МАСАЯА ФАНТАСИСТА: ДИЖИТАЛ ЭРИН ДЭХ АНАЛОГ АВИА
Монголын сонсогчидод жазз, хип хоп хөгжим, пянзны соёлыг түгээхэд хувь нэмэр оруулсаар ирсэн “Дунд гол” продакшн хөгжим сонирхогчдын эчнээ танил Японы Jazzy Sport пянзны дэлгүүр, продакшны эзэн DJ Масаяа Фантасистагийн тоглолтыг дөрөвдүгээр сарын 20-нд ICС тауэрийн 19-р давхарт байрлах Лава клубт зохион байгуулах гэж байна. “Дунд гол” продакшн өмнө 2009 онд Jazzy Sport-ийн өөр нэгэн уран бүтээлч Mitsu The Beats-ийг Монголд урин тоглуулж байсан юм.
Масаяа Фантасиста нь хүсэл мөрөөдлөөрөө амьдрахыг хүсэгч залуусын үлгэр жишээ болсон нэгэн билээ. Зогсолтгүй шинийг эрэлхийлэгч тэрээр жазз, фанк, соул, хип хоп урсгалаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд Японы болон Европын авьяаслаг уран бүтээлчидтэй хамтран Breakthrough, Physical Sound Sport, Tettory BLK зэрэг хамтлаг, төслүүд мөн “Cinema Caravan” урлагийн төслийн хөгжмийн ба спорт контент хариуцсан удирдагч юм.
-Хамгийн түрүүнд хөгжимтэй хэрхэн холбогдсон талаар тань мэдмээр байна. Хүүхэд насны тань шүтээн хэн байв?
-Би таван настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн. Голлон сонгодог хөгжим мөн Рюүчи Сакамато зэрэг орчин үеийн хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг тоглодог байлаа. Харин аав ээж маань жазз хөгжмийн хорхойтнууд байв. Амралтын өдрүүдээр тэд өглөөнөөс орой хүртэл жазз сонсоно. Би ч эхлээд үүнийг нь үзэн яддаг байлаа. Харин дараа нь 14-тэй байхдаа хип хоп хөгжим сонсож байтал сэмпл нь аав ээжийн сонсдог байсан аянуудын нэг байдаг юм. Фредди Хаббардын Red Clay байсан л даа. Үүнээс хойш жаззад дуртай болж эхэлсэн дээ.
-Та 1990-ээд оноос хип хоп хөгжим сонирхож эхэлсэн гэсэн. Тэр үед ямар хөгжим голлон сонсдог байв?
-Old School, Native Tongues, Gangster Style, West Coast Style, Wu гээд л олон л юм сонсдог байлаа. Гэхдээ A.T.C.Q надад маш их таалагддаг байсан.
-Надад 90-ээд оны хөгжим одоогийнхоос хавьгүй чанартай байсан санагддаг. 60-70 аад оны хөгжим ч тэр. Та санал нийлэх үү?
-Би харьцуулж чадахгүй юм. Гэхдээ би чиний хэлсэнчлэн хуучны хөгжимд дуртай. Өмнө нь хөгжим одоогийн хөгжимөөс илүү хүсэл тэмүүлэлтэй, сүнслэг байсан юм шиг надад санагддаг. Хуучны уран бүтээлчид зөвхөн мөнгө олох бус басхүү өөрсдийн үзэл санаагаа нийтэд түгээх гэж оролддог байсан бол одоо харин бүх зүйл мөнгө болж хувирсан мэт.
-Миний хувьд Японы хип хоп хөгжмийг Nujabes-ээр мэднэ. Түүний хөгжим бусад хип хоп хөгжмөөс нэлээд ялгаатай санагддаг л даа. Японы хип хоп хөгжмийн онцлог нь юу бол?
-Миний бодлоор Nujabes японы хип хоп хөгжмийг тийм ч сайн төлөөлөхгүй болов уу. Түүний хөгжимд гадаадын хип хоп хөгжмийн нөлөө их. Магадгүй Японы хип хопын онцлог нь илүү зөөлөн аялгуу байх.
-Сүүлийн үед ямар цомог сонсож байна?
-Африкийн хөгжим, 70-аад оны жазз, соул, харуудын хөгжмийн мөн чанарыг агуулсан шинэ техно сонсож байна.
-Таны хөгжмийн таашаалд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн уран бүтээлчид гэвэл?
-Jay Dee, Fela Kuti, The Roots, IG. Culture нарыг нэрлэх байна.
-Өнөөгийн дижитал эрин үед продюсер байхын давуу болон сул тал юу вэ?
-Их олон зүйл өөрчлөгджээ. Хүмүүс хөгжим, мэдээлэл аль алийг нь маш амархан олж авах боломжтой болж. Миний бодлоор энэ нь сул ч талтай давуу ч талтай юм шиг. Одоо хүмүүс сонирхож, гайхаж, хичээл зүтгэл гаргалгүйгээр мэдлэг олж авах боломжтой болж. Нэг бодлын сайхан ч юм шиг нөгөө бодлын ямар ч утгагүй мэт.
-Уран бүтээлчийн хувиар таны хамгийн том амжилт тань юу вэ?
-Надад гаргасан амжилт байхгүй ээ. Жазз Спортын хөгжмийг дэлхий даяар түгээж яваа гэдэг маань л намайг жаргалтай байлгахад хангалттай.
-Тэгвэл ДЖ-ийн хувиар та юунаас таашаал авдаг вэ?
-Миний хөгжимд инээмсэглээд бүжиглэж байгаа хүмүүсийг харах хамгийн том таашаал. Миний энэ таашаал хэзээ ч өөрчлөгдөөгүй.
-Яагаад манай улсад зочилохоор шийдэв?
-Надад Монголын байгаль, соёл за ер нь бүх л зүйлс таалагддаг. Би хүчтэй хүмүүст дуртай. Хүчирхэг хүмүүс хүн гээч бодгалийн сул талыг мэддэг гэж боддог юм. Тийм хүмүүс байгалийг хүндэтгэж, түүнд ойр амьдардаг. Миний хувьд Монголчууд бол сүнслэг, гайхалтай хүмүүс. Би “Дунд гол”-ын Болдоог олон жилийн өмнөөс мэднэ. Тэгээд Болдоо болон түүний найзууд, монгол хүмүүстэй уулзаж, хамтдаа цагийг өнгөрөөвөл гоё байна даа гэж бодсон
-Монгол хөгжим сонсож үзсэн үү?
-Хөөмий. Үнэхээр гайхалтай.
-Монголд ирээд хамгийн түрүүнд юу хийнэ гэж бодож байна?
-Нэг их гүнзгий амьсгаа авах байх.
-Жаззи Спорт шиг андерграунд лебелүүдийн хувьд мэйнстрийм лебелүүд ноёлох болсон өнөөдрийн хөгжмийн зах зээл дээр тэсэж үлдэхэд амаргүй. Өнөөгийн хөгжмийн салбарт танайх шиг андерграунд лебелүүдэд тулгардаг хамгийн хүнд шалгуур нь юу вэ?
-Тийм ээ, чиний зөв. Гэхдээ хэрэв чи зөвхөн мөнгөний төлөө ажиллаагүй бол, чамд тэмүүлэл, итгэл найдвар, зорилго байвал ямар ч шалгуурыг давж гарч чадна. Би энэ дижитал эрин үед пянзны дэлгүүр ажиллуулдаг. Үүнээс илүү хэцүү шалгуур бий гэж үү?
-Өнөөдөр Жаззи Спорт чамгүй алдартай. Тэгвэл энэ хүрсэн амжилтын нууц нь юу байсан бол?
-Чиний ингэж хэлж байгаа чинь л надад их үнэ цэнтэй байна. Би хөгжим ба спортоор нэгэн ертөнцийг бүтээхийг хүсдэг. Би Жаззи Спортыг энх амгалан дэлхий ертөнцийн нүүр царай, үндэс суурь нь байгаасай гэж боддог. Өнөөдрийг хүртэл амжилттай байсан гэхгүй. Гэхдээ өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байж, хүссэн газраа зориж, хүссэн зүйлээ хийхийг эрхэмлэсээр ирсэн. Бидэнд хэрэгтэй бүхэн мөнгөн дээр биш харин хамтдаа найрсан оршихуй дээр тогтож байдаг. Ирээдүйн хүүхдүүдэд зориулан илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээхийг хүсдэг.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Өдөр бүхэн л өөр байдаг даа. Заримдаа дүрс бичлэг хийнэ, заримдаа монтажлана. Зарим өдөр мужаан, зарим өдөр нь хөгжимчин. Заримдаа хүүхдүүдтэй тоглоно, заримдаа зүгээр л амарна.
-Хэтэвчиндээ ямагт авч явдаг зүйл гэж байдаг уу?
-Монголчууд хэтэвчиндээ ямар нэг юм авч явдаг юм уу? Гэр бүлийн зураг эсвэл сахиус гэж үү? Надад тийм зүйл байхгүй. Бүр мөнгө ч байхгүй шүү. /Инээв/