Мартин Ценкер: Эго бол жазз хөгжмийн хамгийн том дайсан

Мартин Ценкер: Эго бол жазз хөгжмийн хамгийн том дайсан

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил 4715

“Манай улсад жазз хөгжмийн хөгжлийн даалгавраар ирээд гурван жил болж байгаа бассчин Мартин Ценкерийг бид энэ удаагийн ярилцлагын зочноор урилаа. Мартин Ценкер Монголын хөгжимчдөд жазз хөгжмийг бүрэн утгаар нь танилцуулан, өөрийн биеэр багшлаж эхлээд 2.5 жил болсон. Тэр Жимми Кобб, Билли Харт, Жеймс Мүүди, Эд Тигпен, Мартин Круше зэрэг дэлхийн хамгийн алдартай жазз хөгжимчидтэй хамтран тоглож байв. Их сургуульд түүний профессор Дуско Гоекович байжээ. Бид ярилцлагын эхний хэсэгтээ уншигчиддаа бага ч гэсэн мэдлэг олгох зорилгоор жазз хөгжмийн үүсэл, онолын тухай ярилцлаа. Удахгүй бидний ярилцлагын хоёрдугаар хэсэг орох болно.”

-Домогт жазз хөгжимчин Майлс Дэвис нэг удаа Цагаан Ордоны оройн зоогонд ерөнхийлөгч Роналд Рейганы урилгаар очсон. Оройн зоогны ширээнд Рейганы эхнэр Нэнси Майлс руу  хараад “Чи юу хийсэн болоод энд ирсэн бэ?” гэж асуухад Майлс Дэвис “Би хөгжмийг 4, 5 удаа өөрчилсөн. Харин чи ерөнхийлөгчтэй унтахаас өөр юу хийсэн бэ?” гэж асуудаг. Тэгэхээр миний асуулт бол яаж Майлс Дэвис  жазз хөгжмийг өөрчилсөн бэ?

-Майлс Дэвис орчин үеийн буюу модерн хөгжмийг хэд хэдэн удаа өөрчилсөн. Би хэдэн баримт дараа нь хувийн санаагаа хэлье. Хамгийн анх 1942 байна уу, 1943 онд Майлс Дэвис “бепоп” гэдгийг эхлүүлсэн хөгжимчидтэй нэг хамтлаг болсон. Тэр нь зугаацах, бүжиглэх зориулалттай байсан жаззыг цэнгээний өрөөнөөс гаргаж, жижиг клубууд руу оруулан, урлагийн төрөл болгохыг хүссэн алхам байлаа. Энэ бол анхны удаа байсан. Майлс Дэвис тэр хамтлагийн нэг хэсэг байсан. Майлс өөрийгөө л хийсэн гэж хэлдэг ч тэр хөгжмийн хамтлагуудыг цуглуулдаг байснаас гол том ажлаа хийж байгаагүй. Энэ бол миний хувийн санаа шүү. Хоёр дахь тохиолдол нь 1947 онд байсан гэж би бодож байна. Birth of the Cool гэдэг пянз гаргасан нь бепопыг өөр түвшинд аваачсан Cool Jazz гэдгийг үүсгэсэн. Майлс Дэвис энэ хамтлагийн нэг хэсэг байлаа. Дараа нь 1959 он. Майлс Дэвис бас энэ хамтлагийн нэг хэсэг байв. Тэд  Жеорж Расселын 1953 оны онолын концепц дээр тулгуурласан модал элементийг ашигласан. Майлс Дэвис өөрийгөө анх удаа “модал тоглолт” концепцоор тоглосон гэсэн байдаг. Модалаар тоглох гэдэг нь функцтэй гармони руу орохгүй байхыг хэлдэг. Дараа нь Майлс Дэвис 1981 онд эсвэл үүнээс арай эрт  рок, фушион элементийг хөгжимдөө ашиглаж эхэлсэн байдаг. Үүний гол дуу нь Bitches Brew байдаг байх. 1982 эсвэл 1983 оны Tutu цомгондоо тэр програмчлагдсан loop, бөмбөрийн машиныг жазз хөгжимд хэрэглэсэн анхны хүн болсон. Гэхдээ энэ ажлыг хийсэн гол хүн Маркус Миллер байсан гэдгийг хэлэх ёстой.

Майлс Дэвис

-Америкийн уран бүтээлчдийн ярилцлагыг уншихад таны дурдсан Майлс Дэвис Билл Эванс, Кэннонболл Аддерлей зэрэг алдартай хөгжимчидтэй хамтран 1959 онд гаргасан Kind of blue цомог тэдэнд их нөлөөлсөн гэж ярьсан байдаг. Яаж тэгсэн бэ?

-Хэрэв энэ цомгийн тухай мэдлэгтэйгээр ярья гэвэл цомгийн бүх хөгжимчид модал тоглолт хэв маягаар туршилт хийсэн байдаг. Төгөлдөр хуурыг тоглосон Билл Эванс цомгонд тусгай захиалгаар тоглож байсан. Үүнээс өмнө Майлс Дэвис  өөрөө модал тоглолт концепцийг үүсгэсэн Жеорж Расселтай ажиллаж, энэ хэв маягаар Milestones цомгондоо тоглосон. Майлс Дэвис Kind of Blues цомогт зориулан  хамтлагийг ахин цуглуулж, тоглосон байдаг.

Kind Of Blues цомгоос өмнө дээр дурдсан функцтэй гармони гэж байлаа. Энэ гармонид хоёр нөхцөл байдаг. Нэг нь home chord буюу гэрийн аккорд , нөгөө нь анхаарал. Гэрийн аккорд тухайн бүтээлийн төгсгөлд эсвэл заримдаа дундуур  байдаг. Энэ бол сайн аккорд нь. Ярилцага маань хэвлэгдэх учраас би дуулаад яахав (инээв). Харин анхаарал гээд байгаа аккорд маань хаа нэг зүг рүү явахыг хүсдэг. Хөгжим ерөөсөө иймэрхүү: гэрийн аккордод зориулсан янз бүрийн өнгө бас анхаарал аккордод зориулсан янз бүрийн өнгө. Функцтэй гармонид орж гарч болдог, гэхдээ нэг алхмаас нөгөө алхамаар гишгэж хөдөлдөггүй ганцхан өнгө, ганцхан талбай байдаг гэсэн үг. Тэгэхээр функцтэй гармони гэдгээр эндээс Их Дэлгүүр, Сөүлийн Гудамж эсвэл Бээжингийн гудамж гээд янз бүрийн зам руу явахыг хэлдэг. Харин модал тоглолт гэдэг маань  талбай дээрээ л алхаж байгаа ч буцаад нэг л цэг дээрээ ирэхийг хэлдэг.

Энд нэг юм дурдахад би 2000 онд тэр цомгийн бөмбөрчин Жимми Коббтой хамт тоглож, дуу бичиж байсандаа их бахардаг (Инээмсэглэв).

Зүүн гар талаас Жон Колтрейн, Кэннэнболл Адерлей, Майлс Дэвис, Билл Эванс

-Бидний яриа жаззын түүх гэсэн сэдэв лүү орлоо. Тиймээс та манай уншигчдад жазз хэзээ бас яаж үүссэн бэ? Жаззын үүсэлд хэн оролцсон бэ? Жазз гэдэг ганцхан хар арьст хүмүүсийн бие даасан бүтээл байсан уу? гэдэг тухай ярьж өгнө үү.

- Юуны өмнө жазз гэдэг үг өөрөө 1912 онд бейсболлын тухай нийтлэлд анх удаа гарч ирж байсан. Бейсболлын тоглогч ярилцлага өгөхдөө “Өө, би нэг  шинэ жазз маягийн цохилт хийлээ” гэж хэлж л дээ. Жазз маягийн гэдэг нь моодны гэдэгтэй ойролцоо үг болсон. Анхны жазз пянз 1917 онд гарсан. Мэдээж жазз гэдэг хөгжим өөрөө үүнээс өмнө байсаар ирсэн. Гол нь огт бичигдээгүй байхгүй юу. Жаззтай харьцуулвал классик хөгжим цаасан дээр бичигдсэн байдаг. Жаззын үүсэлд дурдах чухал хүн гэвэл Желли Молл Мортон. Тэр өөрийгөө жаззын үүсгэгч гээд нэрийн хуудсан дээрээ тэмдэглэсэн байдаг. Олон хүмүүсийн дунд Луис Армстронг жаззын үүсгэгч гэж танигдсан. Гэхдээ Луис Армстронг өөрөө Нью Орлеанс хотод алдартай байсан Бадди Болден гэдэг хүнийг жаззыг үүсгэсэнээр нэрлэж байсан. Болден юу ч бичүүлээгүй бас карьераа эрт дуусгасан. Мэдээж цагаан арьстнуудыг жаззын үүсэл гэхээр дурдалгүй яахав. Бикс Байдербек, Франк Трамбауэр байна. Тэд маш чухал хүмүүс. Жаззын ихэнх гармоний тухай мэдлэгүүд цагаан арьст хүмүүсээс, жишээлбэл Жеорж Гершвинээс орж ирсэн. Жазз стандарт, гармоник материал, гармоник хэл  гээд Европын ардын хөгжмөөс гаралтай. Харин хар арьст хүмүүс ритм, аялгууг оруулсан байдаг.

 

-Та яагаад жазз хөгжмийг Монголд хөгжүүлэхийг хүсдэг юм бэ? Youtube-рүү ороод хэн ч хүссэн жазз дуугаа хайгаад сонсож болно, гэтэл жазз тоглоно гэдэг яагаад тийм их чухал вэ?

-Жазз хөгжмийг тоглоно гэдэг хөлбөмбөгтэй адилхан гэх үү дээ. Хөлбөмбөг үзнэ, тоглоно гэдэг том ялгаатай байдаг шүү дээ. Эцсийн эцэст тайзан дээр гараад өөрийн биеэр тоглоно гэдэг маш ондоо юм байдаг. Жазз бол маш гайхалтай хэл. Энэ хэлээр бусад хөгжимчидтэй ярилцаж болно. Тиймээс би Монголд тэр хэлийг заахын тулд байгаа. Юу вэ гэхээр хөгжим бол юниверсал бөгөөд маш гайхалтай. Энэ дэлхийд муу буюу түргэн хоолны хөгжим маш их байна шүү дээ. Тиймээс миний даалгавар бол би юуг сайн хөгжим гэж үнэмшиж байна түүнийхээ төлөө тэмцэх.

Жазз бол маш гайхалтай хэл. Энэ хэлээр бусад хөгжимчидтэй ярилцаж болно. Тиймээс би Монголд тэр хэлийг заахын тулд байгаа.

-Таны хувьд тэгвэл сайн хөгжим гэж юу вэ? Жирийн сонсогч сайн хөгжмийг муугаас нь яаж ялгах вэ?

-Зүрхээрээ сонсож л ялгана даа. Яахав хэрвээ сургуульд сурсан хөгжимчин биш бол хөгжмийг ойлгохгүй. Гэхдээ л тухайн хөгжимд  дуртай юу, дургүй юу гэдгээ хэлж чадна. Ахиад хоолтой харьцуулъя. Ресторанд ороод тогооч юу хийгээд байгааг харахгүйгээр идсэн хоолоо  муу юу, сайн уу гэдгийг шалтгаан дурдахгүйгээр хэлж чадна. Хөгжим ч гэсэн адилхан.

-Тэгэхээр шинэ жазз сонсогчдод жазз хөгжмийг таашаахын тулд наад захын мэдлэг байх хэрэгтэй гэсэн юм байхгүй, тийм үү?

-Тийм. Хоол идэхэд наад захын мэдлэг хэрэгтэй гэдэггүй биз  дээ (инээв). Аливаа юманд дуртай, мэдрэмжтэй болоход хугацаа орно. Тэгэхээр хүн жазз сонсохдоо шууд Жон Колтрейний Jupiter Variation-ийг сонсох биш Луис Армстронгоос эхлэх хэрэгтэй. Классик хөгжмийг Стравинксигээр биш Моцартыг сонсож эхлэх хэрэгтэй.

-Жазз хөгжимчид тоглож байхдаа газар дээрээ “импровизац” гэж юмыг хийдэг. Тэр тухай тайлбарлана уу.

-Би жазз, хөгжмийг хэлтэй их харьцуулдаг. Яг одоо бид хоёр ярьж байхад би импровизац хийж байна. Би энд чиний ямар асуулттай байгааг мэдээгүй ирсэн. Гэхдээ би жазз хөгжмийн тухай мэдэх учраас ярилцаж байхдаа бодлоо нэгтгэж чамд ярьж өгч байна. Үүнийг жазз хийдэг. Бөмбөрчин маань  тоглох гэж байгаа хөгжмийг нь намайг бас мэдэж байгаа гэж бодно. Яагаад гэвэл бид хоёр адилхан аргаар бодож бас сонсож байгаа. Бид хоёр тодорхой стандарт формыг дагана. Ингэхдээ бид хоёр энэ стандартыг өөрсдийн үгээр илэрхийлдэг. Классик хөгжимчид Моцартын бичсэнийг дагаж, удирдаач яг л ингэж тоглоно шүү гэж хэлнэ. Харин жазз хөгжимчид тухайн стандарт аяыг өөрсдийн үгээр тайлбарладаг.

Мартин Ценкер

-Таныг юу жазз руу оруулсан бэ?

-Би ерөөсөө үргэлж хөгжим сонирхдог байсан. Хүүхэд байхдаа би удирдаач болохыг хүсдэг байлаа. Миний анх удаа сонссон пянзанд басс хөгжим тоглосон Перси Хийт тэр үед надад маш их таалагдаж байсан. Тэр үед би жазз хөгжмийг тоглохыг хүсч байна гэдгээ мэдсэн. Ахлах сургуулиасаа хөөгдсөнөөс хойш би хөгжим л тоглосон. Германд их сургуулийн хөгжмийн ангид математик, хэл гэсэн хичээлүүд хамаагүй. Хөгжимдөө л сайн байх хангалттай.

-Тэгээд их сургуульд Дуско Гоекович таны профессор байсан байх аа.

-Тийм шүү. Дуска Гоекович 85 настай. Өглөө бүр 2 цаг тоглодог. Одоо хүртэл концертоо тоглодог.

 -Перси Хийтээс гадна танд нөлөөлж байсан өөр хөгжимчид байдаг уу?

-Мэдээжийн Жон Колтрейн, Чарли Паркераас гадна байна. Хөгжмийн хувьд маш гайхалтай учраас хүнд хөгжмийн түвшинд урам болж, нөлөөлсөн олон зуун хөгжимчин байдаг. Гэхдээ хүн гэдэг утгаараа надад урам болж, нөлөөлсөн хөгжимчид байна. Жишээлбэл, Билли Харт, Эд Тигпен, Жеймс Мүүди. Тэд бол мянга мянган пянзтай, дэлхийн од хөгжимчид. Тэд үргэлж хөгжмөө л гэсэн, даруу төлөв байсаар ирсэн. Намайг анх удаа Билли Харттай тоглоход түүний онгоц  хойшлогдсон учраас бидний саунд чек хоцорч хийгдсэн. Концертын дараа Билли Харт гэж супер од над руу ирээд намайг чангаар тэврээд “Өнөө оройжин намайг авч явсанд баярлалаа” гэж билээ. Түүнд тэгэх шалтгаан огт байгаагүй шүү дээ. Тухайн жазз хөгжимчин алдартай байх тусмаа (классик хөгжимчид бол өөр) ийм хандлагатай байдгийг би мэдэж авсан. Тэд хөгжмөө л гэдэг болохоос хэзээ ч өөрийгөө гэдэг хүмүүс байдаггүй. Эго буюу өөрийгөө л гэх нь жазз хөгжмийн хамгийн том дайсан.

Тухайн жазз хөгжимчин алдартай байх тусмаа (классик хөгжимчид бол өөр) ийм хандлагатай байдгийг би мэдэж авсан л даа.

Билли Харт

-Та нэг ярилцлагандаа “жаззыг бид 6 сар тутам ахин дахин бүтээж чадахгүй, бидэнд хугацаа өг” гэсэн байсан. Яагаад? Зургаан сар тутам ахин дахин бүтээж болдог хөгжмийн өөр төрөл байдаг уу?

-Үгүй. Гэхдээ тэг гэж бусад хүмүүс заагаад байдаг. Ахиад түүх рүү оръё. 1917 онд анхны жааз пянз гарсан. Америкийн хөдөө амьдардаг хүн тэр пянзыг худалдаж авч чадахгүй. Тиймээс жаззыг түгээхэд хугацаа хэрэгтэй байлаа. 1990-ээд онд л гэхэд мөнгөө цуглуулаад хот руу очиж, тэнд байгаа зуун зуун пянзуудаас алийг нь худалдаж авах вэ гэдгээ маш анхааралтай сонгодог байв. Тэр пянзаа задлаад, дараагийн пянзаа худалдаж авах хүртлээ үүрдийн сонсдог байлаа шүү дээ. Харин одоо  Крис Портер шинэ цомгоо гаргасан бол ганцхан цагийн дотор хүн бүр мэдээд авчихсан “Дараагийх нь” гэж хэлнэ. Тиймээс л гоц уран бүтээлч Крис Портер дараагийн цомгоо бодох хэрэгтэй болно. Тиймээс  хөгжмийн салбараас шинэ юм, шинэ юм, шинэ юм, бид энийг чинь аль хэдийн сонссон гэж шахаж   байгааг би эсэргүүцдэг. Би бол хөгжимчид юу хүсч байгаагаа чөлөөтэй хийх  ёстой гэж боддог. Үргэлжлэл бий...


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.181.xxx] 7 жил
Мэргэжлийн хэллэг болон хөгжмийн онол дуурьсалын талаарх яриаг нийтлэхдээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч зөв тайлбар хийхгүй бол дээр дурьдагдаж байгаа орчуулага бол галзуу хүний тэмдэглэл шиг ойлгомжгүй байна шүү! Учир нь хөгжимд илүү гүнзгий орсон эсвэл мэргэшсэн хүмүүсд хамгийн амттай хэсэг нь тэр онолын талын жишээ өгүүлбэрүүд бдаг болхоор саналаа бичлээ! Бусдаар бол таалагдлаа аижилт хүсье
Зочин [202.55.183.xxx] 7 жил
үргэлжлэлийг нь хүлээнээ.
Зочин [103.229.120.xxx] 7 жил
amjilt. setguulch n uuriiguu iluu hugjuulerei.
Джаз [66.181.176.xxx] 7 жил
Ямар муу орчуулга вэ айн
Зочин [202.55.191.xxx] 7 жил
Орчуулга биш. Монгол сэтгүүлч түүнтэй ярилцсан байна. Харин ч сайн хийгдсэн ярилцлага байна. Жааз хөгжмийн талаар ингэж ярилцах сэтгүүлч манайд байдаггүй.
Зочин [202.70.34.xxx] 7 жил
харин ч сайн байна ш дээ
Уншигч [202.131.236.xxx] 7 жил
Мартин жинхэнэ мэдлэг түгээж соён гэгээрэлд хөтөлж байгаа хүн дээ. Гоё ярилцлага болжээ, сэтгүүлч охин чухал хүнээс сайхан яриа авсан байна. Дараагийнх нь хүлээнэ #respect #баярлалаа