Ч.Өлзийсайхан: Үндэсний зөвлөлийн гишүүд огцорч, байгууллагаа хэвийн үйл ажиллагаанд шилжтэл бид тэмцлээ зогсоохгүй

Ч.Өлзийсайхан: Үндэсний зөвлөлийн гишүүд огцорч, байгууллагаа хэвийн үйл ажиллагаанд шилжтэл бид тэмцлээ зогсоохгүй


11 сар 3979

МҮОНРТ-ийн “MNB клуб” Фэйсбүүк группын админ, сэтгүүлч Ч.Өлзийсайхантай ярилцлаа.

-Та бүхэн яагаад Үндэсний зөвлөлийн гишүүдээ огцрох ёстой гэж үзэв. Хамт олны шаардлагын тухайд...

Бид Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг эгүүлэн татах ёстой гэж үзэж, 425 хүний гарын үсэгтэй шаардах бичгийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, Хяналтын зөвлөл болон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, УИХ-ын ТББХ-нд хүргүүлсэн. Бид цалингаа авч чадахгүйгээс л энэ асуудал эхэлсэн юм. Өнгөрсөн оны 12-р сарын 18-нд Үндэсний зөвлөл гэнэт хуралдаж, гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээгээ цуцалсан нь манай байгууллагад тогтворгүй байдал үүсэх шалтгаан, нөхцөлийг бүрдүүлсэн юм. Энэ хурлын тогтоол нь бас хууль бус. Хуралдаанд суух эрхгүй этгээд хуралдаанд суусан нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг илтэд зөрчсөн үйлдэл гаргасан юм билээ.

Тодруулж хэлбэл Д.Өлзийбаатар гишүүн Үндэсний зөвлөлийн хуралдаанд 6 сараас дээш хугацаагаар  суугаагүй болох нь тогтоогдсон тул Хяналтын зөвлөлөөс сонгосон газар буюу ЕТГ-т 2023 оны 6 сард “Хяналтын зөвлөлийн зөвлөмж” хүргүүлсэн байхад 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Үндэсний зөвлөлийн хуралдаанд сууж, санал өгч Үндэсний зөвлөлийг хууль бус, хүчин төгөлдөр бус шийдвэр гаргахад хүргэсэн байгаа юм. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах тухай Хяналтын зөвлөлийн зөвлөмж гарсны дараа тухайн гишүүн Үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцохгүй” гэсэн хуулийн заалттай. Гэтэл Өлзийбаатар гишүүн хуралд сууж,  санал хүртэл өгсөн гэдгийг дахин хэлье.

Үүнээс болж гүйцэтгэх удирдлагыг ажлаас чөлөөлсөн тогтоол нь хүчинтэй гэж нэг хэсэг нь нөгөө хэсэг нь хууль бус гэж Үндэсний зөвлөлийн гишүүд хоёр хуваагдан маргалдаж эхэлсэн. Гүйцэтгэх удирдлага ч хууль бус тогтоол гаргасан, хуулийн дагуу ажлаа хий гэж Үндэсний зөвлөлийг шахсан. Ингэж явсаар сарын сүүл 25 болж бид цалингаа авч чадахгүйд хүрсэн юм. Ерөнхий захирлын эрхийг түдгэлзүүлсэн учир цалин дээр гарын үсэг зурах хүн байхгүй гээд хэдэн өдөр хойшилсон. Баяр болоод байдаг, цалингаа авч ар гэртээ ядаж бялуу, оргилуун дарсаа, үр хүүхдэдээ бэлгийг нь авмаар байдаг. Гэтэл Үндэсний зөвлөл нь хуралдаж, тогтоолоо гаргаж, ажил хүлээлцэх комиссоо ч байгуулж чаддаггүй. Ирц нь хүрдэггүй.  Тэгээд л хамт олон боссон юм. Сүүлдээ бид өөрсдөө Үндэсний зөвлөлийн гишүүд рүү ярьж, хуралдаа суугаад өгөөч гэж гуйлаа шүү дээ . Даанч тоогоогүй, үүгээр ч зогсохгүй биднийг элдвээр хэлж, та нарын энэ асуудал бидэнд хамаагүй гэж хэлсэн. Бүгд баримттай бидэнд байгаа. Шаардлагатай гэвэл нийтэд дэлгэнэ.

Хамгийн инээдтэй нь хамт олон нь цалингаа авч чадахгүй, унаа хоолны мөнгөгүй байхад Үндэсний зөвлөлийн гишүүд урамшуулал нэртэй  авдаг 1,2 сая төгрөгөө бүгд авчихсан байсан. Тэд 2021- 2023 онд урамшуулал нэрээр тэрбум төгрөгийн цалин, гадаад томилолт зэргийг авчихаад энэ байгууллагын хөгжил дэвшил, хамт олны эрх ашгийн төлөө нэг ч ажил хийж чадаагүй. Өнөөгийн Үндэсний зөвлөл 34 удаа хуралдаж, 103 тогтоол гаргахдаа ОНРТ-ийн тухай хуульд заасан үүрэгт ажлынхаа хүрээнд 22 тогтоол, Үндэсний зөвлөлийн дотоод зохион байгуулалт, гишүүдийн ёс зүйн асуудал, дүрэм журмын тухай ямар ч үр дүнгүй 27 тогтоол, гүйцэтгэх удирдлага Ерөнхий захирлыг авч хэлэлцсэн, эрхийг нь  хязгаарласан тухай 20 гаруй тогтоол гаргасан атлаа МҮОНРТ-ийн хөгжил, бодлого, уран бүтээлийн асуудлаар ердөө 3 тогтоол гаргаж ажилласан ийм л хүмүүс. Ингэж өөрийн хүмүүсээ сандал ширээнд “шургуулах”-ын төлөө, өөрсдийн эрх ашгийн төлөө улайрч байгаа  нь  хамт олонд нэгэнтээ илэрхий болсон дээрх хүмүүсээс болж байгууллагын үйл ажиллагаа доголдож, жирийн уран бүтээлчид, ажилчид цалингаа авч чадахгүйд хүрч, удаа дараа хохирч эцэстээ бослого тэмцэлд хүрч байгаа нь энэ юм.  Гэхдээ МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүх гишүүн тийм муу муухай хүмүүс биш шүү үнэхээр сэтгэлтэй, юм хийе гэсэн хууль, дүрэм журмаа барьж зарчим ярьдаг, Үндэсний зөвлөлийн цөөн гишүүн байгаа гэж бодож байна.

-Хамт олны гарын үсэгтэй шаардах бичгийн дагуу ТББХ-ны гишүүд танай байгууллага дээр ажилласан уу?

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг даргатай ажлын хэсэг Б.Баттөмөр, Ж.Батсуурь нар МҮОНРТ-д өнгөрсөн лхагва гарагт “морилон” ирсэн. Хамт олны ихэнх нь буюу 427 хүний гарын үсэгтэй, Үндэсний зөвлөлийн гишүүдийг эгүүлэн татах гэсэн шаардлагын дагуу ирэв үү гэтэл асуудлыг гомдол саналын мөрөөр шийдвэрлэх биш ердөө л гүйцэтгэх удирдлагыг  ажлаас нь чөлөөлөх, оронд нь хэн нэгнийг томилохоор тэд ирсэн нь харагдсан. Ингэж л УИХ-ын гишүүд МҮОНРТ-рүү дайрдаг болсноо батлан харууллаа... Уг нь ОНРТ-ийн тухай хуулийг хэрэгжүүлдэггүй, үйл ажиллагааг нь гацаадаг Үндэсний зөвлөлийн гишүүдийг эгүүлэн татах асуудлыг хөндөөсэй гэж МҮОНРТ-ийн ажилтнууд хүсэж байлаа. Дашрамд хэлэхэд МҮОНРТ нь ОНРТ-ийн тухай хуулиар хамгаалагдсан байгууллага боловч УИХ-ын гурван гишүүн ирээд дарга “цэрэг” томилох, чөлөөлөх асуудлыг нь шийдвэрлэхийг оролдсон  хууль зөрчсөн үйлдэл гаргалаа. Мөнхөөгийн Оюунчимэг гишүүний хувьд ТББХ-ны Ажлын хэсгийн дарга, гишүүний хувиар манай байгууллагад нийтдээ 6 удаа ирсэн. Үүний гурав нь дарга солих асуудлаар... Ирэх болгондоо ОНРТ-ийн тухай хуулийг шинэчлэх тухай худлаа ярьж, шоу хийж, гурван жилийн нүүрийг үзэж байгаа. Бид байгууллагынхаа нэр хүндийг бодож, өдийг хүртэл зөвхөн дотроо ярьж, тэмцэж ирсэн юм. Асуудал нэгэнтээ ийм болсон учраас үүссэн нөхцөл байдлын талаар бид мэдээлэл өгч байна. Одоо үүнээс өөр аргагүй боллоо...    

-Та бүхний энэ тэмцлийн цаад зорилго юу вэ, Үндэсний зөвлөлийн гишүүдийг огцруулахад л чиглэж байна уу?

-Бидний хамгийн том зорилго ОНРТ-ийн тухай хуулийг шинэчлэх. Энэ ажил эхлээд үр дүнд хүрэлгүй 4 жил боллоо. Уг нь УИХ-ын 2020 оны 12-р сарын 10-ны өдрийн чуулганаар байгуулагдсан “ОНРТ-ийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг”-ээс Үндэсний зөвлөлийн энэ нөхдүүдэд хуулийн өөрчлөлтөд тусгах санал ирүүлэх тухай албан бичгийг хэд хэдэн удаа явуулсан ч эд нар нэг ч удаа хариу өгөөгүй  байгаа юм. Дээр нь УИХ-ын ТББХ-ноос өгсөн чиглэл, зөвлөмж мөн Үндэсний аудитын дүгнэлтэд дурдсан зөвлөмжүүдээс харахад Үндэсний зөвлөлийг хуулиа хэрэгжүүлж ажиллах, ялангуяа ОНРТ-ийн тухай хуулийн 18.2 дахь заалт болох “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсний хэмжээг олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн, Засгийн газар тогтооно” гэснийг нэн даруй хэрэгжүүлэх, ОНРТ-ийн тухай хуулийн 24.1.2 дахь заалт “Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны үндсэн зорилт, стратеги төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх, Монгол Улсын төсөвт тусгуулах” гэснийг цаг алдалгүй шийдвэрлүүлэхийг удаа дараа сануулсан байдаг. Түүнчлэн байгууллагын эдийн засгийн чадавх, хамт олны нийгмийн асуудал,  техник технологийн шинэчлэлт, цалин орлогыг нэмэгдүүлэн дэмжих үндсэн чиг үүрэгтээ онцгой анхаарал тавин ажиллахыг зөвлөсөн байна. Бүтэн хоёр жилийн хугацаанд дээрх зөвлөмж, чиглэлийн дагуу ямар нэгэн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл явуулаагүй нь цаашид ажиллах чадваргүйг баталсан. Тиймээс бид өнөөгийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг нэн дариу өөрсдөө өргөдлөө өгөөд огцрох, үгүй бол 15 гишүүн бүгд огцрох ёстой гэж үзээд байгаа юм.

Би дээр хэлсэн. МҮОНРТ-ийн хөгжил, бодлого, уран бүтээлийн асуудлаар ердөө гуравхан тогтоол гаргасан хүмүүс. Дарга томилох, халах асуудал ярихаар л бүгд цугладаг. Бусад үед ирэхгүй. Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор ажлаа аваад нийт 6 удаа хурал зарласан боловч гишүүд нь хуралдаа ирээгүй. Ганцхан жишээг хэлэхэд 2023 оны 10-р сард гүйцэтгэх удирдлагаас өгсөн байгууллагын төсвийн үзэл баримтлал, төсвийн тодотголыг одоо хүртэл хэлэлцээгүй байна. Байгууллагын 2024 оны үйл ажиллагааг тун бүрхэг болголоо. Энэ оны төсвийг түрүү жил хэлэлцээд баталчихсан байх ёстой уг нь.  Энэ бүгдээс үзэхэд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд үүрэгт ажилдаа хариуцлагагүй, ёс зүйгүй, хувийн ашиг сонирхлоор ханддаг жишиг тогтсоныг бэлхнээ илтгэж байна.

-Танай гүйцэтгэх удирдлагыг тамгаа аваад зугтсан гэж байсан. Ер нь хэр зэрэг ажилласан гэж танай хамт олон үзэж байгаа вэ?

Хэрүүл шуугиан гарсан өдрөөс хойш бид цалингаа авах гээд тэмцсэн. Ерөнхий захирлын өрөөнд орж лайв хийсэн, асуусан, тодруулсан тэр болгонд байж л байсан. Сүүлд гарын үсэг зурахдаа байж л байсан. Сая УИХ-ын гишүүд, Үндэсний зөвлөлийн зарим гишүүд ирж тамга тэмдгийг нь авах гэж байхад байж л байсан. Би бол тамгаа аваад зугтаасан гэдэг мэдээ ташаа гэж хэлнэ. Аан харин хэр зэрэг сайн ажилласан тухай би дангаараа дүгнэх боломжгүй. Сүүлд авсан мэдээллээр гүйцэтгэх удирдлага УИХ-ын ТББХ, Үндэсний зөвлөлд өнгөрсөн гурван жилийн ажлын тайлангаа тавья гэж хандсан гэсэн. Мөн хамт олондоо гурван жилийн тайлангаа тавих тухайгаа Үндэсний зөвлөлд уламжилсан гэсэн. Эндээс л хэр зэрэг ажилласан нь тодорхой болох байх.

-Хамт олны энэ бослого, тэмцлийг хаанаас зохион байгуулж байгаа вэ?

-МҮОНРТ-ийн залуус ярьж байгаад 2013 онд “MNB-Зууны тэмүүлэл” ТББ-ыг байгуулж байсан юм. Зорилго нь нийгэмд байгууллагаа сурталчлах, Радио, телевизийн залуусаа сургах хөгжүүлэх байсан. Тухайн үед Ерөнхий захирлаар одоогийн Үндэсний зөвлөлийн гишүүн М.Наранбаатар, Тамгын газрын даргаар Ө.Нарангэрэл ажиллаж байлаа. Удирдлагуудын дэмжлэгээр сайн үйлсийн олон ажлыг зохион байгуулсан. Хамт олноо сургах, олон нийтийн ажилд уриалах, хүүхэд багачуудаа соён гэгээрүүлэх, тэмцээн уралдаан зохиохоос гадна, нийгэмд чиглэсэн “Ивээл” гээд халамжийн цэцэрлэгт тоглоом, эд зүйлс, 7 сарын 1-ний үймээнээр гэмтэл авсан 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд туслах хандивын аян, манай байгууллагад 25 жил ажилласан гэр оронгүй үйлчлэгч эгчид 5 ханатай гэр, дулаан зуух өгсөн гээд яривал ажлууд байна.

Шууд хэлэхэд одоо ажиллаж байгаа Үндэсний зөвлөлийн гишүүдээс хавь илүү ажлыг манай клуб хийсэн байгаа юм. Клуб гэдэг нь бид ажилчдын фэйсбүүк группээ  “MNB-клуб” гээд нэрлэсэн юм. Одоо тэрүүгээр нь хамт олон илүү мэднэ. Тэгээд манай клубийн удирдах зөвлөлийн гишүүд болон залуусын төлөөлөл ахлаад энэ ажлыг зохион байгуулж байна.  Хамт олон бол Үндэсний зөвлөлийн гишүүдийн чадамжгүй гэдгийг мэдээд нэг чигт харсан байгаа. Ялангуяа манай байгууллагад он удаан жил ажилласан, энэ байгууллагыг хамгийн сайн мэдэх хүмүүс бүх гацааны эзэн болчхоод байгаад бид харамсаж байна. Бид энэ хүмүүсээс салж, байгууллагаа хэвийн үйл ажиллагаанд шилжтэл зогсохгүй. Шаардлагатай гэвэл Хөдөлмөрийн хуулийн дагуу дараагийн арга хэмжээнд шилжих болно.



Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү