Нийслэлчүүдийн өвөлжилтийн бэлтгэл 72 хувьтай байна


7 жил

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулснаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 72 хувьтай байна. Дүүргүүдээр авч үзвэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаараа Хан-Уул дүүрэг тэргүүлж байгаа бол Багахангай дүүрэгт 52 хувь буюу хамгийн бага үзүүлэлттэй байгааг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн дарга нарыг ажлаа хурдасгаж, 9 дүгээр сарын 15 гэхэд нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангаж дуусгах үүрэг өглөө.

Дулаан, цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл 78.2 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл ажил 76.5 хувь, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын бэлтгэл ажил 72 хувьтай байна. 

Сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын хувьд нийслэлд энэ онд 13 цэцэрлэг, 10 сургууль шинээр ашиглалтад хүлээн авахаас 13 цэцэрлэг нь 80-100 хувийн гүйцэтгэлтэй, 10 сургуулийн хувьд 60-80 хувийн гүйцэтгэлтэй байна.

2017-2018 онд төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжтой болсон 4 сургууль, 1 цэцэрлэг, 2 эмнэлгийн байрны гадна шугам сүлжээ, дулаан дамжуулах  төв, холигч насосны узель хийхэд шаардагдах 515 сая 860 мянган төгрөгийг  НЗД-ын А/615 дугаар захирамжаар шийдвэрлэжээ. Мөн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1000 тн бодис, 1500 тн давс нэмж нөөцлөхөөр 555 сая төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү