Д.Ган-Од: Хүүхдийн байршлыг мэдээлдэг ухаалаг цүнхээ эцэг эхчүүдэд зориулан бүтээсэн
Хүүхдийн байрлал, цүнхний жин, биеийн дулааны мэдээллийг эцэг эхийн гар утсанд хүргэдэг ухаалаг цүнх бүтээж, худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа Д.Ган-Одтой ярилцлаа.
- Юуны өмнө та өөрийгөө болон сурагчийн смарт цүнхнийхээ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
Юуны түрүүнд танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Д.Ган-Од гэдэг. “Дүйнхэр Тэргүүн” ХХК-ийн захирал. Манай компани электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2008 онд байгуулагдсан, одоо 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бидний гол зорилго бол дотоодын зах зээлийг шинэ технологи, инноваци шингээсэн бүтээгдэхүүн угсарч үйлдвэрлээд хангахаас гадна гадны зах зээлд нийлүүлэх явдал юм. Бид 2017 оны 1 дүгээр сараас эхлэн “Сурагчийн смарт цүнх” төсөл дээр ажиллаж байна. Смарт цүнх маань дэлхийн ихэнх орон, Хятад, Европын орнуудад байдаг смарт цүнхнүүдээс ялгаатай, тэдгээрээс давуу талтай. Гадны орнуудад зөвхөн гар утас, пад цэнэглэдэг, цэнэглэдэг цүнхнүүд байгаа. Мөн зарим нэг оронд GPS-тэй цүнхнүүд байгаа. Гэхдээ яг сурагч нарт зориулагдсан GPS-тэй, байрлал тогтоож, цүнх нь өөрөө жингээ мэдэрдэг, тухайн хүүхдийнхээ биеийн дулааныг хянадаг ийм смарт цүнх одоохондоо дэлхийд патентжуулаад гаргачихсан зүйл байхгүй. Энэ чиглэл дээр бид жилийн турш ажиллаж GPS-ээр байрлал тогтоодог, жингээ мэдэрдэг, биеийн дулаан мэдэрдэг цүнхний загвар гаргаад одоо туршаад явж байна. Уг цүнхээ бид энэ оны 7 дугаар сараас худалдаанд гаргахаар гарна. Цаашлаад бид Сингапур, Японд экспортонд гаргах зорилготой байгаа.
- GPS-тэй гэхээр их сонирхол татаж байна. Байршил тогтоогч нь хүүхдийг хаана явж байгааг хэрхэн тогтоодог талаар дэлгэрүүлнэ үү?
GPS-тэй цаг гэж байдаг. Гар утаснууд дээр бас GPS бий. Энэ зарчмаар ажилладаг. Бид нар бага насны, ялангуяа 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд зориулж энэ цүнхээ бүтээж байна. Бага насны хүүхдүүдэд гар утас хортой байдаг болохоор бид бага насны, 1-5 дугар ангийн хүүхдүүдийг гар утас барьж эрүүл мэнддээ хохирол учруулахыг хүсэхгүй байгаа. Гар утас хүүхдийн тархины хөгжилд их сөрөг нөлөөтэй учраас аль болох гар утас хэрэглүүлэхгүй, түүний оронд дотроо GPS-тэй цүнхээр эцэг эхдээ хаана байгаагаа мэдэгдэж, нөгөө талдаа эцэг эхчүүддээ цүнхнийхээ байршлаар өөрийгөө хаана байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ тэдэнтэйгээ ярих боломжийг өгнө. Цүнхэн дотор байгаа жижиг GPS төхөөрөмж маань хүний тархи толгойноос хол учраас хор хөнөөл үзүүлэхгүй. Гар утсыг нүүрэндээ нааж ярьдаг болохоор хор хөнөөл нь шууд тархинд хүрдэг. Бид цүнхэн доторх жижиг төхөөрөмжтэй нь холбогдсон нарийн бугуйвчийг гарт нь зүүлгэхээр өгөх бөгөөд уг бугуйвчаар эцэг эхтэйгээ ярих боломжтой. Эцэг эхчүүд хүүхдийнхээ байрлалыг тогтоохдоо гар утас руугаа ороод харж болно. Цүнх болгон өөрийн гэсэн ID буюу тусгай кодтой. Энэ кодыг манай аппликейшнийг гар утсан дээрээ суулгасныхаа дараа оруулаад хүүхдийн байрлал болон бусад зүйлийг хараад байх боломжтой.
- Цүнхний жинг бас мэдээлдэг гэсэн байна л даа. Их дэвтэр ном үүрч явснаас болоод бага насны хүүхдийн нурууны хөгжилд их муугаар нөлөөлж байгаа
Бид нар жил болгон энэ мэдээллийг сонсч байна. Сүүлийн үед энэ талаар их ярьж байгаа. Гэсэн ч хүүхэд яг хэдэн кг жин үүрч байгаа талаар баталгаатай баримт нотолгоо байхгүй ярьж байна. Харин манай цүнх баталгаатай баримт нотолгоог ил болгоно. 1 дүгээр ангийн хүүхэд хэдэн кг жин үүрч байна, 5 дугаар ангийн хүүхэд хэдэн кг жин үүрээд яваад байгаа юм гэдгийг смарт цүнхний тусламжтайгаар мэдэх боломжтой.
- Хүүхдийн биеийн дулааныг хэмжиж, халуурч байгаа эсэхийг эцэг эхчүүдэд мэдээлдэг гэсэн мэдээллээ тодруулаач?
Смарт цүнх маань хүний биеийн дулааныг мэдэрдэг. Хүний биеийн дулаан 36 градус байдаг бөгөөд эндээс ихэсч 37-гоос дээш болоход мэдрээд, энэ мэдээллийг эцэг эхчүүд рүү дамжуулдаг байх юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд халуурвал хэдэн градус халуурч байна гэсэн мэдээлэл эцэг эхчүүдийн гар утсанд очно. Жин мэдэрдэг, дулаан мэдэрдэг гэсэн энэ хоёр зүйл манай цүнхийг шинэлэг бүтээгдэхүүн болгож байна. GPS-ийн хувьд олон бүтээгдэхүүнд ашиглагддаг. Гэхдээ яг GPS-тэй сурагчийн цүнх одоогоор байхгүй байгаа. Бидний хувьд GPS-тэй сурагчийн цүнх бүтээж дээрээс нь жин мэдэрч, биеийн дулаан мэдэрдэг гэсэн хоёр нэмэлт зүйлийг оруулж өгсөн нь энэ бүтээгдэхүүнийг маань инноваци шингэсэн бүтээгдэхүүн болж байгаа юм.
- Цүнхний GPS-ээр хүүхдээ сургууль дээрээ байна, ирж очиж байгаа мэдээллийг авах юм байна. Цүнхээ алдлаа гэхэд GPS-ээр нь олох боломжтой биз дээ?
Цүнхэн дотор GPS байгаа. Бид нар энэ цүнхийг өнөөдөр худалдаанд гаргачихаад ингээд хөгжүүлэхгүй орхихгүй. Жил болгон цааш нь хөгжүүлээд явна. Цүнх, хүүхэд хоёр холдох тохиолдол байдаг. Хүүхэд цүнхээ орхичихоод яваад өгч болно. Энэ үед цүнх маань мэдээлэл өгч, “Надаас холдлоо шүү” гэдэг дохиог өгдөг болгож хөгжүүлнэ. Ер нь ингээд цааш нь хөгжүүлээд явах юм. Иймэрхүү хөгжүүлэлтүүдийг нэмэлтээр хийгээд явах боломжтой. Жишээ нь, гарт нь жижиг бугуйвч өгөхөд, тэр бугуйвч цүнхнээс холдлоо шүү гэсэн эцэг эхчүүдэд ч юм уу мэдээлдэг болгож хөгжүүлж болно. Гэх мэтчилэн дараагийн хөгжүүлэлтүүд байгаа. Ер нь бол цааш нь олон хөгжүүлэлтийг хийнэ.
- Хөгжүүлэлтийн талаарх мэдээллийг манай уншигчид их сонирхох нь ойлгомжтой. Та яг ямархуу чиглэлийн хөгжүүлэлтүүд хийх гэж байгаагаа тодорхой ярихгүй юу?
Саяын ярьсан хөгжүүлэлтээс гадна бидний бодож төлөвлөж байгаа бас нэг зүйл бол хүүхдүүд дуу сонсох их дуртай байдаг болохоор чихэвч зүүгээд яваад байдаг. Энэ нь эрүүл мэндэд муу, дээрээс нь замаар гарахад аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Тиймээс цүнхэнд нь жижиг спикер суулгаад өгвөл түүгээрээ дуу сонсоод яваад байх боломжтой гэж харж байгаа. Гэх мэтээр цаашаа маш олон төрлөөр хөгжүүлж болно.
- Энэ 7 дугаар сарын дундуур худалдаанд гарах юм байна. Үнийн хувьд хэд байх вэ?
Энэ наадмаар гаргана. Үнийн хувьд 100 мянган төгрөгийн үнэтэй.
- Танд миний асуугаагүй, хэлье гэсэн мэдээлэл байгаа юу?
Цүнх маань долгионы хамгаалалттай. Цүнхэн дотор байрлуулах жижиг төхөөрөмжнөөс долгион гарах бөгөөд уг долгион хүүхдийн нуруунд хүрч сөрөг нөлөө үзүүлээд байх магадлалтай. Тийм учраас цүнхний нуруутай нийлдэг хэсэгт долгион тусгаарлагчийг хийж өгсөн. Тэгэхээр хүүхдийн эрүүл мэндэд хор хөнөөлгүй.
- Цүнх маань ямар нэртэй билээ?
Одел /Odel/ гэдэг нэртэй. Манай компани Odel гэдэг брэндийг 2012 оноос эхлэн явуулж байгаа. Odel гэдэг камер гаргаж ирсэн. Odel гээд нарны эрчим хүчний системүүд гаргаж байгаа. Одоо бид нар Odel гэдэг цүнх гаргаж байна. Энэ брэндээ цааш нь хөгжүүлээд, 20-30 жилийн дараа “Самсунг”-тай эн зэрэгцэхүйц компанийг бий болгохыг зорьж байгаа.
- Ойрын хугацаанд цүнхээ хөгжүүлээд явах юм байна. Мөн үүний хажуугаар өөр зүйл хийхээр төлөвлөж байгаа юу? Тийм болохоор сонирхуулаач?
Манайд гудамжны ОО хүнд асуудал болоод байна. Тиймээс бид “Смарт OO” хөгжүүлж байгаа. Гудамжинд байрлуулчихвал хүмүүс картаа уншуулаад үйлчлүүлэх боломжтой. Дотроо цэвэрхэн, үнэр гарахгүй, үнэрийг нь соруулаад гаргачихдаг агааржуулагчтай, нарны панельтай байх юм. Гэрэлтүүлэг, агааржуулалт, мөн дулааны асуудлаа нараар шийднэ. Өвлийн улиралд өдөртөө 25, шөнөдөө 7 хэм дотроо дулаан байх шийдлийг гаргачихсан, бас л туршаад явж байна.
- Байгаль орчны яам 6 дугаар сарын 1-нээс нүхэн жорлонг хориглох гэж байгаа
Ер нь бол жуулчдын Монголд ирээд гол дургүйцдэг асуудал бол ОО болчихоод байна. Гадаад гэлтгүй Монгол хүмүүс бид ч гэсэн хүртээмжтэй, цэвэрхэн ОО-той байхгүй бол болохгүй байна.