэж энэ тоглолтоо хийж байна. Би эндээс ямар нэгэн ашгийг хараагүй. Энэ тоглолтоос олж буй ашиг эргээд тоглолтын зохион байгуулалт бүхий л зүйлд зарцуулагдаж байна. Харин үзэгч ард түмний тэр хүлээлтийг дараа өөр тоглолтоор хүргэх байхдаа.

 

-Та өмнө нь бөхийн спортоор хичээллэж байсан. Тэр ч бүү хэл Ирланд улсад суугаа Монголчуудын наадамд оролцон начин цол авсан. Тэгвэл Дээгий ер нь дуучин болоогүй бол одоо ямар чиглэл мэргэжлийн хүн байх вэ?   

- Миний “Б” төлөвлөгөө бол сэтгүүлч. Би дуучин болоогүй бол сэтгүүлч л байх байсан. Дээгий нь удахгүй тоглолтын шоу менежер, зохион байгуулагч болж, сэтгүүлчийн ажлыг маш дуулиан шуугиантайгаар эхэлнэ дээ .

- Саяхан Дээгий хуримаа хийлээ гэж интернетээр шуугиад авсан, гэвч энэ клипний зуран авалт байлаа. Гэхдээ та хурим хийж, дахин хувийн амьдрал зохионо гэж бодож байна уу?

- Эхнэртэйгээ жилийн дараа ингээд л сайхан хуримыг хийнэ шүү гээд төлөвлөчихсөн байлаа. Гэхдээ 24 цагийн дотор миний амьдрал тэр чигтээ эргэсэн. Гэхдээ тэр бүх төлөвлөсөн хуримыг үйл ажиллагааг би охиныхоо хуримд хэрэгжүүлнэ гэж бодож байна. Хорвоогийн хүнд хэцүүд охиноо ганцааранг нь үлдээхийг хүсэхгүй учир олон сайхан дүү нартай болгохыг хүснэ. Хорвоогийн хаа нэгтээ энэ сайхан боломжийг өгөх тэнгэрлэг нэгэн бүсгүй хүлээж байхыг үгүйсгэхгүй.  Гэвч би дахин хорвоогийн хагацлыг үзмээргүй, хэн нэгэнд ч бас үзүүлмээргүй байна.  

  Сэтгүүлч надад ноогдсон арван минут тун ч хурдан дууслаа. Тэрээр хүрэлцэн ирсэн сэтгүүлч бүрд ярилцлагын төгсгөлд өөрийн цомгоо бэлэглэж байсан юм. 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү