“ТЭЦ 4”-ийн дэд станцад гарсан галыг 18 минутад бүрэн унтраажээ


7 жил

    Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны IV цахилгаан станцын хашаан доторх дэд станцад гал гарсан билээ.  Тодруулбал, ““ТЭЦ-4”-ийн хашаанд под станц шатаж байна” гэсэн дуудлага 2017/09/13 12:22 цагт ирснээр, НОБГ-ын таван анги ажиллаж галыг бүрэн унтраажээ.

  “ТЭЦ-4” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Дашдаваа "ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас 11.57 цагт  гал гарсан. Гэхдээ онцгойгийн албан хаагчид болон манай ажилчид шуурхай арга хэмжээ авсаны хүчинд галыг тархуулалгүйгээр 18-20 минутад бүрэн унтрааж чадсан. Одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. 3Т трансформатор бол Т3 гэдэг генераторын гаргаж байгаа цахилгааныг өсгөж, дамжуулах зориулалттай цахилгаан төхөөрөмж. 3Т трансфоматор засварт болохоор галын улмаас өөр бусад сүлжээнд гэмтэл гараагүй. Тийм болохоор станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Тус  трансфоматор нь 1984 онд үйлдвэрлэгдсэн 34 дэх жилдээ ажиллаж байна” хэмээн хэвлэлийнхэнд тайлбар өгсөн юм.

    Галын дуудлага ирснээс найман минутын дараа буюу 12:30 цагт Онцгой байдлын гал унтраах ангийнхан Дулааны IV цахилгаан станцад ирж, галыг 13.10 минутад бүрэн унтраасан байна. Энэ талаар НОБГ-ын дэд дарга Н.Нямхорлоо “Манай бие бүрэлдэхүүн анхны дуудлагыг аваад найман минутын дараа гал гарч буй газарт ирсэн. Дулааны IV цахилгаан станцын цахилгаан байгууламжийн хэсэгт гал гарсан. Хэрвээ гал газар авсан бол цахилгааны шугам, өндөр хүчдэлийн шугамууд галд өртөж, ихээхэн хор хохирол учрах байлаа. Гал гарах үед тус станцад өдөр тутмын үйл ажиллагаа явж байсан” гэсэн юм.

Галын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэгийн дараа тогтоох юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү