Т.Ангар:Жижигхэн ТББ-аас багахан сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэхийг зорьж байхад хүмүүс түүнийг яагаад улстөржүүлж, буруутгаж хардаг юм бол гэж бодсон
Дэнжийн мянгад үнэгүй комиссын хувцас тараах болсон тухай мэдээлэл гарсантай холбогдуулан маш олон хүмүүс нэг дор цуглаж, орчмын авто замд түгжрэл үүссэн тухай мэдээлэл сошиал орчинд тарсан.
Тэгвэл бид тус арга хэмжээг зохион байгуулагчдын нэг болох “Монголын бөө мөргөл” гэр музейг үүсгэн байгуулагч, дархад зайран Т.Ангартай уулзан, тодруулга авч уншигчиддаа хүргэж байна.
–Юуны өмнө та байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?
– Бидний хэсэг нөхөд хэдэн жилийн өмнөөс “Монголын бөө мөргөл” гэр музейг үүсгэн байгуулж, Монголын уламжлалт шүтлэг, соёлын илэрхийлэл болсон бөө мөргөлийн утга агуулгыг олон нийтэд таниулах, иргэдэд монгол ахуй соёлтой холбоотой зөв мэдээлэл хүргэх, нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд сайн үйлсийн аянаар дамжуулан тусламж дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан ашгийн төлөө бус байгууллага юм. Бид анх удаа сайн үйлсийн аян зохион байгуулж байгаа хэрэг биш. Хэдэн жилийн өмнөөс эхлэн өөрсдийн чадлын хэмжээнд хороо, дүүргээрээ дамжуулан бүлгийн хүмүүст өвлийн хүйтний улирал эхлэхээс өмнө тусламжийн дулаан хувцас хунарыг худалдан авч, тараан өгч байсан. /Энд дарж уншина уу http://undesten.mn/3518.html/.
Энэ удаа бид “Буянт дэнжийн мянга” ТББ-тэй хамтран сайн үйлсийн аяныг зохион байгуулж, биднийг дэмжигч хүмүүсийн хандиваар цуглуулсан комиссын хувцас, бараа материалыг цар тахлын 2 жилд олон нийтэд тарааж чадалгүй хадгалж байгаад өнөөдөр зорилтот бүлгийн хүмүүст тараахаар төлөвлөсөн.
– Та яриандаа сайн үйлсийн аяныг энэ жил анх удаа зохион байгуулж байгаа хэрэг биш гэлээ. Хэдэн жил зохион байгуулж ирсэн вэ?
– Дэлхий дахинд төдийгүй Монгол улсад халдварт цар тахал гарч, олон нийтийн арга хэмжээг хориглосон сүүлийн хоёр жилд бид сайн үйлсийнхээ аяныг зорилтот бүлэгт хүргэж чадаагүй завсарласан. 2015 оноос эхлэн энэ аяныг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Ер нь боломж бололцоотой хүмүүс боломжгүй нэгнээ дэмжиж, чадах мэдэх зүйлээрээ тусалж дэмжих нь монгол хүний эрхэм чанар төдийгүй хөгжил дэвшилд хамтдаа хүрэх гарц гэж би боддог.
– Та бүхэн зохион байгуулалтандаа алдаа гаргав уу, ийм олон хүн нэг дор цуглана гэж тооцсон уу?
– Энэ удаад бид сүүлийн 2 жилийн турш олон түмний хандиваар цуглуулж хуримтлуулсан 20 тоннын контейнерт багтсан комиссын хувцсыг зорилтот бүлгийн иргэдэд түгээхээр том заал бүхий авто машин угаалгын төвийг түрээслэн 35 хүн 2 өдрийн турш ажиллаж, хувцас бүрийн нас, хүйсээр нь ялгаж ангилан бэлтгээд, иргэдийг 20-30-аар оруулж, хүн тус бүр 2-3 хувцас сонгуулах байдлаар 200-300 хүнд хүргэнэ гэж төлөвлөж байсан боловч өглөө 1000 гаруй хүн нэг дор ирсэн. Эдгээр хүмүүс дотор комиссын барааны ченжүүд, өөрийн ойр дотнын хүмүүсээ дагуулан ирж, хувцас авахыг завдаж, зорилтот бүлгийн хүмүүст хүргэх боломжгүй болсон, мөн олон хүмүүс нэг дор унаа машинтайгаа цугласан нь авто замын түгжрэлийг үүсгэсэн. Үүний улмаас бид өнөөдөр нэг ч хувцас тарааж чадсангүй. Цаашдаа хороо дүүрэгтэй нь хамтран, зорилтот бүлгийн хүмүүстээ хүргэхээр болсон.
– Та бүхний сайн үйлсийн аянтай холбоотой зөрүүтэй мэдээллүүд цахим орчинд гарч байна. Хандивын барааг тараахаар болжээ, Япон комиссын хувцас гэнэ, ТББ-ын цаад эзэн нь хэн вэ гээд олон асуултууд хариултгүй явж байна?
– Биднийг огт танихгүй мэдэхгүй хүмүүс сошиал орчинд янз бүрээр хардаж сэрдэж бичсэн бололтой юм билээ. Манай байгууллагын үйл ажиллагааг дэмждэг хүмүүсийн хандив тусламжаар бид зорилтот бүлгийн иргэдэд зориулан эдгээр комиссын хувцсыг цуглуулсан. Энд ганц япон комиссын хувцас биш, Солонгос, Хятад комиссын хувцас ч байгаа. Тэр дотор Япон комисс нь арай шинэвтэр байгаа учраас хүмүүс япон комисс гэж ойлгосон байх. Бидэнд ямар ч улс төр, нам, сонгууль, нэр дэвшигч, бүлэглэл огт хамаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Манай байгууллага энэ жилийг “Өр бага тавьж, өглөг сайн түгээ” гэдэг аян зохиож байгаа. Энэ хүрээнд манай “Монголын бөө мөргөл” гэр музейгээс аль болох бусдад бодитой туслахыг зорьж байгаа бөгөөд дараагийн удаад бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандсан арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
– Маш олон хүмүүс нэг дор комиссын хувцас авахаар цуглажээ, хүмүүсийн амьжиргаа муудсаны илрэл гэж хэлж болохоор санагдсан?
– Мэдээж хүмүүсийн амьжиргаа суларсан нь үнэн боловч хамгийн гол нь ихэнх хүмүүс оюун санааны ядууралд оржээ гэж хэлж болохоор байна. Зүгээр нэг жижигхэн ТББ бяцхан сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэх гэж байхад хүмүүс элдвээр хардаж, улстөржүүлж, буруу муухайгаар хэлж байгааг харахад манай нийгмийн сэтгэл зүй ямар доройтолд орсны илэрхийлэл гэж бодож байна. Энэ нийгэмд хэн нэгэн ямар ч сайн үйл хийж болохгүй болчихсон юм уу. Мөн комиссын хувцасны ченж зэрэг боломж бололцоотой хүмүүс эдгээр хувцсыг биднээс үнэгүй авч, цааш нь зарахыг зорьж байгаа нь ухамсрын ядуурал нийгэмд нүүрлэсний шинж.
– Ярилцлага өгсөнд баярлалаа, та бүхний сайн үйлсийн аянд амжилт хүсье.
– Та бүхэнд ч гэсэн баярлалаа, өнөөдөр бидний ажлыг нам улс төртэй холбон хардаж байгаа хүмүүст хандан хэлэхэд цаашид бид нам улс төрөөс ямар ч хамааралгүйгээр сайн үйлсийн аяныг хэрэгжүүлж болдог гэдгийг ойлгох хүртэл нь сайн үйлсийн аянаа үргэлжлүүлэх болно.