А.Мөнхжаргал: Хөдөө, орон нутагт жюү жицүгээр хичээллэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа

А.Мөнхжаргал: Хөдөө, орон нутагт жюү жицүгээр хичээллэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа


6 жил 3854

Монгол Улсад хоёр дахь удаагаа болж буй жюү жицүгийн олон улсын “Ulaanbaatar PRO” тэмцээнийг есөн орны 411 тамирчин зорин иржээ. Үүний сацуу хөдөө орон нутгаас ч олон бөх оролцож байна. Тэдний төлөөлөл болгон Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч А.Мөнхжаргалтай ярилцлаа. Тэрбээр жүдо, самбо, жиү жицүгийн төрлөөр олон шилдэг бэлтгэж байгаа юм. 


-Тэмцээний зохион байгуулалт, тамирчдын ур чадварын талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Зохион байгуулалт сайтай, орон орны тамирчид оролцсон сайхан тэмцээн болж байна. Би өсвөрийн ангилалд оролцох таван тамирчинтай ирсэн. 27 кг-д нэг шавь маань түрүүллээ. Бусад нь барилдахаар бэлтгэлээ базааж байна. Тэдний нэг нь өмнө нь Азийн АШТ, ДАШТ-д өрсөлдсөн туршлагатай. Бусад нь цагаан бүсний ангилалд барилддаг шинэ тамирчин. Шавь нарынхаа бэлтгэлийг сайн хангасан, нэлээд өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа. Би бас өрсөлдөнө, насанд хүрэгчдийн цэнхэр бүсний 94 кг-д. Бидний жиү жицүгээр оролцож буй долоо бил үү найм дахь тэмцээн.
-Хаа холоос Улаанбаатарт зорин ирж, тэмцээнд оролцох амаргүй. Тамирчдынх нь аав, ээж хамт ирсэн үү?
-Хараахан ирж чадаагүй. Би ганцаараа шавь нараа хариуцаж байгаа. Улаанбаатар хотод хоёр хоногийн өмнө ирсэн. Тамирчдын зардлын талыг нь улсаас даасан. Нийслэлд ирээд бөхчүүдийнхээ бэлтгэлийг МУБИС-т базаалаа. 
 

-Өмнө нь ямар амжилт гаргаж байв?
-Шавь С.Мөнх-Оргил маань өнгөрсөн УАШТ, Азийн АШТ-ий 34 кг-д түрүүлсэн. Тэрбээр саяхан АНЭУ-д болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, БНХАУ-д болсон хүүхдийн олон улсын наадамд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн. Би Азийн аварга болж, УАШТ-д үзүүрлэсэн. Мөн УАШТ-ээс Ихэрцэцэг мөнгө, Бямбадорж хүрэл медаль хүртсэн. 
-Хөдөө орон нутагт жиү жицүгийн спортыг хөгжүүлэх, тамирчин бэлтгэхэд хамгийн хүндрэлтэй зүйл юу байна вэ?
-Манай аймагт жүдо, самбо бөхийн спорт өндөр хөгжсөн. Сүхбаатарт жиү жицүгийн спорт өндөр хөгжих бүрэн боломжтой. Энэ жилээс хичээллэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Бид бэлтгэлээ өдөрт 08.00-10.00, 10.00-12.00, 14.00-16-00, 16.00-18.00 цагийн хуваариар хийдэг. Манай аймагт жиү жиүгээр ямар нэгэн тэмцээн уралдаан болдоггүй. Тиймээс тамирчдынхаа ур чадварыг ахиулахын тулд Улаанбаатар зохион байгуулагддаг тэмцээнд өрсөлдүүлэхийг чухалчилдаг. Мөн тэмцээн зохион байгуулъя гэхэд дэвжээний асуудал хүндрэлтэй байдаг.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү