Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-ийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болжээ.

Мөн тус зөвлөгөөн  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага, Гэр бүлийн хөгжил, боловсролыг дэмжих сан төрийн бус байгууллага зэрэг салбар бүрийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан хүүхэд хамгаалал, хүүхэд хүмүүжлийн асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаагаараа онцлогтой.

Энэ зөвлөгөөн нь  монгол хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг, эхчүүдийн үлгэр дуурайл, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагын чухал болохыг тодорхойлж элгэмсэг монгол гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалан гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой 

Зөвлөгөөнд  нийслэл болон хөдөө орон нутгийн нийт  500 эцэг, эх оролцох бөгөөд  “Монгол хүүхдийн төлөвшлийн өнөөгийн байдал”, “Эцэг эхийн боловсрол-Төрийн бодлого” гэсэн сэдвийн хүрээнд явагдах гэнэ. Зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын тэргүүн, эцэг, эх, хүүхдийн төлөөлөл илтгэл тавих юм байна.

Мөн “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-ий энэ сарын 15-ны 08:00 цагт Хүүхдийн ордны их танхимд эхлэх бөгөөд салбар хуралдаанаар үргэлжлэх ажээ. Салбар хуралдаанаар “Сургуулийн өмнөх нас, сургуулийн бага нас ба эцэг эхийн хариуцлага”, “Сургуулийн дунд нас ба эцэг, эхийн хариуцлага”, “Сургуулийн ахлах нас ба эцэг, эхийн хариуцлага”  зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.