С.Эрдэнэ: МАН дотоод асуудлаа нам дотроо шийдэх ёстой

С.Эрдэнэ: МАН дотоод асуудлаа нам дотроо шийдэх ёстой


6 жил 2811

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-АН ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргаж, бүлэг дэмжиж байгаагaa илэрхийлэн, тогтоолын төсөл боловсруулна гэсэн. Энэ ажил эхэлсэн үү?

-Ээлжит бус сонгууль явуулах шийдвэрийг АН-ын Улс төрийн зөвлөл гаргаж, УИХ дахь АН-ын бүлэгт чиглэл өгсөн. Намын бүлэг энэ асуудлыг санал нэгтэй хүлээн авч, байр сууриа илэрхийлсэн. Бид удахгүй УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах тогтоолын төсөл боловсруулж, гишүүдээс гарын үсэг авна. Энэ ажил удахгүй эхэлнэ. Шударга үнэний төлөө гэж ярьж байгаа гишүүд тогтоолын төсөлд гарын үсэг зурах байх.

-Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан. Нөгөө талаас парламентын тогтворгүй байдлыг бий болгох вий гэсэн болгоомжлол байна?

-Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг ярилцаагүйбайгаа. Бид нам, бүлэг дээрээ ярилцах ёстой. Түүний дараа албан ёсны байр сууриа илэрхийлэх боломжтой. Тиймээс асуудалд нэг хүний байр суурь илэрхийлэх боломжгүй байна. Яагаад вэ гэвэл, энэ нь зөвхөн хэн нэгэн УИХ-ын даргатай холбоотой асуудал биш, төрийн эрх барих дээд байгууллага парламентын дархлаатай холбоотой асуудал юм.

1990 онд Үндсэн хуулийг боловсруулж, баталсан хүмүүс нэг юм харж, бодож хуулийг боловсруулсан байгаа. Ялангуяа, Б.Чимэд гуай энэ хуулийн эцэг гэгддэг хун. Тиймээс ч Үндсэн хуулийн дархлаанд анхаардаг. Улс орны бодлогыг тодорхойлдог. Үндэсний аюулгүй байдлын үзэл санааг гартаа барьж байдаг гурван хуний хувьд аль, аль нь дархлаатай ёстой.

Тэр дундаа парламентын спикерийн хувьд дархлаатай байх ёстой. Аль олонх болсон намын дарга нь УИХ-ын даргыг дуртай цагтаа сольж, Засаглалын тогтворгүй байдал гэдэгтэй адил парламент тогтворгүй байдал РУУ орох магадлалтай. Ер нь УИХ-ын даргад хариуцлага тооцох заалт бий. Тухайлбал, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан бол огцруулж болно гэсний дагуу Цэцийн дүгнэлтээр Ц.Нямдорж УИХ-ын даргын суудлаа өгч байсан.

Өөрөө л сайн дураараа өгсөн гэж байгаа болохоос үнэндээ Үндсэн хуулийн Цэцээр хууль Зөрчсөн гэж тогтоогдож байсан. Энэ мэт зохицуулалт нь байгаа. Тиймээс гишүүдийн олонхоор асуудал шийдэх нь хуулийн зөв хувилбар гэж харахгүй байна.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжих эсэх асуудлаар намын бүлгүүд байр сууриа нэгтгэх ёстой ч хүлээлтийн байдалтай байна. УИХ дахь АН-ын бүлэг хэзээ хуралдах вэ?

-Нэгдүгээрт, эрх барьж байгаа намын бүлэг хуралдахгүй байна. Ямар шийдвэр гаргах нь уу. Хоёрдугаарт, улс төрд өрнөж байгаа үйл явцыг ажиглаж байна. Тиймээс яарахгүй.

-Ер нь ЖДҮХС-гаас улс төрийн нөлөө бүхий хүмүүс зээл авсан асуудлаас үүдэн УИХ-ын парламентын үйл ажиллагаа гацсан гэж харж болно, Хариуцлагыг хэрхэн тооцох ёстой юм бол?

-Хулгайг жижиг, том гэж яриад байна. Гэтэл хулгай л бол хулгай шүү дээ. Жижиг хулгай, том хулгай гэж байхгүй. 10 мянган төгрөг хулгайлсан эмэгтэй давтан гэсэн үндэслэлээр 10 жилийн хорих ял авч байсан. Уг нь Монголын хууль иргэддээ тэгш үйлчлэх заалттай. Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байна. Би нэг зүйлд гайхаад байна. ЖДҮХС-гийн асуудал нь тэрбумаар нь тэгшитгэн хуваарилсан зохион байгуулалттай луйвар харагдаж байгаа юм. Ийм зохион байгуулалттай гэмт хэргийг “Зээл шүү дээ, эргээд төлөгдөнө”, “Ямар сүртэй юм бэ” гэж байна.

Зарим нь өмнө нь яригдаж байсан томоохон луйврын тоо хэмжээтэй харьцуулаад байна. Харин миний хувьд нэгэнт хууль, шүүхтэй орон юм бол том, жижигтээ биш хийсэн үйлдлийг нь шалгаж, тогтоох хэрэгтэй гэж байгаа. Харин гэм буруугүйг нь тогтоож, хариуцлага тооцохдоо учруулсан хохиролд нь таарсан шийтгэлийг ногдуулах биз. АН хариуцлага тооцоод явах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа.

-Зохих шаардлага, журмыг хангаад зээл авсан гэдгийг гишүүд хэлж байгаа.

-Хамгийн аюултай нь гурван хувийн хүүтэй зээл авч банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 36-40 хувийн хүүтэй хүүлж, иргэдийг хохироосон. Хоёрдугаарт, иргэдэд очих ёстой боломжийг эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа далимдуулж, ашиглана гэдэг нь өөрөө маш том гэмт хэрэг юм. Үүнийг жижигхэн зүйл гэж ярих нь туйлын буруу.

Ялангуяа, Монгол төрийн дээр сууж байгаа, ард түмнээс сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд ийм үйлдэл хийнэ гэдэг туйлын хариуцлагагүй юм. Засгийн газрын кабинетын гишүүд бараг тэр чигээрээ ЖДҮХС-гаас луйвар хийсэн байна. Би юу гэж харж байна гэхээр чуулган хуралдвал прокурор, хуулийн байгууллагаас энэ хүмүүсийн асуудал орж ирнэ. Тийм учраас ямар нэг байдлаар УИХ-ыг хуралдуулахгүй байх, бойкотлох, яриад байгаа УИХ-ын удирдлагуудыг солих, улмаар хууль хүчний удирдлагуудыг солих замаар өөрсдийнхөө гэмт хэргийн мөрийг баллах сонирхол байна уу гэж хардаж байна.

-АТГ-аас УЕП асан Д.Дорлигжавт эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Д.Дорлигжав танай намын гишүүн гэдэг утгаараа намын даргын байр суурийг асуух нь зөв байх?

-Д.Дорлигжав даргын хувьд төрийн хариуцлагатай олон албан тушаал хашиж байсан. Манай намын даргаар ажиллаж байсан. Хууль, шүүхийн байгууллага шалгаад, гэм буруугүйн асуудлыг тогтоох байх.

-Намын гишүүнээс хасах асуудал яригдах уу?

-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа учир хэнийг ч намаас хасах тухай асуудлыг ярихгүй. Харин шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, намын дүрэмд энэ талаар заалт байвал дүрмийн дагуу шийднэ. Зохицуулалт байхгүй бол тэр хүн хуулиар асуудлаа шийдүүлнэ гэсэн үг.

-Засгийн газар Салхитын болон Асгатын мөнгөний ордыг мэдэлдээ авлаа. Уг асуудалд танай нам ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Манай намын үзэл баримтлалын гол санаа бий. Баруун төвийн үзэл баримтлалтай. Тэр дундаа хувийн өмч, улс орны эдийн засаг зах зээлийн зарчмаар хөгжих ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энэ үзэл баримтлалаар бүх зүйлийг төрд авах замаар явах нь зөв биш. Хамгийн сонгодог жишээ Венесуэль байна. Нэг популист нөхөр гарч ирээд ард түмний өмчийг төрд авсан. Эцэст нь төр өөрөө хамгийн муу менежер байдаг гэдэг.

Тэр утгаараа том орд, нефтийн үйлдвэрүүд бүгд үнэгүйдэж, дэлхийд нефтийн баялгаараа тэргүүлдэг орноос маш олон сая хүн дүрвэж байна. Ийм байдал руу улс орныг оруулах аюултай. Мэдээж стратегийн орд газруудын тодорхой хувь төрд байх ёстой, газрын хэвлийн баялаг бүх ард түмнийх байна гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Энэ утгаараа иргэдэд үр ашигтай, хүртээмжтэй, ногдлыг нь егдөг байдлаар зохицуулалт хийх нь зүйтэй.

-Гаднын хөрөнгө оруулагчдыг үргээх вий гэсэн болгоомжлол байна?

-Бид өөрсдөө уул уурхайгаа хөгжүүлээд явах боломжтой орон биш. Тиймээс гаднын томоохон хөрөнгө оруулалтыг татаж, уул уурхайн ашигт малтмалаа үр ашигтай ашиглаж, зарцуулна. Ер нь сэтгэлийн хөөрөл, улс төрийн хийрхлээр аливаа асуудалд хандаад баймааргүй байна. Байдлыг харж байна.

-УИХ-ын зарим гишүүн маргааш эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Үүнд танай намын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар багтаж байгаа. Ер нь УИХ-ын гишүүд иргэдийг уриалж жагсаал зохион байгуулах нь хэр зохистой юм бол?

-Нийгмийн өмнө тулгамдсан улс төр, эдийн засгийн янз бүрийн асуудлаар иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсах, цуглах эрх нь нээлттэй байгаа. Харин эрх барьж байгаа нам хэний эсрэг жагсаад байгаа нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй жагсаал зохион байгуулж байгаад гайхаж байна. МАН-д бүх эрх мэдэл нь байна шүү дээ. УИХ-д 64-үүлээ сууж байна. Дээр нь намын дотоод асуудлаа нам дотроо шийдэх ёстой.

Гэтэл гудамжид гарч, иргэдийг турхираад, хэн нь хэнийхээ эсрэг жагсаад байгааг би сүүлдээ ойлгохгүй байгаа. Би үүнийг юү гэж харж байна вэ гэхээр, ЖДҮХС-гаас олон тэрбум төгрөг идсэн нэг хэсэг нь нэг бүлэг болчихсон. ЖДҮ-ийн нөхдүүд нь манлайлаад нөгөө хэдээ огцруулах гэж жагсаад байгаа юм уу гэж харж байна. Гэхдээ эцсийн үр дүн нь юү юм бэ.

Жишээ нь, М.Энхболд гэдэг хүн огцорч, улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал ахуй сайжирдаг бол хоёр гар, хөлөө өргөөд дэмжихэд бэлэн байна. Үүний ард гэмт хэргээ нуун дарагдуулах гэсэн өөр зорилго агуулсан санаа цухалзаад байгаа учир бид маш болгоомжтой хандаж байгаа.

-Таныг Нийгмийн даатгалын сангаас 58 тэрбум төгрөг завшсан хэргээр АТГ-т шалгуулж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Гурван сарын өмнө Баабар “С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сан (НДС)-гийн 58 тэрбум төгрөгийг ашигласан. АТГ-т шалгуулж байгаа. Худлаа гэвэл АТГ-аас асуугаарай” гэж олон нийтийн сүлжээнд тавьсан. Үүний дагуу би АТГ-аас лавлагаа авч, гүтгэсэн хэргээр нь цагдаад өгч, Баабар Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулсан байгаа.

АТГ-аас 58 тэрбум төгрөг нь ямар ч үндэслэлгүй, уг асуудлаар шалгаагүй гэсэн хариу албан бичиг надад ирүүлсэн. Мөн цагдаагийн байгууллагаас ямар нэг шалгаж байгаа асуудал байвал надад мэдээлэл ирүүлнэ үү гэж хандсан. Ийм асуудал байхгүй гэсэн албан бичиг ирсэн. Ер нь НДС-ийн мөнгийг завшсан гэсэн гүтгэлгийн шинжтэй яриа сүүлийн 10-аад жил намайг чиглэж байгаа.

Энэ талаар тайлбар өгөхөд, Н.Энхбаяр Ерөнхий сайд, Ч.Улаан Сангийн сайд байхад Засгийн газрын 272 дугаар тогтоол гаргаж НДС-г Төрийн сантай нэгтгэсэн. 2002 оноос хойш Сангийн яам, Төрийн сангийн мэдэлд байгаа. Нэг үгээр хэлбэл, НДС-гаас тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт гарахдаа Сангийн яамны холбогдох газар, хэлтсийн хяналт дор Төрийн сангаар дамжиж гардаг. Түүнээс бие даасан сан гээд хэн дуртай нь захиран зарцуулдаг зүйл байхгүй.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү