Т.Баярхүү: Авлига өгсөн хүн гурван жил хүртэл хоригдох шийтгэлтэй

Т.Баярхүү: Авлига өгсөн хүн гурван жил хүртэл хоригдох шийтгэлтэй


6 жил 2531

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ бусдаас хахууль авсан үндэслэлээр цагдан хоригдож шалгагдаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Хахууль өгсөн иргэнийг бас цагдан  хорьсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү.

-Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул энэ талаар мэдээлэх боломжгүй. Сургуулийн захиралд хахууль өгсөн гэх үндэслэлээр нэр бүхий иргэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Иргэд хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас болж ийм нөхцөл байдалд орж байна. Хахууль өгөх гэмт хэрэг нь гурван жил хүртэл хугацаагаар хорих хатуу ял шийтгэлтэй байдаг.

-Хахууль өгсөн, авсан хоёулаа адилхан ял шийтгэгдэх хуулийн зохицуулалттай болохоор энэ төрлийн гэмт хэрэг илчлэгдэхгүй байх шиг байна. Энэ зохицуулалтыг өөрчлөх боломж байгаа юу?  

-Шинээр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 22.5 буюу “Хахууль өгөх” гэмт хэрэг нь онцлог зохицуулалттай. Эрүүгийн хуулийн 22.5-ын 3 дахь хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан. Энэ нь хэрвээ иргэн өөрөө хүсээд, санаачлаад, зохион байгуулаад төрийн албан хаагчид хээл хахууль өгч ажил хэргээ бүтээсэн бол хуулийн энэ зохицуулалтад хамаарахгүй. Харин албан тушаалтан төрийн үйлчилгээ үзүүлэхдээ тухайн иргэнийг хясан боогдуулж аргагүй байдалд оруулсан байхыг ойлгоно. Товчхондоо иргэн  тухайн төрийн үйлчилгээг авахын тулд албан тушаалтанд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орж хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдээд, мөн  энэ тухайгаа сайн дураараа хуулийн байгууллагад илчилж, мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхын зэрэгцээ хахууль өгч авсан төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээнэ гэж тайлбарлаж болно.

-АТГ-ын энэ баривчилгааны дараа нийслэлийн зарим сургуулийн захиралтай холбоотой авлигын асуудлыг иргэд сошиалаар хөндөж байна?

-Хүүхдээ нэгдүгээр ангид элсүүлэх, эсвэл сургууль шилжүүлэн сургах зорилгоор сургуулийн захирал болон бусад холбогдох албан тушаалтанд хахууль өгч асуудлаа шийдвэрлүүлсэн, эсвэл энэ талаар мэдээлэл байгаа бол АТГ-т мэдээллээ ирүүлээрэй гэж хүсч байна. Сургуулийн захирал, сургалтын менежер нь таныг хүүхдээ сургуульд элсүүлэхийн тулд  хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулан хясан боогдуулах замаар хахууль авсан бол, мөн энэхүү үйлдлийг та сайн дураараа илчилж ирвэл таны авсан төрийн үйлчилгээ буюу хүүхдийг тань сургуульд нь хэвээр үлдээж танд ямар нэгэн эрүүгийн хариуцлага яригдахгүй гэсэн үг юм. АТГ-т үнэн зөв мэдээлэл ирүүлж иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй.

-Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг авлигаас ангид байлгах урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

-АТГ-аас нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх буюу төрийн өмчийн цэцэрлэгүүдийн элсэлтийг Нийслэлийн боловсролын газар 100 хувь цахимаар зохион байгуулах болсонтой холбогдуулан Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсэгт заасны дагуу цахим бүртгэл болон элсэлт, элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, урьдчилан сэргийлэх шат дараалсан ямар арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудад харьяаллын дагуу элсэх элсэгчдийн тоон мэдээг бодитой гарган харьяаллын бус элсэлтийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, боломжтой орон тоон дээр тодорхой шалгууртай нэгдсэн арга хэмжээний хүрээнд ил тод зохион байгуулах, энэ талаар олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллах зөвлөмж хүргүүлсэн. Бид хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь очиж танилцаж байна. Эрэлт, хэрэгцээ ихтэй үүнээсээ шалтгаалаад авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсч байгаа сургуулиудын элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтад оруулж олон нийтэд ил тод зохион байгуулдаг болгох чиглэлээр БСШУСЯ-тай хамтран ажиллаж байгаа.

-Хүүхэд нь цэцэрлэгт орж чадаагүй эцэгэхчүүд хандивын анги нээх хүсэлтийг эрхлэгч, дарга нарт санал болгодог. Авлига цэцэглэх нэг шалтгаан байж болох уу?

-Тийм ээ, байж болно. Боловсрол, эрүүл мэндийн салбарт үүсдэг авлига, ашиг сонирхлын зөрчил нь иргэн бүрт шууд хохирол, хүндрэл учруулдаг хүн бүрийн анхаарлын төвд байдаг эмзэг асуудал. Эрүүл мэндийн салбар дахь төрийн алдаатай бодлого, үйлчилгээний чанаргүй, хүртээмжгүй нөхцөл байдлаас шууд шалтгаалдаг. Эцэг эх бүр хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлэх, цэцэрлэгт хамруулахыг зорьж байгааг буруутгах аргагүй юм. Гэхдээ эцэг, эхчүүд тэр хүсэл, эрмэлзэлээ авлига өгөөд ч хамаагүй гүйцэлдүүлэх хэмжээнд хүргэж байна гэдэг нь үйлчилгээний чанаргүй, хүртээмжгүй байдалтай шууд холбоотой.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү