УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ОРОЛЦОО ҮР ДҮНГЭЭ ӨГСӨӨР БАЙНА


7 жил

   Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, идэвх, санаачлага өрнүүлэн ажиллаж буй байгууллага, аж ахуй нэгж, хороо, иргэдийн санал санаачлага, туршлагыг сурталчлан ажиллаа.

Энэхүү ажлын хүрээнд:

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо нь орон нутгийн төсвийн хөрөнгө, Сууц өмчлөгчдийн холбоо, иргэдийн сайн дурын санаачлагад тулгуурлан сүүлийн 3 жилийн хугацаанд хариуцсан нутаг дэвсгэр, байрны орц, лифт, гудамж, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний цэгүүдэд 180 гаруй хяналтын камерыг байршуулснаар тус хороонд 2017 оны эхний 10 сард 94 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар буурсан,

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний сүлжээ” дэлгүүр нь цагдаагийн хэлтэс, хорооны Засаг даргатай хамтран ажиллах “Гурвалсан гэрээг” байгуулж, сар бүр 6-8 ажилтныг хэсгийн байцаагчийн хамт эргүүлд ажиллуулснаар тухайн ойр орчимд бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурсан үр дүнтэй,

Сонгинохайран дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис СООСЭ их сургууль, “21 шөнийн зах худалдааны төв” ойр орчимдоо 74 ширхэг хяналтын камер суурилуулан “Оюутан-Эргүүл” ажиллуулснаар 2017 онд дээрх аж ахуй нэгжүүдийн ойр орчим гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй,

Сонгинохайран дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” төрийн бус байгууллага цагдаагийн хэлтэстэй хамтран 16 ширхэг хяналтын камер байршуулснаар тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй,

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн Г.Цэрэндолгор өөрийн хөрөнгөөр гудамжиндаа 7 ширхэг хяналтын камер байршуулснаар тухайн орчинд үйлдэгдсэн 3 гэмт хэргийг камерын бичлэгийн тусламжтай илрүүлсэн байна.

Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, амжилт үр дүн гаргасан эдгээр байгууллага, аж ахуйн нэгжийн сайн туршлага, шинэ санаачлагыг олон нийтэд хүргэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь дан ганц хууль хяналтын байгууллагын үүрэг бус, иргэн бүрийн, аж ахуйн нэгж бүрийн үүрэг гэдгийг ойлгуулж, урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллахыг уриалсан ач холбогдолтой байлаа.

Цаашид Нийслэлийн цагдаагийн газраас нийслэл хотын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүсчилсэн багийн хэлбэрээр зохион байгуулж, урьдчилан сэргийлэх ажилд амжилт үр дүн гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн сайн туршлага, санал санаачлагыг дэмжин, сурталчлах ажлыг тасралтгүй зохион байгуулна хэмээн мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү