Раффаели Орефис: Монгол бол маш их потенциалтай улс

Раффаели Орефис: Монгол бол маш их потенциалтай улс


7 жил 5034

“Манай Хүмүүс булангийн энэ удаагийн зочноор Италийн Термигас компаний Монгол дахь захирал, архитектор, иргэний инженер Раффаели Орефис оролцлоо. Тэр найман жил Хятад, Вьетнамын Финенко архитектурын компанид ажилласан туршлагатай нэгэн.  Бид ярилцлагын эхний хэсэгтээ архитектур тэр дундаа Улаанбаатар хотын архитектурын асуудал, Итали дизайн зэрэг сэдвээр ярилцлаа."

-Та ямар чиглэлээр ажилладаг архитектор вэ? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би контемпорари архитектурт ажиллаж байсан туршлагатай. Миний суурь бол түүхэн барилгууд. Миний их сургуульд сурдаг байсан гол сэдвүүд бол хуучны барилгуудыг сэргээх байлаа. Үүнээс гадна би иргэний инженерээр суралцаж барилгын бүтээн байгуулалтаар Докторын зэрэг хамгаалсан. Дараа нь би Шангхайд шинэ барилга бас хот төлөвлөлтөөр ажиллаж байв. Жилийн дараа Вьетнамын Ханойд очиж,  бараг 20 жил ажилласан. Тэндээ би бас Францийн элчин, Тайландын элчин  зэрэг түүхэн барилгууд, нөгөө талд би тауэр, оффис, зочид буудал, ресорт зэрэг контемпорари барилгуудтай ажиллаж байв. Дараа нь Монголд ирээд өөр төрлийн архитектурт ажиллах болсон. Одоо гарч ирдэг архитектурын асуудал бол тухайн улсад олон улсын хэв маягийг дандаа адилхан, ямар ч өөрчлөлттгүйгээр дуурайх моод байдаг.Үүгээр тэр хотын идентитетийг алдаж байгаа юм. Ганцхан Улаанбаатар гэлтгүй дэлхийн бүх хотуудад ийм асуудал байдаг. Гэтэл бодид байдал дээр архитекторууд тухайн газрынхаа шинж чанарт тохируулах ёстой.  Би архитектороор ажиллахдаа өөрийн туршлагыг тухайн улсын хэрэгцээтэй хослуулж  байдаг.

 -Ер нь бид яагаад архитектурын тухай  ярих ёстой гэж  вэ? Хүмүүс энгийн, жирийн барилга дотор амьдраад болоод байхад архитектурыг ярих ямар шаардлага байгаа вэ?

-Сайн асуулт байна! Ерөнхийдөө архитектур, инженер гэдэг бол шинэ үгнүүд. 18-р зуунаас л бид архитектурыг сургуульд сурдаг болсон. Өмнө нь сургууль гэж байсангүй. Тиймээс архитектор гэдэг нь орон нутгийн артисаны дэлгүүрүүдэд сурсан хүмүүс байсан учраас ажиллаж байгаа газар, орон зайд юу хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгодог байж. Тэд тухайн газрынхаа материал, хэрэгцээнд тохируулсан загвар гаргадаг байв. Үүний дараа нь материалд өөрчлөлт орсон. Одоо бетон, метал, синтетик гэсэн материалуудаас байгаа учраас барих гэдэг амархан ажил болсон. Улаанбаатарт бариснаа Америк, Өмнөд Африкт ч барьж болно. Асуудал юу вэ гэхээр техник, материалын тухай биш яаж материалын хэрэглээгээ хязгаарлах тухай бодох хэрэгтэй болсон. Коммершиал центерүүд гарч ирсэн учраас бүх барилга адилхан болоод байгаа. Бүх хотууд адилхан харагддаг болж байна. Улаанбаатарт өөрийн гэсэн идентит байгаа. Үүнийг архитекторууд бодохгүйгээр дэлхийн өөр улсад байгаа барилгыг хуулж алддаг. Улаанбаатарт яагаад шилэн барилга хэрэгтэйг би ойлгодоггүй. Зарим нь дотроосоо халаахад хэцүү. Тиймээс Монгол дахь архитекторуудын хийх ажил бол дэлхийн архитектурыг биш, Монгол ямар идентиттэй билээ гэдгийг бодох хэрэгтэй. Мэдээж дэлхийн архитектурыг сурж, түүнээс суралцахад хэрэг байлгүй яахав.

- Рекламууд Америк, Герман эсвэл Итали дизайн, чанар гэж их амлаад байдаг. Итали дизайн гэдгээр юуг хэлж байгаа вэ?

-Зарим хүмүүс Итали дизайн гэдгээр хуулж байгаагаа хэлдэг байж магад. Бид Итали дизайн гэхээрээ философи, арга зүйн тухайн ярьдаг. Италид бид төсөл ажиллахдаа тухайн газар ямар вэ? тэр хавьд ямар газар байгаа гэдгийг маш анхааралтай судалдаг. Бид маш их мэдээлэл цуглуулж, тэдгээрийг хослуулаад шийдвэр гаргадаг. Энэ бол Итали философи, арга зүй. Материалын хувьд бид чимэглэл биш, технологийг нь авчрахыг хүсдэг. Аюулгүй, удаан эдэлгээтэй материал авчрах. Монголын хувьд хүн ам багатай учраас зах зээл нь жижиг. Тэр бүр үйлвэрлээд байдаггүй учраас Хятадаас маш аюултай материалууд орж ирдэг. Би Хятадын зах зээлийг дандаа муу гэхгүй. Бас сайн юм үйлдвэрлэж байгаа. Заримдаа мөнгөө гамнахын тулд зарим хөрөнгө оруулагчид маш хямдхан, найдваргүй материалыг Хятадаас оруулж ирээд байдаг. Та өөрөө Улаанбаатарт хэд хэдэн барилга тэр материалуудаас болж гал гарсан гэдгийг харсан байх. Тэгэхээр ерөнхийдөө Итали дизайн гэдгээр Итали барилгыг хуулах бус, харин өөрсдийн философи, арга зүйг авчрах гэдэгтээ байгаа юм. Материалын хувьд Европ маш чанга стандарттай. Бүтээгдэхүүнийг маш олон удаа шалгадаг инститүтүүд байдаг. Энэ стандарт Хятадад чанга биш учраас заримдаа сайн, заримдаа муу материал байдаг.

-Та сая философи гэлээ. Философи үргэлж архитектурт нөлөөлсөөр ирсэн үү?

-Мэдээж, тэгэлгүй яахав. Архитетур маш онцгой салбар. Нэг талаараа техник. Нөгөө талаараа урлаг. Ромын үед Петрувио гэдэг архитектурын онолч байсан. Тэр архитектур гэдэг гурван өөр хэсгээс бүрддэг гэж хэлсэн байдаг. Нэгдүгээрт, архитектур хэрэгтэй байх ёстой. Үүгээр бид хэд хэдэн юм ярьж болно. Заримдаа баригдсаны дараа хэрэглэгддэггүй барилга гэж байдаг. Хоёрдугаарт, бүтэц буюу архитектурын барилга бат бөх байх ёстой. Өөрөөр хэлбэл нурж унахааргүй байх ёстой. Италийн төв хэсэгт сүүлийн 10 жилд хэд хэдэн удаа газар хөдлөсөн. Маш олон барилгууд нурж унасан. Гуравдугаарт, дээрх хоёрын хослол болсон философи. Ихэнх архитекторууд архитектурыг урлаг гэж яриад байдаггүй. Тэд архитектурыг урлаг гэхээсээ илүү бодох гэдэг. Яагаад гэвэл бид архитектурыг яаж хэрэгтэй байлгах тухай боддог. Яаж бат бөх байлгах тухай боддог. Бид гармони бодох хэрэгтэй. Жишээлбэл, энэ барилгыг барьсан Номин барилга Улаанбаатар хотын нэг хэсэг болон харагдана гэдгийг бодох хэрэгтэй. Хэрэв энэ барилга муухай байвал Улаанбаатар илүү муухай харагдана шүү дээ. Тиймээс бидэнд хотыг илүү сайхан харагдуулж, сайжруулангаа барилгын загварыг гаргах  хариуцлага байдаг гэсэн үг. Төлөвлөгөөг гаргадаг архитекторууд архитектурыг хотын хэмжээнээс интерьер дизайнтай нь хамт хардаг. Архитектор гэхдээ бас ганцхан хотыг яаж сайхан харагдуулах вэ гэдэгт ажилладаггүй. Бид хотыг гэлтгүй дүүргийг нь  хүртэл шинжлэн, ойлгож, бүгдийг нэгтгэдэг. Бид аливаа төслийн загварыг гаргахдаа хотын төлөвлөлтөөс эхлэн эхлэн дүүрэг, баригдах газраа судална. Тэгэж байж барилгын загвараа гаргана. Магад  зам, тухайн газрын түүх, бусад архитектурыг нь хараад шинэ барилга барих сэдэл, урам зориг авах боломжтой. Түүхэн барилгуудтай төвд бид өөр өнгийн барилга барьж болох л юм. Гэхдээ үүнд үргэлж логик байх ёстой.

-Шангрилла Моллыг та мэдэх байх. Энэ барилга руу ороод хүмүүсийн очдог ганц гол цэг бол кино театр байдаг. Энэ нь барилгын архитектурын зорилгыг алдагдуулж байна гэсэн үг үү?

-Барилгыг бид ганцхан түүний хэв маягаар тодорхойлж болохгүй. Бас зах зээлээр тодорхойлно. Хэрэв Шангрилла олон нийтийн сонирхолд нийцэхгүй байлаа гээд Шангриллагийн буруу биш. Яагаад гэвэл тэр бол хувийн хөрөнгө оруулагчдын хувийн барилга. Хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд өндөр үнэтэй зочид буудал, ресторан, дэлгүүр байлгахаас өөр аргагүй. Шангриллаг олон нийтийн зориулттай гэж асуухаас илүү өөр олон нийтэд үйлчлэх барилга байна уу гэж бодох ёстой. Миний бодлоор Улаанбаатарын асуудал бол ганцхан зах зээлээ боддогт байх магадлалтай. Зах зээлээр тулгуурлаж шийдвэр гаргаад байвал  олон нийтийг хамгаалж, бодохгүй байх нь аргагүй. Үүнд л зөвлөгч, зохицуулагч хүн байх хэрэгтэй.

-Ер нь тауэр шиг өндөр барилгууд ямар хотуудад байх хэрэгтэй вэ? Улаанбаатарт одоо байгаа шиг өндөр, шилэн барилгууд хэрэгтэй юу?

-Газар нутаг нь маш жижигхэн учраас нягтаршилтай хотуудад тауэр хэрэгтэй. Яагаад гэвэл бүх үйл ажиллагаа тэр талбайдаа төвлөрсөн байдаг. Хот дотор нэг газраас нөгөө газар луу хурдан очих хэрэгтэй байдаг шүү дээ. Нэг их сургуулиас нөгөө рүү хүрэх гэж эсвэл дэлгүүр хэсэх гэж олон км туулах ёсгүй. Мэдээж орчин үеийн хотуудад тауэр хэрэгтэй. Гэхдээ хотоосоо шалтгаална. Миний бодлоор асуудал тауэр гэдэгтээ биш, харин яаж үр нөлөөтэй төлөвлөлт хийх вэ? Яаж энэ тауэрыг үр нөлөөтэй байлгах вэ? Улаанбаатарт байдаг тауэруудын асуудал гэвэл ерөнхийдөө бүгдээрээ хоорондоо адилхан, архитектурын хувьд жаахан тааруу харагддаг. Төлөвлөлтийн хувьд шинэ барьсан барилгуудыг яаж хооронд нь холбох, яаж машин замтай холбох, яаж шинэ зогсоол гаргах вэ зэргээ сайжруулах хэрэгтэй. Дахиад хэлэхэд асуудал тауэр гэхээсээ илүү барьсан тэр барилгаа яаж хоттойгоо нэгтгэх вэ гэдэгтээ байгаа.

Манай компани Миланы Vertical Forest барилгад ажилласан. Энэ барилгын гадна талд цэцэрлэг байдаг. Монголд ийм барилга барихад өвөлдөө хүйтэн байлаа ч цэцэрлэгээ хааж болно. Хотууд маш нягтаршилтай болж, ногоон орон зайтай байна гэдэг хүндрэлтэй болсон учраас цэцэрлэгжүүлэлттэй, жимс ногоо тарих орон зайтай барилгууд барих моод одоо гарч ирсэн. Одоохондоо яг хэрэгжээгүй байгаа л даа. Тэгвэл Европт бүх юмыг нэг дор төвлөрүүлэхгүй байх  моод бий болоод байгаа. Яамдууд, сургуулиуд зэрэг үндсэн байгууллагуудыг хотын гадна гаргах. Гэхдээ бүгдийг нь биш шүү. Жишээлбэл, Малайзын Куала Лумпур бүх яамдуудыг Путражаяа хот руу нүүлгэсэн байдаг нь амжилтгүй төсөл болсон. Миний бодлоор бид Улаанбаатарыг ч бас сайн бодолцох хэрэгтэй. Магадгүй хотыг өргөтгөх гэхээсээ илүү шинэ туйл буюу төвийг бий болгох. Юун түрүүнд Улаанбаатарын төлөвлөлтийг хараад, зарим үйл ажиллагаануудаа гадагш нь гаргах боломж байгаа болов уу.

-Майдар Эко Сити гэсэн шинэ хот бүхий төсөл гаргасан. Энэ тухай та юу гэж боддог вэ?

-Би төслийг нь хараагүй учраас сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ ерөнхийдөө зөв санаа гэж бодож байна. Хамгийн гол нь бүх юмаа хотоос гаргах алдаа хийж болохгүй. Бас холболтоо сайн хийх хэрэгтэй. Жишээлбэл, шинэ нисэх буудал л гэхэд хотоос  60 км зайтай учраас Улаанбаатарын тээврүүдэд сайжруулалт хийх хэрэгтэй болж байна. Куала Лампур, Путражаяагийн жишээг би сая ярьсан. Энэ хоёр хотын хооронд хүрэхэд хурдан автобусаар 15 минут л шаардлагатай байдаг. Шинэ хот буюу нийгэмд тээвэр маш чухал. Тэгэхээр шинэ төв гаргана гэдэг чухал ч гэлээ сайн тээврийн систем гаргах хэрэгтэй. Гэхдээ Монголын эдийн засаг том биш. Давуу тал нь богино хугацаанд шийдвэр гаргах боломжтой. Бас Монголын эдийн засаг нэг жил муу байснаа нөгөө жил нь сайн байх боломжтой. Ямартай ч Монгол улс маш их потенциалтай, хурдан эхэлж, хурдан хөгжих боломжтой. Ахин хэлэхэд маш болгоомжтой, нарийн төлөвлөлт  хэрэгтэй.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү