Г.Занданшатар: УИХ тарж, ард нийтийн санал асуулгатайгаа хамт сонгууль явуулах хувилбарыг ярьж байгаа

Г.Занданшатар: УИХ тарж, ард нийтийн санал асуулгатайгаа хамт сонгууль явуулах хувилбарыг ярьж байгаа


5 жил 2440

Ард нийтийн саналыг авахаар төлөвлөж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эх бэлэн болсон. Ард нийтийн санал асуулгад 29 тэрбум төгрөг зарцуулж, ирэх аравдугаар сарын 30, 31-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ энэ бол зөвхөн санал төдий байгаа асуудал. Учир нь, УИХ ард нийтийн санал асуулгыг яг хэзээ, хэрхэн зохион байгуулах, ямар хэмжээний зардлаар хийх, санхүүжилтийг нь хаанаас гаргах зэрэг асуудлаа шийдвэрлэсэн тогтоолоо батлаагүй байна. Тодруулбал, ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, төсвийн асуудал нь тодорхой бус байна гэсэн үг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж ярилцахдаа энэ тодорхой бус асуудлаа хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Санал асуулгаар дэмжигдэхгүй, эсвэл ирц хүрэхгүй бол үүнд зарцуулсан цаг хугацаа, хөрөнгө санхүү ямар ч үр дүнгүй болж хувирна. Энэ эрсдэлийг хэрхэн тооцож байгаа вэ?

-Зардал мөнгийг хэмнэх, ирцийг хангах нэг аргыг бид бодож байна. Гэхдээ энэ асуудал одоохондоо тодорхой бус байгаа учраас энд ярихгүй. Нөгөө талаараа сурталчилгаа сайн хийх хэрэгтэй. Би саяхан нэг захирамж гаргасан. Энэ бол УИХ-ын гишүүд долоо хоногийн хугацаанд тойрогтоо ажиллаж ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буй эхийг олон нийтэд сурталчлан таниулах ажил хийх тухай захирамж. Мөн төрийн байгууллагууд болон намуудын төлөөллийг оролцуулж ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах комисс байгуулж байгаа. Энэ шийдвэр маргааш (өнөөдөр) албажиж гарна.

-Одоо ард нийтийн санал асуулга явуулна. Удалгүй ард нийтийн санал асуулгад зарцуулах зардалтайгаа адилхан хэмжээний санхүүжилт гаргаж сонгуулиа зохион байгуулна. Ингэж ойр ойрхон зардал гаргаж байхаар УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамтад нь хийвэл зардал хэмнэх юм биш үү?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд энэ асуудал яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна. Гэхдээ улс төрийн үр дагаварын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал.

-Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолоо батлахгүй байгаа нь үүнтэй холбоотой гэсэн үг үү. Эсвэл санал асуулга явуулах зардлаа хэрхэн буулах, санхүүжилтийг хаанаас гаргахаа шийдэж чадахгүй байгаатай холбоотой юу?

-Ард нийтийн санал асуулга явуулах зардлын хэмжээг бууруулахыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардаж байгаа. Бүх зардал нь нийлээд 30 тэрбумд хүрэх тооцоо гарчихаад байна шүү дээ. Санал асуулга зохион байгуулах бүх байгууллага зардлаа бууруулах ёстой. Мөн цаг агаарын нөхцөл байдлыг судлаад санал асуулга явуулах товоо тодорхой болгоно. Цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын нөхцөл байдлыг ирэх (энэ) долоо хоногт нарийвчилж гаргаж өгнө. Үүнээс гадна дээр ярьсан хувилбар тодорхой болсны дараа ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолоо батална.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү