Ж. Бат-Амгалан: Хот өөрийн гэсэн соёлын дүрэмтэй болох ёстой

Ж. Бат-Амгалан: Хот өөрийн гэсэн соёлын дүрэмтэй болох ёстой


4 жил 3842

 

 

Хотын соёлыг нэг үгээр хэлбэл хариуцлага. Нэг хүн хариуцлагатай байвал нөгөө хүн аз жаргалтай болдог. Хуульч Ж. Бат-Амгалантай “Хотын соёл”- ын талаар ярилцлаа.
-Та бол залуусын төлөөлөл. Энэ утгаараа хотын соёлыг юу гэж боддог вэ?

Би өөрөө хуульч хүн. Монгол улс бол үндсэн хуулиараа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулж чөлөөт зах зээл бүхий ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Манай урд хойд хөрш маань бол өөр диктатуртай . Харин бид нар бол барууны улс.  Хүний эрхийг дээдэлсэн хуультай улс учраас энэ өөрөө соёлтой яаж уялдах вэ гэхээр миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэсэн эрхзүйн суурь ойлголт байдаг. Хуулийн доор хуулинд захирагдаж амьдарна гэсэн үг. Тэгэхээр соёл гэдэг бол хуульчилсан бичсэн эрхзүйн нэг хэсэг байх албагүй. Хотын соёл гэхээр нэг дүрмээр амьдарна гэсэн үг. Тэр нь заавал дүрэмчлэгдээд бичигдээд байх албагүй. 1970-аад онд соёлын довтолгоо , соёлын хувьсгал гээд соёлжуулах өөрчлөн байгуулах ажил хүчээр явагдаж байсан . Одоо бид нарын үед манлайллын хүрээнд соёлын довтолгоог явуулах шаардлагатай болсон. Шинэ соёлын довтолгоо гэж нэрлээд явуулахаас өөр аргагүй. Яагаад гэхээр миний эрх байна гээд бусдын эрхэнд халдаж болохгүй. Хамгийн тод жишээ бол Япон улс байдаг. Тэнд хэнд ч гай болохгүй амьдар гэсэн зарчимтай. Би соёлыг энэ утгаар ойлгодог.

- Хотын соёлыг түгээхийг хүссэн тантай адилхан залуус олон бий. Тэд хамтдаа нэгдэн бусдыгаа уриалж шаардлага тавьдаг. Гэвч шаардлагыг нь хүлээж авдаг хүн маш цөөхөн. Ардчилсан нийгэмд амьдарч буй хүн юу дуртайгаа чөлөөтэй хийж болно, бүгд хувь хүний эрх чөлөө гэж буруу ойлгоод яваа хүн олон байх шиг.

Нэгдүгээрт, Бид эрхээ мэдэж байгаа хэдий ч үүргээ сайн мэдэхгүй байна. Эрх үүрэг хоёр тэнцүү байж амьдрах ёстой.  Манай залуучууд үндсэн хуулиа унших хэрэгтэй. Энэ бол бас нэг соёл.

Хоёрдугаарт, Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэмтэй байх ёстой. 2012 онд Э. Бат-Үүл даргын үед дүрэм боловсруулах ажлын хэсэгт миний бие ажиллаж байсан. Хот өөрийн гэсэн бичигдсэн дүрэмтэй байх нь зүйтэй. Энэ дүрмээ мөрдүүлэх нь чухал.  Харин одоо ийм дүрэм алга зөрчлийн тухай хуулиар л хүмүүсийг хязгаарлаж байна.

Гуравдугаарт, Манлайлал. Төрийн оролцоо иргэдийн  манлайлал хоёр тэнцүү байх нь соёлыг түгээхэд чухал . Ийм соёлтой болчихвол бидний стрессдээд байгаа түгжрэл болон бусад зүйлээс бага зэрэг гарах юм. Бид өөсрсдөө соёлгүйгээсээ болоод түгжрэл үүсгэж байгаа. Ядаж л манай залуучууд автобусанд явахдаа өөрөөсөө ахмад хүнд сандал тавьж өгөхгүй байна. Жижиг гэлтгүй зүйл дээр манайхан өөрсдөө  манлайлаад байвал бусдад нөлөөлдөг. Бид гадаадад очихдоо усыг нь уувал ёсыг нь дага гээд тухайн улсын соёлыг дагадаг биз дээ .

-Хот, дүүргүүд  өөрийн гэсэн соёлын дүрэм, онцлогтой болох ёстой гэсэн.

  Би Баянзүрх дүүргийн иргэн. Манай дүүрэг чинь цэрэг армийн дурсгалт газар музей, хөшөө их байдаг. Орчны онцлогоосоо шалтгаалаад  аймаг, сум, дүүргүүд хотын дүрмүүдээ өөрсдийнхөөрөө хийж болох юм болов уу . Баянзүрх дүүрэг бас яагаад ийм дүрэмтэй байж болохгүй гэж. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг өөрчлөөд дүүрэг,  хороод руу эрх мэдлийг өгөх юм бол соёлыг түгээх арга хэмжээ хийх боломж гарч ирнэ.

- Нийслэлийн Засаг Даргын захирамжаар 2020 оныг “ Нэг хот-Нэг стандарт” жил болгон зарласан. Энэ хүрээнд “ Хотын соёл” аяныг эхлүүлээд явж байгаа. Энэ ажил Баянзүрх дүүрэгт хэр хэрэгжиж байна гэж бодож байна ?

Нийх хэрэгжихгүй байгаа гэж харж байна. Лого төдий зүйл . Одоо орон нутгийн сонгууль болох гэж байна. Баянзүрх дүүргийн Ардчилсан нам “Баянзүрх хот” гэсэн уриатай сонгуульд оролцоно. Яагаад бид дүүргээ хот болгоё гэж байгаа вэ гэхээр Монгол улсын аравны нэг нь буюу 350 мянган хүн амьдарч байна. Баянзүрхээ хотын дайтай хот болгоё гэдэг зорилго тавьж байгаа. Хот , дүүрэг хоёр ялгаатай. Хот бол өөрийн гэсэн стандарттай. Тиймээс үүнийг дагаад хотын стандарт руугаа бүх зүйлээ төвлөрүүлнэ. Яг үнэндээ энэ хот хаяг ч байхгүй байна. Гал команд эмнэлэг очиход хаягжилт байхгүй. Бусад хотуудад гар утасны аппликейшн дээр хаяг гарч ирдэг. Мөн үйлчилгээний байгууллагын хаягууд байхгүй учраас жуулчид хаана очихоо мэдэхгүй, албан ёсны такси байхгүй .  Бүх юм стандарттай байх ёстой. Соёл нь хүртэл. Тэгэхээр бид төрийн бодлогоор хуульчилж өгөх хэрэгтэй.

Соёлыг бүтээхийн тулд та өөрийнхөө зүгээс ямар ажил хийж байна?

Өнгөрсөн жилээс эхлэн “Хамтдаа ирээдүйгээ бүтээе” гээд өсвөр үе залуучуудад эрхзүйн боловсрол олгох аянг санаачилан ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх , хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм бодисоос яаж сэргийлэх вэ  , хууль дүрмээ сайн мэдэхгүй байж байгаад ямар нэгэн зүйлд уруу татагдах вий зэргээс урьдчилан сэргийлж Цагдаагийн Ерөнхий Газар, тухайн дүүргийн сургуультай хамтран лекц орж санал бодлоо солилцож байна.

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү