Д.Пүрэвдаваа: Тэд нар сонгогдсон дүүргээ яагаад сөнөчихсөн дүүрэг гээд байгаа юм бэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Баянзүрх дүүргийн Ардчилсан Намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайн байна уу. Сүүлийн үед Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа асуудлуудын талаар болон бусад асуудлаар ярилцахаар тантай уулзаж байна. Та АН-ын гишүүн хэвээрээ байгаа юм уу?
-Би намын гишүүн хэвээрээ байгаа. Намайг урьд нь намаасаа сахилгын шийтгэл хүлээж, хөөгдсөн гэсэн мэдээлэл гарсан. 2018 оны арван нэгдүгээр сард сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийг эсэргүүцэж, намынхаа үндсэн дүрмийн хороонд гомдол гаргасан. Намын үндсэн дүрмийн хороо болон намын удирдлагууд энэ холбогдох шийдвэр зөрүүтэйгээс болоод энэ хэргийг уучлах нь зүйтэй юм гээд шийдвэр хүчингүй болсон. Мөн намын гишүүнчлэлээс сахилгын шийдвэр ногдуулсан нь 2019 оны нэгдүгээр сарын 28-нд хүчингүй болсон.
-Тантай хамт шийтгэгдсэн хүмүүсийн шийдвэр бас цуцлагдсан уу?
-Тийм. Яг адилхан.
-Миний санахын та Баянзүрх дүүргийн АН-ын даргын үүрэгт ажлаа өгсөн санагдахын. Хэзээ дахиад энэ ажилдаа орчхов оо?
-Би саяхан 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр БЗД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Үүрэг гүйцэтгэгч гэдэг маань долоо хоног ч болж магадгүй, долоон сар ч ажиллаж магадгүй. Дараагийн дарга томилогдтол үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг. 2017 оны наймдугаар сард намын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байсан. Энэ нь дарга гэсэн ойлголт биш юм.
-Яагаад үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон бэ?
-Манай намын дүрэмд УИХ нэр дэвших Үндэсний Бодлогын Хорооны гишүүд дүүргийн болон аймгийн намын хорооны дарга байж болохгүй гэсэн дүрэм байдаг. БЗД-ийн намын хорооны даргаар Нүрзэд гэдэг залуу ажиллаж байгаад хоёрдугаар сарын 1-ээс өмнө УИХ-д нэр дэвших өргөдлөө өгсөн. Тэгэхээр дүүргийн удирдлага эзгүй болсон учраас намайг түр хугацаанд үүрэг гүйцэтгэж байх шийдвэр гарсан.
-Өнөөдөр Баянзүрх дүүрэгт хоёр намын асуудал дээд цэгтэй хүрчихлээ. Энэ асуудал хэдий хүртэл үргэлжлэх вэ? Өнөөдрийн байдлаар МАН засгийн эрхийг хүч түрээд засаг даргыг батламжилсан гэдэг асуудал гараад байна. Энэ асуудал одоо яахаар байна вэ?
-Ер нь захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж шийдвэрээс болоод БЗД-г дээр үл ойлголцох асуудал үүссэн. 2019 оны гуравдугаар сарын 29-ны өдөр хотын Засаг дарга С.Амарсайхан БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Баясахыг чөлөөлсөн захирамж гаргасан. Мөн тэр өдөр Э.Бат-Амгалан гэдэг хүнийг БЗД-ийн Засаг даргаар томилсон шийдвэр гаргасан нь маргаан дагуулаад байна. Уг маргааны гол асуудал нь хотын дарга дүүргийн иргэдийн хурлын бүрэн эрхэнд халдсан. Өөрөөр хэлбэл тухайн өдөр БЗД-г хоёр Иргэдийн Хуралтай болсон гэдгийг мэдсэн. Үндсэндээ БЗД-г Ш.Ганчимэг гэдэг үндсэн даргатай. Иргэдийн Хурал 2016 оны орон нутгын сонгуулийн дүнгээр Ш.Ганчимэгийг даргаар сонгоод, тэргүүлэгчид сонгогдон хоёр жил гаруй ажилласан. Энэ хугацаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сундуй болон Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болоход Ш.Ганчимэг дарга хамтарч ажиллаж байсан. Одоог хүртэл Ш.Ганчимэг даргын удирдлагаар төрийн ажил явж байгаа.
Гэтэл гуравдугаар сарын 29-ны өдөр Хотын засаг дарга маань өөр Иргэдийн Хурлын бичгийг үндэслэн Э.Бат-Амгаланг Засаг даргад томилсон. Нийслэлийн бичиг хэрэг дээр гуравдугаар сарын 29-ны албан тоот БЗД-ийн ИТХ дарга Г.Атармаа гэдэг албан тоот ирсэн байсан. Уг албан тоот нь БЗД-ийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай хэмээгээд гурван тоот тогтоол, нэг тоот албан бичиг хүргүүлсэн байсан. Гэтэл гуравдугаар сарын 29-ны өдөр БЗД-ийн иргэдийн хурал хуралдаагүй. БЗД-т АН олонхи байхад МАН-ын өөр газар хуралдаад өөрсдийгөө хурлын даргаар өргөмжлөөд Засаг даргад томилсон байсан.
-МАН-ынхан шинээр Засаг дарга томилох гэж буй асуудал нь сүүлд болсон 10,19-р хорооны сонгуулийн үр дүнгээс шалтгаалж бий болсон юм биш үү?
-Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүүргийн Иргэдийн Хурал мэдээлэл өгсөн. Манай Иргэдийн Хурал болон миний зүгээс мэдээлэл хийсэн. ҮХЦ-ээс сонгууль болоод дууссан бол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийг эргүүлж татдаг хууль нь үндсэн хууль зөрчиж байна. Тиймээс энэ хуулийн ашиглаж болохгүй гээд 2018 оны арван нэгдүгээр сарын 14-нд ҮХЦ шийдвэр гаргаад, УИХ хүлээж авсан. Тэгэхээр уг сонгууль болох ёсгүй байсан. Иймд бид Сонгуулийн Хороонд хууль бус ажлаа зогсоохыг шаардсан боловч Цэцээс дээгүүр, хяналтгүй шийдвэр гаргасан. Ингээд сонгууль зохион байгуулж, МАН ялсан байна. Дээр нь үндсэн хуульд ИТХ-ын сонгууль болсноос хойш 20 хоногийн дараа анхдугаар хуралдаан болно. Энгийн хурал 15 хоногоос доошгүй хугацааны өмнө зарлагдана гэсэн хуультай. Уг хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 19-нд хурлаа зарлаад сонгуультай холбоотой асуудлыг иргэдийн хурлаар авч хэлэлцэх ёстой байсан. Гэтэл гуравдугаар сарын 23-нд хууль бус сонгууль болоод үүнээс зургаа хоногийн дараа хурал хуралдаад шийдвэр гаргасан байна. Уг нь ном журмын дагуу Ш.Ганчимэг даргатай Иргэдийн Хурал хуралдаад үүн дээрээ МАН олонх болоод Хотын даргад шийдвэрээ хүргэсэн бол маргаан үүсэхгүй байсан. Хэдий бид хүчингүй гэж үзэж байгаа ч Иргэдийн төлөөлөгчид хүчинтэй гэж үзэж Э.Бат-Амгаланг дэмжсэн бол асуудал үүсэхгүй. Тиймээс бид зөрчигдсөн эрхийнхээ дагуу шүүхэд гомдол гаргасан. Мөн энэ баасан гарагт иргэдийн хурлаа зарласан. Энэ хурал дээр сонгуулийн хорооны дарга н.Баттөгс ирж сонгуулийн үйл явцтай холбоотой тайлбарыг өгөх ёстой. Үүнээс Иргэдийн Хурал энэ сонгуулийг цаашид авч хэлэлцэх эсэх дээр хуулийн хүрээнд шийдвэр гаргана.
-Шүүхийн шийдвэрээр хууль зөрчсөн нь тогтоогдвол хотын даргын шийдвэр хүчингүй болох уу?
-Тийм. Шүүх анхны хэлэлцүүлгээр уг захирамжийг түдгэлзүүлэх боломжтой. Шүүхийн шийдвэр эцэслээд гарахаар Ардын нам нь ялах юм бол засгаа барина биз, Ардчилсан нам нь ялах юм бол Ардчилсан нам нь барина биз. Гэтэл яагаад тэд яарав. Хууль гарчхаад байхад хууль зөрчин барин бүх зүйлд хүч түрж, улсад олонх, нийслэлд олонх байгаа энэ байдлаа давуу болгон ашиглаж, төрийн эрхийг барьж байгаа, тамга барьж байгаагаа ашиглаж, ард түмнийг дээрэлхэж байна. Нэг харамсалтай зүйл нь Хотын дарга болон МАН-ын төлөөлөгчдөөс биднийг харлуулсан компанит ажлыг зохион байгуулж байна. Бид мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна. Тухайлбал дөрөвдүгээр сарын 8-ны шуурхай ажилтны зөвлөгөөн дээрээ Хотын дарга БЗД-ийг “сааралтсан, хог новшиндоо дарагдсан, эмх замбараагүй байна” хэмээн ярьсан. Уг нь энэ утаатай тэмцэх асуудал чинь Хотын даргын ажил. Хотын дарга өөрөө орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн, хариуцсан орлогч дарга хүртэл байгаа. Хог тээврийн асуудал гээд ярих юм бол энэ асуудлыг мөн адил нийслэл хариуцдаг. БЗД-ээс сонгогдсон Нийслэлийн төлөөлөгчид хийнэ. Миний мэдэж байгаагаар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан бий. Д.Амарбаясгалан дарга бол МАН-ын ЖДҮХС-ын хэрэгт холбогдчихсон. Дараагийнх нь Ч.Гантулга гээд “Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо”-ны дарга байна. Мөн Т.Цэрэнноров “Нийслэлийн УСУГ”-ын барилга байгууламж хариуцсан дарга, Б.Сүхбаатар “Нийслэлийн Орон Сууцны Корпорац”-ыг хариуцсан дарга, С.Эрдэнэтуул “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”-ийн дарга гээд нийслэлд ажиллаж байгаа бүх том дарга нар нь бүгд БЗД-ээс сонгогдсон.
Өөрсдөө сонгогдсон дүүргээ яагаад хог новшиндоо дарагдсан гэж хэлж байгаа юм бэ? Яагаад сонгогдсон дүүрэг рүүгээ ингэж нулимж байна вэ. Хэдэн төгрөгийн дэмжлэг үзүүлээд, нийслэлээс сонгогдсон залуучууд нь юу хийсэн юм бэ? Дээрээс нь хог тээврийн хэдэн машин авч өгсөн, хэдэн оны үнэ тарифаар яваад байгаа юм бэ. Ямар шинэчлэл хийчхээд бидэнд буруугаа наагаад байгааг юм бэ. Ямар ч судалгаа нотолгоогүй зүйл дээр зүгээр индэр дээр зогсож байгаад дарга шүүмжилчхээр социалист нийгэм шиг дагана гэж бодоод байна. Үгүй шүү дээ. Дүүрэг бол төрийн үйлчилгээний гүүр. Халамжийн хуульд ийм өөрчлөлт орсон байна та энд хандах ёстой, Газрын албанд ийм өөрчлөлт орсон байна та энд хандах ёстой гээд холбох л үүрэгтэй. Түүнээс дүүрэгт байгаа бүх босоо удирдлагуудыг яам болон нийслэлээс томилдог. Тэгээд өнөөдөр 34-үүлээ байгаа нийслэлийн МАН-ын томилгоонууд БЗД-г дээр бараг 95 хувь нь байдаг. Тэгчхээд яагаад хүмүүсийн өмнө гарч ирээд БЗД сөнөчихсөн дүүрэг гээд байгаа юм.
-Хүн амынхаа тоогоор нийслэлийн хэмжээнд нэгт ордог БЗД-ийн төсөв нь хэр байдаг вэ?
-БЗД-т жилдээ 100 орчим тэрбум төгрөг төсөвлөгддөг. Энэ төсвийн дийлэнх нь буюу 70 орчим тэрбум төгрөг нь сургууль, цэцэрлэг, соёлын төсөвт байгууллагуудад очдог. Үлдэж байгаа 20 орчим тэрбум төгрөг нь дүүргийн хороодын дулаан цахилгаан ажиллаж байгаа хүмүүсийнх нь цалин хөлс, шар хантаазтануудын цалин гээд хуваагддаг. Хөрөнгө оруулалтын мөнгө гэвэл БЗД-т одоогийн байдлаар нэг тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ гэдэг төсөв баталсан. Нийслэл бол 300-аад тэрбум төгрөг хөрөнгө оруулалт зарцуулах ёстой. Нийт төсөв нь 800 тэрбум төгрөг байлаа гэхэд 500 тэрбум төгрөг нь урсгал зардал, шинээр бүтээн байгуулах мөнгө нь ойролцоогоор 300 тэрбум болно.
Харин дүүргийнх хөрөнгө оруулалт нь нэг тэрбум, урсгал зардал нь 20 гаруй тэрбум болдог. Дүүрэг удирдаж байсан хүний хувьд хэлэхэд дүүрэгт 28 хороонд нэг тэрбум төгрөгийг хуваахаар 30-40 сая төгрөг болдог. Энэ мөнгөөр хэдэн тоглоомын талбайгаа засаж янзлаад л дуусна. Дүүргийн эрх мэдэл бол маш бага байдаг.
-Тэгвэл МАН-аас Засаг дарга болгохоор зүтгүүлж байгаа Э.Бат-Амгалан саяхан өгсөн ярилцлагадаа БЗД-ийн төсвийн асуудал их бүрхэг байгаа. Нийслэлийн аудитын шалгалт оруулсан, сангийн яамны хэд хэдэн дүгнэлт гарсан гэж ярьсан байсан?
-Энэ нь Хянан Шалгах Хороо гэдэг шиг өөрт таалагдахгүй байгаа зүйлийг эд нарын томилсон аудитор, сонгуулийн хороонд орж ажилласан зарим хүмүүс нь шагнал болгоод аудитын газрын дарга болоод томилогдчихсон байх жишээтэй. Энэ бол хардлага. 2016 оны сонгуулийн хороонд орж ажилласнаас АН гишүүдийг хассан 13 удаа тогтоол гаргасан байдаг. Тэрний 11 нь сонгуулийн хороо буруу дүгнэлт гаргасан байна гэдэг шүүхийн тогтоолтой, хоёр дээр нь маргаан үүссэн. Маргаан үүссэн хоёр нь эцсийн шийдвэр гаргаад хүчингүй болгочихсон. Сонгуулийн хороо гэдэг байгууллага 13 шийдвэр гаргаснаас 11 нь 100 хувь буруу байна. Энэ буруу шийдвэр гарсныхаа хариуд тэнд ажиллаж байсан бүх хүмүүс дэвшсэн. Жишээлбэл МХЕГ-т дарга, сургуулийн захирлууд, Үндэсний аудитын газарт дарга, Санхүүгийн хорооны дарга гээд олон албан тушаалтнууд байна. МАН-ын төлөөлөгчдийн аман яриагаар та нарыг бид аудитаар чангална гэж сүрдүүлсэн. Энэ сүрдүүлгийн үр дүн ч гарч төрийн аудитын шалгалтаар БЗД-т их хэмжээний зөрчил илэрсэн гээд байгаа юм. Зөрчил илэрсэн бол бид хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна. Зөрчил гээд байгаа нь бид нарыг мөнгө аваад идчихсэн юм шиг ойлгуулах гээд байгаа юм. Тийм биш. Хэрвээ үнэн байсан бол эрүүгийн хэрэг үүснэ. Санхүүгийн зөрчил гэдэг маань бичилтээ буруу хийсэн. Цаг хугацаанд нь бүрдүүлэх байсан баримтууд нь зөрсөн гэхчлэн асуудлууд яригдаж байгаа. Аудитын дүгнэлтээр хэн нэгэн удирдагч, төсвийн ерөнхийлөн захирагч буруутай бол тэд нар АТГ, Эрүүгийн цагдаадаа өгөх хэрэгтэй. Ийм үнэн байгаа бол бид үүнээс зугтаагаад байхгүй. Зүгээр цаас үйлдвэрлээд үүгээрээ шоу хийхээ болих хэрэгтэй. Их сайн харлуулчихвал өөрсдөө сайн болчихно гэж хараад байх шиг байна. Муулах сэдэв олдохгүй, төлөөлөгчдийн бүлгийн даргаар ажиллаж байгаа намайг харлуулаад байвал бусад шийдвэр болчихно гэж бодож байвал энэ эндүүрэл. Эхлээд хүнийг буруутай гэж хэлэх гэж байгаа бол буруутайг нь тогтоочих.
Жишээ нь хамгийн их ЖҮД-чин гишүүдтэй дүүрэг БЗД-г байна. Энэ дүүрэгт нийт зургаан гишүүн бий. Бие даагч С.Жавхлан гишүүнээс бусад нь ЖДҮ-д холбогдсон. Нийслэлийн төлөөлөгч Д.Амарбаясгалан холбогдсон. Дүүргийн төлөөлөгчдөөс хоёр хүн эрүүгийн хэрэгт холбогдоод шүүхээр шийтгэл нь тогтоогдсон. Бас нэг нь сая болсон хууль бус сонгуулиар бэлэн мөнгө тарааж яваад баригдсан. Ингээд өөрсдийнхөө хар толбыг нуухын тулд намайг харуулж байна. Намайг харлуулж байгаа шалтгаан нь би эднээс айж эмээлгүйгээр хоёр Иргэдийн Хуралтай болсныг чимээгүй өнгөрөөж чадаагүй. Би АТГ-т хууль зөрчин байж гаргасан энэ байдлыг шалгуулахаар өгсөн. Хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан. Намайг дүүрэгт болж байгаа хууль бус ажиллагааг олон нийтэд дэлгэсний төлөө харлуулж байгаа юм.
-Таны бодлоор МАН-ынхан бүтэн дөрвөн жил шахуу ингэж улайрч тэмцээд байгаа цаад шалгаан нь юу вэ?
-1990 онд Ардчилсан хувьсгал ялаад 2012 он хүртэл БЗД-т ардчилсан ямар ч амьсгал байгаагүй. 2008-2012 оны хооронд дүүргийн Иргэдийн Хурал 35:0 харьцаатай Ардчилсан намаас нэг ч төлөөлөгч байгаагүй. Доод шатандаа 100 хувь МАН гарч байсан. Одоо СХД яг ийм байгаа. СХД, БЗД хоёр нийлээд Улаанбаатар хотын нийт хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа юм. Улс төрийн хүчин болох болон олон мандаттай захиргааны нэгжийн удирдлагыг авахын төлөө зүтгэж байдаг нь бичигдээгүй хууль юм. Гэхдээ энэ хуулийн дагуу байх ёстой. БЗД энэ сонгуулиар УИХ-д МАН ялсан. Нийслэлд мөн ялалт байгуулсан тэгэхээр хаврын сонгуульд ялчхаад, намар болох сонгуульд өөрийн хамаарал бүхий томилсон хүмүүсээр сонгууль зохион байгуулаад хүссэн дүн нь гараагүй АН ялчихсан. Ингээд л тэд ийм зүйл байж болохгүй хүчээр нухчин даръя гээд л биднийг зовоож байна. МАН одоогийн байдлаар есөн дүүргийн зургааг нь удирдаж байгаа. Ингэж улайрах нь ямар их шунал вэ гэж харж байна. Үүнийг би ирэх 2020 оны сонгуулийн бэлтгэл ажил гэж харж байна.
-2020 оны сонгууль гэснээс та тус сонгуулиар нэр дэвших үү?
-Хувь хүний бодол бол дэвшмээргүй байна. Ийм хууль үйлчилж байгаа нийгэмд бид ялсан ч энэ хүмүүсээс айж байна. Хамт олон шийдвэр гаргаад болохгүй нөхдүүдтэй өрсөлдөө гэх юм бол тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өрсөлдөх байх.
-Дүүргийн ИТХ тун удахгүй хуралдана гэж байна. Та бүгдийн зүгээс юу гэж харж байна. Энэ нөхцөл байдал үргэлжилсээр байгаад 2020 оны сонгууль хүрэх юм биш байгаа гэсэн болгоомжлол байна уу?
-Энэ хууль бус үйл ажиллагааг дан ганц бид дуугараад дийлэхгүй байна. Иргэд маань бас дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байна. Шударга бус үйл ажиллагаанд нэг дүүрэгт хоёр Иргэдийн Хуралтай болчихсон энэ асуудлаа цэглээч ээ. Эрхэм хүндэт С.Амарсайхан даргаа та өөрөө хурлын дарга байсан хүн. Засаг дарга болоход нь БЗД-ээс сонгогдсон төлөөлөгч саналаа өгсөн ч тэрнийхээ хариуг өөр аргаар барьж болно. Заавал дүүргийн албан тушаалаар барьцаалаад дүүргийн ажлыг гацаахаа зогсоогооч ээ гэж гуйх гэсэн юм.
-Одоо БЗД-т үүсээд байсан бужигнаан намжсан уу. Та нарыг хорооны дарга нараа турхираад төрийн ажил явуулахгүй, дүүргийн захиргааны байранд эмх замбараагүй байдал үүсгээд байна гээд байгаа?
-Хэн нэгэн хүн үзэл бодлоо илэрхийлж байгааг хороон дарга нар зохион байгуулж байгаа мэтээр ойлгоод байна. Энгийн үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс зөндөө байгаа. МАН-ынхан хороон дарга нарыг биднийг турхираад байна гэж ойлгуулаад байна. Энд эрх нь зөрчигдсөн иргэд үзэл бодлоо илэрхийлж байгаа шүү дээ. Үүнийг нь эд нар нөгөө Пүрэвдаваа хүмүүсийг жагсаагаад байна гэж хэлээд байгаа юм. 7-р сарын 1-нд нэр дэвшээд ялагдсан хүмүүс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй сонгуульд ажилласан, санал өгсөн хүмүүс үзэл бодлоо илэрхийлж асуудал үүссэн дээ. Үүнтэй яг адилхан. Одоо хүмүүс өөрийнхөө эрх ашгийг хамгаалахаар жагсдаг болчихсон.
-БЗД-ийн хувьд хүн амын тоо хэт их болчихлоо. Дүүргийг хоёр хэсэгт хуваана гэдэг асуудал яригдсаар л байгаа. Дүүрэг удирдаж байсан хүний хувьд энэ асуудалд яаж хандаж ирэв. Ямар бодолтой байна вэ?
-Миний хувьд өрсөлдөөн хөгжлийг авч ирдэг гэж хардаг. Дүүргүүд хоорондоо өрсөлдөх боломжийг нь хангахгүй нийслэл гэсэн призм зангидаад төвлөрөл бий болгочихсон. Тэгснээс дөрөв, таван дүүрэг болгоод бодлогоороо уралдаад явбал иргэн хүн сонголтоо хийгээд амьдрах хэрэгтэй гэж бодож байна. Жишээлбэл Америкт би Калифорни нь мужид амьдрахгүй, өөр мужид амьдарна гэдэг шиг. Миний хувьд Баянзүрхээ хот болгоод хот бүр өөрийн татвар төлөгчдийн мөнгөө тус тусад нь аваад хоорондоо өрсөлдөөсэй гэж боддог юм. Гэвч ийм эрхзүйн орчин нь өнөөдөр байхгүй байна.
-Танай дүүргийн гэр хорооллууд дахин төлөвлөлтөд орж нэлээдгүй хэсэг нь орон сууцанд орж байна. Та Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа хүний хувьд ямар бодлого чиглэлтэй, үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Нэгдүгээрт бид өрхийн орлоготой болгохоор ажиллаж байна. Гэр хорооллынхон бага орлоготой зээл ихтэй байгаа. Сүүлийн үеийн судалгаагаар гэр хорооллын айл өрх 800 орчим мянган төгрөгийн орлоготой. Үүний дийлэнх нь зээлтэй байна. Мөн улирлын чанартай ажлуудад ажиллаж юм. Ерөнхийлөгчийн зүгээс барьж байгаа бодлого бол хамгийн түрүүнд хүмүүсээ орлоготой болгох. Хүмүүсээ орлоготой болгохын тулд хүмүүсээ чадваржуулж, сургалт үйлдвэрлэлийн сургуулиудыг олноор нь бий болгож, мэргэжилтэй болгож ажиллуулна гэсэн бодлого явж байна. Урд хугацаа, дунд хугацаанд дагуул хотуудыг бий болгох байр суурьтай байгаа. Өнөөдрийн эрх барьж байгаа Засгийн газар бол богино хугацааны бодлого буюу ойрын хугацаанд түүхий нүүрсийг хэрэглэхийг зогсоож байна.
Ирэх сараас түүхий нүүрсийг хориглох гээд Засгийн газар хүн хүчээ хаяж байна. Тавдугаар сарын 15-аас 4600 хүн хяналт хийх гэж байна. Эдийн засгийн хууль, байгалийн хуулийг хэн ч дийлэхгүй. Хамгийн гоё жишээ бол Прусс гэдэг машин. Монголд явж байгаа 500 мянган машины 100 мянга нь энэ машин байна. Яагаад ийм болчихсон юм гэхээр арай хямд, бензин бага иддэг, татваргүй байна. Улсаас явуулж байгаа оновчтой шийдвэрийн нэг нь татваргүй болгосон явдал. Яг үүн шиг оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй. Хүчлэх биш зөв эдийн засгийн хөшүүрэг ашиглах нь зөв үр дүнд хүргэдэг гэдэг нь энэ жишээгээр харагдаж байна. Тэгэхээр яавал өрхийн орлого нэмэгдэх оновчтой шийдвэр гарах вэ. Яавал энэ их эрчим хүч энергийг ихээр хэрэглэж байгаа явдлыг хязгаарлах вэ гэдэг дээр оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй.
-Та Засгийн газрын энэхүү шийдвэрийг оновчгүй шийдвэр гэж хэлээд байна уу?
-Миний харж байгаагаар үр дүнгээ өгөх эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Эд нар энэ ажлынхаа хажуугаар зөвхөн намынхаа гишүүдийг ажлын байртай болгож байгаа юм шиг харагдаад байна. 4600 хяналтын хүн байна гэх мэтчилэн. Үүний оронд гэр хороололд байрлах найман нэрийн дэлгүүрүүдэд, аж ахуй нэгжээ энэ үйл ажиллагаанд хамруулах хэрэгтэй. Бэлэн болчихсон бүтэцтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй гэж би хараад байгаа юм. Тэгэхгүй хөндлөнгөөс нь улсын мөнгө, татвар төлөгчдийн мөнгийг зэрэгцүүлээд шинээр бүтэц байгуулаад байгаа юм шиг харагдаад байгаа. Үүнийг ирэх сарын 15-наас сайтар ажиглах л хэрэгтэй. Өчигдөр би Н.Цэрэнбат сайдын хорооны хурал дээр суусан. Цагдаагийн байгууллага, МХЕГ бид нар хянаж дийлэхгүй шүү гэж байсан. Тавдугаар сарын 15-наас Засгийн Газрын 62-р тогтоолыг хэрэгжүүлэх ажиллах юм билээ. Энэ тогтоол хэрэгжсэнээр Улаанбаатар хотод нэг ч түүхий нүүрс шатахгүй, шатаах юм бол зөвхөн уурын зуухнууд ашиглана гэж байсан.