Ц.Рэгзэдмаа: Театраас амьдралын үзэл суртал хэв маяг, олон өнцгийг харж сурч боловсрох боломжтой үнэхээр сайхан газар

 Ц.Рэгзэдмаа: Театраас амьдралын үзэл суртал хэв маяг, олон өнцгийг харж сурч боловсрох боломжтой үнэхээр сайхан газар


7 жил 3843

   Дэлхий нийтээр энэ өдрийг (03/27) олон улсын театрын өдөр болгон тэмдэглээд 57 дахь жилтэйгээ золгож байна. Иймээс бид театр гэх томоохон гал тогоонд ажиллаж амьдралыг сайхнаар харж, бүтээж чадсан нэгэн өндөр настантай хуучилж, сэтгэлийн үгийг нь сонссон юм.

Энэ эмээг Ц.Регзэдмаа гэдэг ХУД-ийн дөрөвдүгээр хорооны өндөр настан. Хэнтий аймгийн уугуул, хар багийн хараа муутай нэгэн. Тэрээр хэлэхдээ “Эмээ нь 1930-аад оны сүүлээр мэндэлсэн арван жилийн боловсрол надад байхгүй ээ. Битгий цочирдоорой хүүхдүүд минь. Тэр үед сургуульд сурах хүмүүс ховор хэцүү цаг үе байсан гэсэн ч эмээ нь хараа муутай гээд сурах боломжгүй байлаа. Жаахан байхад минь бүх хүмүүст цагаан толгой заана ижий аав минь сурах үед хормойноос нь чирэгдэж суугаад л нэрээ бичиж уншиж чаддаг болсон сон. Харин драмын театрт орж ажилласнаас хойш л өөрийн мэдэлгүй уншиж бичиж сурсан байсан шүү” хэмээн яриагаа эхэллээ.

-Та хэзээнээс театрт ажиллаж эхэлсэн бэ?

- 1970-аад оны эхэн үеэс л юм даа театрт үйлчлэгчийн ажилд орж ажиллаа. Орон гарантай ажлын байр солигдсон ч театртай холбоотой ажлаа 16 жил хийсэн байна гэж тэтгэвэр тогтоолгоход минь хэлсэн юм .  

-Театрт ажилласан он жилүүдийн дурсамжуудаасаа хуваалцаач?

- Сургуульд ч сурч боловсроогүй би гэдэг хүн Драмын театр гэх өнөр бүлд нэгдсэнээр бичиг үсэг сурч, амьдралаа залгуулах ажилтай, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд ч маш их дэмтэй сайхан олон арван зүйл үзээ харж туулсан юм. Анхандаа үйлчлэгч хийдэг байлаа, дараа нь ээлжийн зураг хатаагчийн ажил ч хийж байсан юм. Зарим үед сурталчилгааны зургуудыг хатаахын тулд шөнө ажиллах үе их гардаг байсан юм. Төрийн шагналт, Ардын жүжигчин зохиолч Э.Оюун гуай бид хоёр ихэд хуучлах дуртай хүмүүс байсан. Э.Оюун гуай Миний ээлжийн ажилтай өдөр ирж зохиолоо бичиж ярилцаж, маргах их дуртай байж билээ.

-Таны бодлоор энэ театр хэмээх гэр бүл өөрийг тань хэрхэн өөрчилсөн бэ?

- Жилд олон арван тоглолт уран бүтээлүүд тавигдаж тэр болгоноос би гэдэг хүн амьдралыг харах өнцөг тэлэгдэж, сэтгэлгээ сууж байсан. юм шүү. Энд ажилласнаар би дөрвөн хүүхдээ сайн сайхан өсгөж, өдий зэрэгт өсгөсөн юм шүү дээ. Нөхрөө нас барснаас хойш би гэдэг хүн тун их хичээж хүүхдүүдээ өсгөсөн. Ний нуугүй хэлэхэд зарим хүмүүс манай хүүхдүүдэд хувцас хунар хүртэл өгдөг байлаа. Тэр үед 10 төгрөг гэдэг чинь нэг килограм мах, гурил авчих их мөнгө байсан. Тэгэхэд л гэртээ ирээд нэг цонх арчаад өгөөч гэж гуйгаад 10 төгрөг өгч байсан хүмүүс байсан.  

 

-Таны хүүхдүүд одоо юу хийдэг хүмүүс вэ?

-Дөрвөн сайхан хүүхэд төрүүлсэн. Үүнээс хоёр охин минь багш, том хүү маань бурхан болсон, бага хүү маань нүдний хараа муу учраас грүпд байдаг. Том охин минь гадаадад тэтгэлгээр сурч, ажиллаж эндээ ирээд багш болсон одоо бол тэтгэвэрт суусан шүү. Охиныг минь сургуульд явахад савхины оёдол зүүдлээр гоё савхи хийж байсан сайхан дурсамж бий. Харин одоо бол миний том охин тэтгэвэртээ гарсан. Харин бага охин минь удирдлагын академид багшилдаг, би ч их азтай хүн надад бурхан шиг хүргэн заяасан. Охиноосоо нууж зөвлөлдөж шийдэх ч юмтай, сайхан хүргэнтэй хүн дээ.

-Таны хараа хэзээнээс муудсан бэ?

-Том хүүгээ 2006 онд 12-р сарын 31-нд санаандгүй, харамсалтай байдлаар алдсанаас хойш нүдний хараа ихэд муудсан. Одоо бол нэг нүдээрээ зөвхөн хаана юу байгааг бүрсийлттэй буюу баримжаагаар л хардаг. Харин нөгөө нүд маань ширгээд эхэлчихсэн. Нүдний эмчилгээний хувьд нүдний болор солиулах хагалгаанд орсон. Гэхдээ тэр болор минь сольж болдоггүй захиалгаар зөвхөн тэр хүндээ хийдэг болор байсан. Тиймээс солих боломжгүй . Гадагшаа явж зөвхөн хиймэл нулимс хийлгэж байгаа.

-Регзэдмаа эмээ VIVA CITY хороололд нэг өрөө байранд ганцаараа амьдардаг. Тэрээр эндээ амьдраад дөрвөн жил болсон. Олуулаа байх хэцүү, хүүхдүүд шуугилдаад байдаг болохоор ингээд байх нь амар. Хүүхдүүд байнга ирж хэрэгтэй юмс хоол хүнс бэлдэж, хувцас хунар угааж цэвэрлэж өгдөг шүү хэмээн хуучилсан юм. Түүний захиж хэлсэн чин сэтгэл нь:

“Би театрын хамт олондоо маш их баярлаж талархдаг. Миний үед ажиллаж амьдарч байсан олон хүмүүс одоо байхгүй ч ирээдүй хойч болсон энэ хүмүүст сайн сайхныг хүсэхийн сацуу олон улсын театрын өдрийн мэндийг дэвшүүлье.  Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн уламжилсан юм.

Нийт жүжигчид, театрын уран бүтээлчид, ажилчдад олон улсын театрын өдрийн баярын мэндийг хүргэе.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү