Л.Нурбулан: Уур амьсгал нам газрыг оволзуулах бол миний гол зорилго
“Л.Нурбулан 2010 оноос эхлэн алиалагчаар ажиллаж эхэлсээр одоо “Латифын хүү” гэхээсээ илүү алиалагч Нураа гэж хүмүүст бие даан танигддаг болсондоо сэтгэл хангалуун байгаа тухайгаа дурдаж байв. Хэдий Л.Нурбулан бүгдийг багшгүй, ганцаараа сурсан ч цаашдаа багшлахаас илүү хүүхдийн жүжиг тоглон, найруулахаар зорьж байгаа бөгөөд одоо тэр мэргэжлийн багаас бүрдэх Хандгай театрыхантайгаа тоглож байна. Бидэнтэй тэр хэрхэн алдаж, оносон, тоглолтын явцад тулгардаг бэрхшээл ихэнхдээ насанд хүрсэн том хүмүүстэй холбоотой, алиалагч бол цаг хугацаа, орон зайн хамааралтай байдаг зэрэг сэдвээр ярилцлаа. Нэмж хэлэхэд алиалагч Л.Нурбулан хүүхдийн баярт зориулан Хандгай театрын хамт захиалгаар тоглоно.”
-Та нэг ярилцлагандаа “Манайхан алиалагч гэхээр зүгээр нүүрээ будаад, гоё зогсдог хүмүүсийг боддог” гэж хэлж байсан. Тэгвэл алиалагч гэж яг юу хийдэг ажил вэ? Хүн инээлгээд зогсож байгаа нь ямар утга агуулгатай вэ? Хошин шогийн бусад төрлөөс ямар ялгаатай вэ?
-Алиалагч бол арай гэгээлэг, хөнгөхөн. Ямар нэг юм хэлэх гээд байхгүй. Алиалагч бол хөдөлгөөний талдаа. Олстой номер, даавуу шидэх гээд циркийн номер орсон байдаг. Хүүхдүүдтэй нэлээд их харьцдаг. Үүнээс гадна том хүмүүст жижигхэн, богинохон инээд өгдөг. Яагаад гэвэл тоглолтондоо нэг талыг хаяж болохгүй. Жишээлбэл, сэвлэг үргээх найранд очсон мөртлөө дан хүүхдүүдэд тоглолт үзүүлчээд явж болохгүй. Тэгэхээр би том хүмүүсийг гаргаж ирээд хөнгөхөн үзүүлбэр үзүүлдэг. Гэхдээ том хүмүүс намайг тоохоо болисон байна лээ. Би бол өөрийгөө том гэж ойлгоод байдаг. Заримдаа том хүмүүст очихоор зарим нь уурлаад “Хөөе, чи зүгээр цаанаа оч, за юу” гээд байдаг. (Инээв.)
-Гэхдээ тэр хүн өөрөө хүүхэд байсан бол таныг хараад инээнэ биз дээ.
- Үгүй ээ, яахав. Хүн хүн янз бүр шүү дээ. Би айлд очдог, ресторанд очдог. Жишээлбэл, намайг рестораны VIP өрөөнд урьвал би шууд очно. Харин тоглолт болвол хүмүүс билетээ аваад үзнэ. Тэгэхээр энэ хоёр хоорондоо ондоо. Урлаг ойлгодог ч хүн байна. Ойлгодоггүй хүн ч байна. Гэхдээ надад тэр хамаагүй, би тоглолтоо хийх л ёстой. Харин тэр хүмүүс надад шууд сэтгэгдлээ хэлэх нь хэцүү. “Өө, чи ингээл болоо юу?” ч гэж хэлдэг. Хоёр жилийн өмнө, Сансарын нэг айлд нэг цаг тоглохоор тохироод очлоо. Тэр айлд эмээ, өвөө гээд бүгд сууж байсан. Байр учраас маш халуун, хөлсөө гартал тоглоод гарах гэтэл айлын ээж нь намайг ‘хүүе, чи 15 минут л тоглолоо ш дээ’ гэж хэллээ. Яахав, би маш жижигхэн зайнд тоглосон учраас 30 минут болсон л доо.
-Тэгэхээр, орон зай хугацаа хоёр хамааралтай байх нь ээ.
-Тийм. Орон зай алиалагчийн тоглолтонд нөлөөлдөг. Зай нь жижгэрэх тусмаа хугацаа нь багасдаг. Амьтан болж үзүүллээ гэхэд том зайтай газар би тэр амьтантайгаа маш адилхан болохын тулд дуу хоолойгоо сайн гаргах гээд далайцтай сайн үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ жижигхэн зайд надад тэгэх боломж байхгүй. Нэг эргээд л зогсоно. Зарим аав ээж нарын хөл нь яг урд тулдаг. Тэглээ гээд би “Ах аа, хөлөө авчаач” гэж хэлж болохгүй. Хэлмээр юм байлаа ч тэвчээд, инээгээл, ажлаа хийгээл гардаг.
Орон зай алиалагчийн тоглолтонд нөлөөлдөг. Зай нь жижгэрэх тусмаа хугацаа нь багасдаг.
-Тэгвэл нүүрээ будаад гарсан алиалагчийн өмнө үзэгчдээс ямар ч сэтгэлийн хөдөлгөөн ирсэн бай хамаагүй, үзүүлбэрээ хийж дуусгах ёстой юм байна, тийм үү?
-Тийм. Тэр хүмүүсийн өмнө бодсон бодлоо илэрхийлээд байж болохгүй. Хүмүүсийн уур амьсгалыг эвдэнэ. Тэр хүн ямар ааштай гэдгийг би мэдэхгүй. Байгаа байдал нь намайг хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч тэр бүрийг аль боломжоороо анзаараагүй, хараагүй юм шиг л тоглодог. Ингэж байж л би тэр дунд нэвтэрч орно.
-Таны яриаг сонсоход алиалагчийн ажлын хэцүү бүхэн дандаа насанд хүрсэн, том хүмүүстэй холбоотой байна. Гэхдээ тэр хүмүүс өөрсдөө бас л хүүхэд байсан шүү дээ. Таны бодлоор хүн яагаад тэгэж өөрчлөгддөг вэ?
-Хүн хатуу юмыг туулаад, нийгэм дунд ороод ирэхээр өөрчлөгдөлгүй яахав. Би хэдий 40 гарсан залуу ч гэлээ, хүүхэд нас руугаа эргэж хараад нөөц авдаг. Тэр өөрчлөгдсөн хүмүүс тэгэж бодохоо болисон ч юм бил үү. Би өөрөө хүүхэд насаа боддог учраас хүүхдүүдтэй ойр байж чаддаг байх. Тэр Сансарын айл надад 20.000 төгрөг өгөөд гаргасанд би уурлалаа ч, тэрийгээ гаргаж болохгүй. Ажлынхаа ёс зүйг бариад л гарна. Ийм юм гэхдээ надад ховорхон тохиолддог.
Би хэдий 40 гарсан залуу ч гэлээ, хүүхэд нас руугаа эргэж хараад нөөц авдаг.
-Ер нь алиалагч болоход авьяас уу? Хөдөлмөр үү? Эсвэл хүсэлтэй байлаа гээд болдог мэргэжил мөн үү?
-Үгүй, үгүй. Хүсэлтэй байгаад хангалтгүй.
-Алиалагч болох гэсэн хүнд ямар шинж чанар байх ёстой вэ?
-Их л овсгоотой байх ёстой гэдэг. Надад тэр шинж арай л байхгүй. Хадагаа ах, Магсаржав ах, Мандах-оргил гээд миний нүдээр их овсгоотой хүмүүс байдаг. Би бол тийм овсгоотой хүн биш ээ. Хүн харахад яахав би сэргэлэн мэт харагддаг. Гэхдээ миний ажилладаг төрөл бол арай өөр. Би өөрөө жаахан хүнд хүн. Шүлэг уншина, ном уншина, онигоо уншихгүй зэргээр би нээх инээгээд байдаггүй. Би өгүүллэг, шүлэг, хүний түүх уншдаг. Рок хөгжим сонсдог. Metallica гээл хар багаасаа их сонсдог байлаа.
Би өгүүллэг, шүлэг, хүний түүх уншдаг. Рок хөгжим сонсдог. Metallica гээл хар багаасаа их сонсдог байлаа.
-Төгөлдөр хуурч нэлээн давтаж байгаад тайзан дээр гарч ирдэг шиг алиалагч тэгэж давтах уу?
-Үгүй. Алиалагч бодсоноо гараад шууд хийж болно. Мэдээж, бодсон номероо бэлдэнэ. Гэхдээ аль аль нь ч болно. Аль хэсэг дээр хүүхдүүд илүү инээж байна гэдгээ тооцоолно. Төгөлдөр хуурчаас өөр л дөө. Энэ хоёрыг харьцуулж болохгүй. Алиалагч бол хөнгөхөн шүү дээ. Төгөлдөр хуурч дүрэмтэй бас теоремтой. Харин алиалагч бол орон зайд, агаарт, жингүйдэж байгаа гэмээр байдаг. Хувцас хүртэл нөлөөлдөг.
-Оюутан байхдаа та их даруухан хүүхэд байсан гэж ярьж байсан. Тийм хүүхэд яаж алиалагч болсон бэ?
-Би цүнхээ үүрээл, дотор нь ой сойзоо хийчихсэн явдаг байлаа. Зах зээлийн шуурганд хатууг туулж л байсан.
-Таны сэтгэл зүйд тэр үе нөлөөлсөн үү?
-Нөлөөлөлгүй яахав. Тэрийг хүлээж авах даац надад байгаагүй. Айлын ганц хүүхэд улам зожиг болсон.
-Тэгээд тийм даруухан хүүхэд камерын өмнө зогсоод шүлэг уншина, тайзан дээр гарч ирээд алиалагчийн үзүүлбэр үзүүлнэ гээд хэцүү байгаагүй гэж үү?
-Тэгэж хийхээс өөр арга надад байгаагүй. Бүх юм нүүрний өмнө тулсан. Би 2010 онд Турк явсаны дараа л алиалагчийн тухай их ойлгосон. Тэрнээс өмнө би циркийн сургуульд очоод сурагчидтай нь хамт жонглер хийдэг байлаа. Намайг зарим нь хараад гайхна. Зарим багш нар нь ‘чи яв аа, гэртээ харь’ гэж ч хэлнэ. Би өөрөө тэнд удирдлагагүй, бие даагаад очдог байсан.
-Тэгээд тийм даруухан хүүхэд камерын өмнө зогсоод шүлэг уншина, тайзан дээр гарч ирээд алиалагчийн үзүүлбэр үзүүлнэ гээд хэцүү байгаагүй гэж үү?
-Тэгэж хийхээс өөр арга надад байгаагүй. Бүх юм нүүрний өмнө тулсан.
-Тэгэхээр хүн ‘би ийм л хүн шүү дээ, би угаасаа ийм гээд л яваад байж болохгүй’ гэсэн үг байх нь ээ.
-Тийм, тэгээд л байвал урагшаа явахгүй шүү дээ.
-Та хэзээ алиалагч болохоор шийдсэн бэ?
-2010 онд Турк руу би циркийхэнтэй очсон. Циркээр орж гардаг байсан учраас сурагчид, залуучуудтай нь танилцсан . Тэнд нэг залуу надад алиалагчийн нэг ийм номер байдаг, чи хийгээд үзээч гэсэн. Тэрнээс надад номер гаргасан юм байхгүй ээ. Би өөрөө шүлэг уншдаг, ярианы хүн байлаа. Тэгээл нөгөө залуугийн хэлсэн юмыг хийж байхдаа би дотроо баримжаа авсан. Ерөнхийдөө би алиалагч болохоор юм байна гэдгээ мэдэж авсан. Өмнө нь Байзада ахтай 18 аймгаар 2008 он хавьцаа тоглолт хийгээд явж байлаа. Тайзан дээр гараад зүгээр гараа хөдөлгөхөөр л хүүхдүүд инээгээд байх юм. Би нэг юм хийхээр хүүхдүүд инээгээд байдаг. Тэгсэн мөртлөө шүлэг уншихаар инээхгүй. Тийм учраас хөдөлгөөн гэдэг хүүхдэд илүү сайн хүрдэг гэсэн үг. Тэр үед алиалагч болох чадвар байсан учраас хүүхдүүд инээгээд байсныг одоо л ойлгосон.
-Таны үзүүлбэрийг хараад хүүхдүүд уйлах тохиолдол байх уу?
-2012 онд би Зайсангийн нэг цэцэрлэгээс хөөгдөж байлаа. Нура гээд дуудангуут гарч ирээд, бодож байсан юмаа хийсэн чинь тэр цэцэрлэгийн хүүхдүүд бүгдээрээ уйлаад, захирал нь намайг гарга гарга гээд хөөгдчихсөн. Хүн шууд алиалагч болно гэж байхгүй шүү дээ. Тэгэж л сурч авж байгаа юм. Яагаад гэвэл надад багш байгаагүй. (инээв)
Хүн шууд алиалагч болно гэж байхгүй шүү дээ. Тэгэж л сурч авж байгаа юм
-Алиалагч өөрөө хүн инээлгэдэг ажил. Тэгвэл таны амьдралд инээмээргүй, уйтгарлаж, гуниглаад л баймаар өдөр байх уу?
-Байна. Заримдаа, амьдрал даахгүй уурлаж, гомдохоор мимикээ алдах үе байна. Бусдын л адил шүү дээ. Стресстэй явж байхад хүмүүс хөөе хөөе гэх үеүүд зөндөө л байдаг. Хүний амьдрал л учраас хааяа тийм юм байдаг.
-Хүүхэдтэй харьцахаас өөр ямар жанрын алиалагчид байдаг вэ?
-Том хүнд зориулж тоглодог алиалагчид байгаа. Чөлөөтэй бодоод байвал алиалагч өөрөө хаана ч тоглоно. Манайд алиалагч гэхээр хүүхэд талдаа гэж бодох юм байдаг. Том хүнийг инээлгэх номер зөндөө л байдаг. Би ч гэсэн тоглолтондоо том хүнийг инээлгэнэ. Тэд надад алга ташина. Миний хувьд цаашид хүүхэддээ чиглэж, хүүхдийн жүжиг тоглох бодол байгаа.
-Аав ээж нь хүүхдээ сайн мэдэхгүй, бараг танаар дамжуулж хүүхдээ таньж байгаа юм биш үү?
-Бараг тэгнэ. Уур амьсгал нам газрыг оволзуулах бол миний гол зорилго. Манай Хандгай театрыг үзсэн хүүхдүүд хоёр хоног бужигнана. Сумын төвд нэг удаа тоглосны дараа тэндээ амрахаар боллоо. Банкинд мөнгө шилжүүлэх гээд зогсож байтал хүүхдүүдийн багш надад ‘Манай хүүхдүүд бүр бужигнаад, сахилгагүй болчлоо, чиний дуулсаныг дуулаад байна’ гэлээ. Би өөрөө дууг марзан болгож дуулсаныг чи буруу дуулаад байна гэсэн. “Жижигхэн болжмор жив жив, чаг” гэж дуулсаны чаг гэдэг үгийг хүүхдүүд ойлгоод, инээдэг. (Инээв.) Тэр багшийхаар бол би дууг байгаагаар нь л дуулах ёстой. Гэхдээ миний ажил тийм биш. Алиалагч аливаа юмыг хөнгөхөн гуйвуулдаг. Цэцэрлэгт тоглоод илбэ хийж байхад нэг аав ‘надад ингэж хүүхэд хуурсан юм хийгээд яахав дээ’ гэж чанга хэлж байлаа. Гэтэл дөрвөн настай хүүхдийн өмнө мундаг илбэ хийгээд байвал ойлгохгүй шүү дээ. Сонирхохгүй.
Уур амьсгал нам газрыг би оволзуулна. Миний гол зорилго бол энэ.
-Та хэдэн жил алиалагчаар ажиллана гэж бодож байгаа вэ?
-Өө, би олон жил ажиллана. Өвгөн алиалалагч гэсэн нэр зүүгээл явах биз. (Инээв.)
-Орост тийм алиалагчид байдаг биз дээ.
-Тэд нар бол крем их тавьдаг. Манайд крем их тавиад гарвал хүүхдүүд айна. Манай алиалагчид будгаа бага тавьдаг. Европын хүүхдүүд алиалагчийг багаасаа хараад өсдөг. Манай хүүхдүүд тэгдэггүй учраас гэнэт нүүр амаа аймар будсан хүн гараад ирвэл айна.
-Сэтгэл зүйн ялгаа байна.
-Байна, заримдаа бас гол хүүхэд маань уйлаад эхэлвэл хэцүү. Тиймээс энэ хүүхэд намайг урьсан гэж бодоод тэр хүүхэд рүүгээ довтолж тоглодог. Ээжийнхээ өвөр дээр суучихсан. Хүн бүр өглөөнөөс хойш эрхлүүлсэн хүүхэд шууд над руу харахгүй. Гэхдээ намайг тоглохоор өнөө хүүхэд маань бага багаар над руу чиглэж эхэлдэг. Дотогшоогоо болсон хүүхдийг би задлаж, тоглолтоо хийж байна гэсэн үг. Хэрэв хажуу хавиар байгаа хүүхдүүдийг инээлгээд гол хүүхдэдээ нөлөөлөхгүй байвал муу, тааруу алиалагч байна гэсэн үг. Заавал сайн уран бүтээл байхаас гадна, хүүхдэд заавал нөлөөлөх ёстой. Өөрийнхөө уран бүтээлийг ойлгуулахын тулд алиалагч хүн бодох ёстой. Бодсоноо туршина. Урьд нь нэг газар захиалгаар ч бил үү очтол, ээж нь ‘алиалагч больё доо, манай хүүхэд айгаад байдаг юм аа, зүгээр мөнгийг нь өгөөд явуулчих’ маягийн юм ярьсан. Би тэнд хувцасаа өмсөөд гарахад яг бэлэн байтал хөтлөгч ирээд надад ээжийх нь үгийг дамжуулж хэллээ. Тэгэж хэлсэнд миний уур жаахан хүрсэн л дээ . Тэгээд ээжид нь хэлэхгүй гарахаар болсон. Гарахдаа надад айдас байсан. Ээж нь битгий гэж хэлсэн байдаг, хүүхэд нь уйлаад эхэлвэл бүр баларна. Тэгсэн чинь хүүхэд нь инээгээд, ээж нь бүр надад баярлаж билээ. Өмнө нь Зайсангийн цэцэрлэгээс хөөгдөж байхдаа би болоогүй байсан. Одоо туршлага суусан учраас хүүхэд яаж хөдлөвөл яахыг би мэддэг болсон.